Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Ярилцлага

Д.Даваа-Очир: Зүүн өмнөд Азийн орнуудад хайгуул, геологийн ажил хийхээр төлөвлөж байна

Хилийн чанадад геологи, хайгуулын ажил хийж байгаа Монголын “Sapphire Geo” компанийн Гүйцэтгэх захирал, Малайз дахь Asian Metal Exploration Consultancy компанийн Ерөнхий геологич Д.Даваа-Очиртой ярилцаа.

Ярилцсан Э.Оджаргал   




Геологичийн мэргэжлийг хаана, хэзээ эзэмшсэн бэ?
2003 онд ШУТИС-ийн геологийн сургуулийг төгссөн. 2008-2011 онд Япон улсад геологийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Одоо Монголдоо компани байгуулан хайгуулын ажил хийгээд явж байна.“Сапфир Гео” компанид өнгөрсөн нэгдүгээр сараас Гүйцэтгэх захирлын албыг хашиж байгаа.

Япон улсын Цукубагийн Их сургуульд суралцсан. Магистрын зэрэг хамгаалсан сэдэв маань “Монгол улсын Баянхонгор аймгийн Цагаан цахиур уулын алтны ордын гарал үүслийг тодорхойлох” тухай юм. Лаборатори талын ажил нь давамгайлсан л даа. Япон улсын геологийн судалгаа нэлээд өндөр түвшинд хүрсэн. Өнөөдрийн байдлаар далайн хайгуулын ажлаас өөр хайгуулын ажил гэж бараг байхгүй. Эх газрын хайгуул, геологийн ажил гэхэд 20-30 жилийн өмнө уурхайнууд нь хаагдсан болохоор геологийн залуу боловсон хүчин үгүй. Гэхдээ эрдэс судлал талаасаа чулуулгийн нас тогтоох, эрдэслэг бүрэлдэхүүний гарал үүслийн шинжилгээ хийх зэрэг лабораторийн судалгаа маш өндөр хөгжсөн байдаг. Тэндээс суралцах зүйл маш их. Миний хувьд судалгааг хэрхэн хийх аргачлалыг  эзэмшиж ирсэн. Мэдээж технологийн дэвшил гэдэг үүднээс маш их зүйлийг сурч авсан. Японы сургалтын арга барилын хувьд эрдэмтдийн хийсэн судалгаа хэр бодитой талаар маш их зүйл уншуулж, түүнд дүгнэлт хийлгэдэг. Үүнээс маш их юм суралцаж байгаа юм. Хоёрдугаарт, сурсан мэдсэн зүйлээ бусдад хэрхэн тайлагнах талаар эзэмшүүлж чаддаг санагдсан.

Геологич хэмээх хүнд хүчир, басхүү оюунлаг мэргэжлийг эзэмшиж буй хүн ямар чадвартай байх хэрэгтэй юм бол?
2003 онд биднийг сургууль төгсөөд   ажил дээр гарсан үеэс геологийн салбар нэлээд өөрчлөгдсөн гэж боддог. Гаднаас хөрөнгө оруулагчид олноор орж ирж ажил ихтэй болсон. Бидний өмнөх үеийнхэн GPS гэж хэрэглэж байсангүй. Байгалийн зөн, зүг чигээ баримжаалах, топокарт унших гэдэг тодорхой чадвар байлаа. Гэхдээ орчин үеийн техник технологийг даган хайгуулын ажил маш их хөгжиж, дэвшилттэй болж байна. Одоо бүх зүйлийг зөвхөн компьютерээр хийдэг болжээ. Нэг талаасаа ажил маш их хөнгөвчилж байгаа хэрнээ нөгөө талаас геологичдын чадварыг  их шалгаж байгаа.

Геологич хүнд хоёр төрлийн чадвар хэрэгтэй. Нэгдүгээрт,   шинжлэх ухааны мэдлэг юм. Өөртөө төсөөлөөд, тухайн газар дээр ажиллаад, геологийн түүхийг сэргээж бодох, тэрхүү талбайн талаарх геологийн мэдээллийг өөртөө шингээх нь  хамгийн гол чадвар байдаг. Үүнээс гадна тэр олж авч байгаа мэдээлэл, толгойдоо буулгасан дүр зургийг компьютерийн программд оруулж, тооцооллыг нь хийж, тайлан болгон гаргаж ирэх чадвар юм. Энэ хоёр чадварыг сайн геологич л эзэмшдэг.

Залуу геологичийн нүдээр манай улсын геологийн салбарт ямар бодлого хэрэгтэй гэж боддог вэ?
Манай улс эрдэс баялгаар  арвин. Судалгаа хийгээд  шинээр олон орд нээж байгаа ч  цаана нь огт судлагдаагүй газар бүр ч их бий. Судлагдсан хэрнээ хаяад явсан ордууд ч байгаа. Оюутолгой орд хэдэн компанийг дамжин нээгдсэн билээ дээ. Манай улсад геологийн судалгааг сайн хөгжүүлж, өндөр түвшинд хүргэе гэвэл лабораторийн судалгааг авч үзэх хэрэгтэй гэж боддог. Хайгуулын ажлын боловсон хүчин, хайгуул хийх тал дээр аль ч орноос дутахааргүй болсон.

Одоо манай улсад уурхай, хайгуул хийж байгаа газрын гүн гэвэл ихэвчлэн 200-400 метр ба дээд тал нь 1000 метр байна. Газрын гүнтэй харьцуулах юм бол энэ нь маш бага хэмжээ юм. Манай Монгол улс геологийн тогтоц, эрдэс баялгийн нөөцийн потенциал өндөртэй. Дэлхийн газрын гадарга гэдэг хэчнээн км зузаан билээ. Ер нь бол эрдэс баялаг гэдэг ойрын хэдэн зуун жилдээ дуусаад алга болохгүй байх. Технологи өндөр хөгжсөн өнөө цагт энергийн эрдэс баялаг нүүрс, газрын тосноос бусад металын ашигт малтмал нь бүгд буцаад хаягдлаасаа аваад байх боломжтой болж байна. Тиймээс эрдэс баялаг дуусна гэж нэг их айх хэрэггүй болов уу. Мэдээж байгаль орчны талын асуудал маш чухал.

Геологи гэхээр л ухдаг, уурхайлдаг гэж зарим хүмүүс буруу ойлгоод байна. Гэтэл геологийн судалгаа, хайгуул болоод олборлолт, уурхайлалт гэдэг хоёр тусдаа асуудал юм. Геологийн судалгаа нь хүн төрөлхтөн амьдарч буй эх дэлхийгээ таньж мэдэх, энэ дэлхийд ирээдүйд хэрхэн яаж, дасан зохицож амьдрах ёстой талаар олох зорилготой. Одоо   өндөр түвшинд хөгжөөд явж байна. Геологийн хайгуул нь эдийн засгийн ач холбогдолтой нийгэмд хэрэгтэй эрдэс баялгийг нээж олох, түүнийгээ ашиглах зорилготой. Миний бодлоор геологийн хайгуул, судалгааг уурхайлалттай холбож асуудалд оруулмааргүй санагддаг юм. Жишээ нь, манай улсын хууль эрх зүйн байдлаас болж гадны хөрөнгө оруулалт муудсан гэж ярьдаг. Хууль эрх зүйн орчин нөлөөлсөн нь багахан болов уу. Дэлхийн уул уурхай, эрдэс баялгийн салбарт уналт болоод байна. Эдийн засаг хямарсан ийм үед зөвхөн Монгол улсад гэлтгүй ямар ч хөрөнгө оруулагч хөрөнгө мөнгөө хамаагүй цацаад байхыг хүсэхгүй. Манай улс геологи хайгуулд хуулиа бага зэрэг зөөлөн байлгах хэрэгтэй байх. Харин олборлох тал дээр хуулиараа чангалж болно шүү дээ.

Миний хувьд ажиллаж байсан хамгийн том орд бол Нарийнсухайтын нүүрсний орд юм. Түүний дараа Нүүрсний давхарга дахь метан хийн судалгааг “Сторм кат” компанид ажиллаж байхдаа хийж байсан. 2004-2007 онд Өмнөговийн нүүрсний сав газрууд, Төв аймгийн Цайдамын хөндий, Багануур, Төгрөгнуурт судалгаа хийхэд би геологчоор ажиллаж байснаа их ховор завшаан гэж боддог.
Монголд хамгийн анх удаа хэрэгжсэн “Нүүрсний давхарга дахь метан хий” судалгаан дээр хоёр гаруй жил ажилласан юм. Метан хий нь зөвсхөн нүүрсэнд байдаг гэж анх бодож байсан  нь үгүй юм билээ. Зарим метан хий элсэнд ч байж байх жишээтэй. Энэ судалгааг Монголд дахиад илүү сайн хиймээр санагддаг юм. 300-400 метрийн гүнд байгаа нүүрсийг ухаж гаргах биш тэнд нь хийг соруулж аваад ялгаагүй байгалийн хийтэй адил учир ашиглах боломжтой. Энэ нь байгаль экологи талаасаа ч технологийн хувьд ч тэр их сайн талтай.

Хилийн чанадад геологи, хайгуулын ажил хийж байгаа магадгүй Монголын анхны компани танайх болов уу?
Мэдээж олон геологичид хилийн чанадад ажиллаж байгаа. Харин олон улсад бүр компаниараа гарч ажиллаж байгаа талаар сайн мэдэхгүй байна. Бидний хувьд компаниараа ажиллаж байгаагаараа онцлог. Гадны компанид монголчууд ажиллаад байдаг. Харин Монгол компани гадаадад ажиллах нь цөөхөн. Нөгөө талаараа Монгол компани юм хийж чаддаг гэдгийг харуулахыг бид зорьсон.
Малайзын хамгийн гол эрдэс бялаг бол цагаан тугалга, алт, төмөр  байгаа юм. Энэ үндсэн гол металлууд дээр бид ажиллаж байна. Жишээ нь цагаан тугалга гэхэд Монголд олборлож байгаа орд маш цөөхөн, судалгаа ч маш бага хийгддэг. Тиймээс манай компанийн геологчид маш их туршлага сууж байна. Мөн англи хэл дээр тайлан бичнэ гэдэг бидний хувьд маш том сургууль болоод давуу тал болж байгаа юм. Олон улсын стандартад илүү ойртож байна гэсэн үг.

Манай компанийн нэг онцлог гэвэл геологи, өрөмдлөг, геофизик гээд хайгуулын бүх багийг Малайзад авч очиж байгаа. Одоогийн байдлаар тэнд “Танан Импекс” компани өрөмдлөг, геофизикийн “Галакси жео Монголиа” компани соронзон, IP буюу цахилгаан хайгуулын ажил хийж байна. Одоогийн байдлаар 4 геологич, 2 геофизикийн баг ажиллаж байгаа юм.
Цаашид бид ганц Малайз гэлтгүй Зүүн өмнөд Азийн орнуудад хайгуул, геологийн ажил хийхээр төлөвлөж байна. Тэнд үндсэн оффисоо байгуулж, Монгол геологичдоор олон улсын стандартад нийцсэн хайгуулын ажил хийлгэх зорилгоор ажлаа эхлүүлсэн. Одоогоор гурав дахь ажлаа хийгээд явж байна.

Яагаад Малайзад ажиллах болсон юм бэ?
“Сапфир Гео” компани маань 2003 онд байгуулагдсанаасаа хойш энэ салбарт хайгуулын ажил хийж байна Ингэхдээ зөвхөн Монголдоо ажиллаж байгаа ч дандаа л олон улсын стандарт гэдгийг барьж, ажил хийж байсан. Бидний хувьд олон улсын хэмжээнд ажиллах талыг судалж байсан юм. Манай хуучин хамтрагч болох Малайз хүн тус улсад хайгуулын ажил хийх боломж байгаа тухай хэлсэн. Тийнхүү “Сапфир гео” компанийг төлөөлөн хоёр улсын хамтарсан “Asian Metal Exploration Consultancy”компанийг байгуулж, энэ оны долдугаар сараас эхлэн Малайзад хайгуулын ажил хийж байна.Тус улс 50-60 гаруй жилийн өмнө цагаан тугалганы дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч байв. Тухайн үедээ ихэвчлэн шороон ордоо ашиглаж байсан юм билээ. Тэгээд эдийн засгийн хөгжил нь уул уурхай биш газар тариалан, аялал жуулчлал гэсэн бусад салбараа хөгжүүлэх болсон байна.

Геологийн бүтцийн хувьд Монголоос огт өөр. Эх газрын бүтэц тогтвортой болохоор 10 гаруй төрлийн эрдсийн ордуудтай. Одоо тус улсад геологийн боловсон хүчин гэсэн ойлголт бараг үгүй. Өнөөдрийн орчин үеийн технологид нийцсэн хайгуулын ажил маш цөөхөн. Геологийн судалгаа нь ерөнхий тоймлосон бөгөөд хайгуул хийсэн компаниуд нь Манайх шиг улсдаа тайлагнадаггүй. Ер нь ч геологийн судалгаа хийхэд их хүнд. Учир нь маш халуун орон, битүү ширэнгэн ой болохоор хайгуулын ажил хийхэд хүндрэлтэй байдаг. Малайзад олон улсын стандартад нийцсэн, хөрөнгийн бирж дээр гарах хэмжээний хайгуулын ажил хийгээд түүн дээрээ хөрөнгө босгодог жишиг цөөхөн юм билээ.

Манай геологчдод Малайзад ажиллахад ямар хүндрэл бэрхшээл гарч байна вэ?
Малайз нь тропикийн бүс учир халуун орон. Монгол геологичдын хувьд халуун нь маш хэцүү. Гэхдээ 2-3 долоо хоног ажиллаад эхлэхээр халуунд нь дасдаг. Бас нэг хэцүү зүйл бол хануур хорхой, шумуул, шавж нь арьсны харшил өгдөг. Малайзын хувьд манай улстай харьцуулахад дэд бүтэц сайтай болохоор шороон зам гэсэн ойлголт байхгүй. Тэр талаасаа зардал багатай. Мэдээж хүндрэл маш их. Жишээ нь, манайд геологийн ялангуяа зураглалын ажил хийхэд хамгийн түрүүнд агаар сансрын зургаа хараад тэндээсээ ерөнхий тайллаа хийж, хаагуур хэрхэн явах талаар бүх төлөвлөгөөгөө хийж болдог. Гэтэл Малайзад сансрын зургийг харахад битүү ой байдаг учир хаана, юу байгаа нь мэдэгддэггүй. Тиймээс бүх газрыг явган туулж харах шаардлага гардаг. Монголтой адил дурын газраа машинаар очно гэсэн ойлголт байхгүй нь их хүндрэлтэй.

Монголын геологчид олон улсад хэр үнэлэгддэг бол? Гадныхантай харьцуулахад манай геологчдын чадвар хэр вэ?
Манай маш олон геологич олон улсад ажиллаж байна. Геологичид маань олон улсад маш сайн үнэлэгддэг. Зөвхөн мэргэжлийнхээ чадвараас гадна хувь хүний зан чанар,  идэвх санаачилгаараа их үнэлэгдэж байна. Манай Монголын геологчид маш чадварлаг, оюуны потенциал өндөртэй. Айхтар номын дуу сонсож, судлаагүй хэрнээ ажлын туршлага болоод өөртөө ургуулан бодох төсөөлөл өндөртэй байдаг. Оросын номыг ихэвчлэн ашиглаж, бидэнд хичээл заадаг байсан байх. Сүүлд багш нар маань дэлхийн орнуудад явснаар манайхан барууны болоод Азийн өндөр технологитой орнуудын геологийн онолуудыг импортолсон. Ингээд бодохоор манайхан сайн гээд байгаа тэр дэлхийн онолуудыг цуглуулаад Монгол газар нутаг дээр суурьшуулчихаж байгаа юм.Энэ дундаас маш сайн зүйл гарч байна.Гэтэл барууны Канад, Австралийн геологичид хэзээ ч Оросын геологийн онолыг уншаагүй байгаа шүү дээ. Энэ нь манайхны   том давуу тал болж байгаа. Тэгэхээр онол, арга зүйн тал дээр бид маш сайн. Ганц хүнд¬рэлтэй зүйл бол лабораторийн судалгаа хийж чаддаггүй. Манайд хийгдэж байгаа лабораторийн судалгаа нь тухайн дээж болоод чулуунд агуулагдаж байгаа элементийг гаргаж ирдэгболохоос биш ямар гарал үүсэл, хэдэн хэмд бий болдог талаар судалгаа хийдэггүй. Үүнээс гадна манай геологичдын хувьд JORC, 43101 гээд олон улсын стандартын дагуу хийсэн  ажлыг баталгаажуулдаг тэр “гарын үсэг зурах эрх”-тэй нь Монголд цөөхөн байна л даа.

“Гарын үсэг зурах” эрхийг хэрхэн авдаг вэ?
Гарын үзсэг зурдаг эрхийг авахын тулд тухайн хүнд нөөц бодож байсан туршлага зэрэг өөрийн гэсэн түүх байх ёстой. Хоёрдугаарт, тэр туршлагад тулгуурлан өөр нэг гарын үсэг зурдаг эрхтэй хүн тодорхойлох хэрэгтэй. Үүний тулд бага зэрэг цаг хугацааны асуудал байх шиг байна. Мөн манай компаниуд өөрсдөө геологичдоо тийм зүйлд дэмжиж явуулах гэхээр олон улсын стандартаар нөөцөө бодуулж, батлуулсан компани байх шаардлагатай. Гэтэл манайд олон улсын хөрөнгийн бирж дээр гарч байгаа орд хэд билээ? Яг монголчуудын хувьд цөөхөн. Ихэвчлэн гадны хөрөнгө оруулалттай компаниуд орж ирээд хамаг ажлаа монголчуудаар хийлгэдэг хэрнээ яг гарын үсэг зурж, тайлан гаргахдаа гадаадын оффистоо гарын үсэг зураад л явуулчихдаг жишээтэй. Манай монгол компаниуд монгол геологичдоороо олон улсын стандартын тайланг бичүүлээд явах юм бол аяндаа олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө.