Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Зах зээл

Төмрийн хүдрийн экспорт 10 сая тоннд хүрнэ

Монгол улс өнгөрсөн 2013 оны байдлаар 6.7 сая тонн төмрийн хүдэр экспортолсон нь манай улсын хувьд түүхэн дээд амжилт болж байна. Харин экспортын хэмжээ 2016 он гэхэд 10 сая тоннд хүрэх тооцоог Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо гаргажээ.

Монголын төмрийн экспорт жил ирэх бүр хурдацтайгаар өсөн нэмэгдэж буй юм. Улсын хэмжээнд төмрийн хүдрийн экспорт 2011 онд 5.8 сая тонн, 2012 онд 6.4 сая тонн болжээ. Одоогийн байдлаар Монголд төмрийн хүдрийн салбарт 15 компани олборлолт хийн Хятад руу экспортолж буй юм. Монголын төмрийн хүдрийн экспортын бүтээгдэхүүн нь үндсэндээ хуурай, нойтон баяжмал хэлбэрээр Хятад руу гарч буй юм. Цаашдаа “Монросцветмет”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Болд төмөр ерөө гол” болон бусад компани нойтон баяжуулах үйлдвэр байгуулахаар ажиллаж байна. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортолсноор энэ салбарын орлого нэмэгдэх боломжтой юм.

Өнгөрсөн оны хувьд Монголын төмрийн хүдрийн экспортын орлого улсын нийт экспортод 15.3 хувийг эзэлж, 650 гаруй сая долларт хүрчээ. Одоогийн байдлаар Монголын төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ нэг тонн нь 65-70 доллар байгаа ажээ. Хэрэв нойтон баяжуулах үйлдвэр ашиглалтад орвол экспортын орлого 40 хувиар нэмэгдэх боломжтой юм байна. Нөгөөтэйгүүр Монголын төмрийн хүдрийн нөөцийн хэмжээ дөнгөж нэг тэрбум тонн юм. Үүний батлагдсан нөөц нь 600 сая тонн. Иймд манай улс төмрийн хүдрийг аль болох өртөг шингээн экспортлох зайлшгүй шаардлагатай байна. Нөгөөтэйгүүр манай улсын дотоодын ган, төмрийн хэрэглээ жилд 500 мянган тонн байгаа бөгөөд цаашдаа эрчимтэйгээр өсөх хандлагатай байгаа юм. Одоогоор Монголын төмрийн хүдрийн экспортод 52 хувийн агуулгатай баяжмал нэлээд их хувийг эзэлж буй юм. Олон улсын зах зээлд төмрийн хүдэр, баяжмал 62-65 хувийн агуулгатайгаар худалдаалагддаг байна.

Монголын төмрийн хүдрийн зарим уурхайнуудын хүдэр дэх төмрийн агуулга нь 30-40 хувьтай байхад, Сэлэнгийн бүс дэх уурхайнууд нэлээд дээгүүр буюу 50 гаруй хувьтай байдаг ажээ. Харин Хятадын уурхайнуудынх маш доогуур байдаг тул тус улс хүссэн хүсээгүй гадаад эх үүсвэрээс төмрийн хүдэр, баяжмал худалдан авах нь ашигтай тусдаг байна. Харин Австралийн Пилбара, Бразилийн уурхайнуудын төмрийн агуулга маш өндөр байдаг нь олборлолтын зардлыг үлэмж хэмжээгээр бууруулж, өрсөлдөх давуу талын нэг болдог ажээ. Гэхдээ төмөр аль ч улс оронд хамгийн чухал стратегийн бүтээгдэхүүн байдаг учир маш нарийн бодлоготой ашигладаг байна.



Б.Төгс