Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
MMJ-5

Салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авч чаддаг

“Эрдмин” компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Ц.Энхбаяр:

Монголд хэвлэл мэдээллийн маш олон хэрэгсэл байна. Тэр дундаас Mining Journal  сэтгүүл   ялгарах онцлогтой. Нэгдүгээрт, салбартаа чиглэсэн хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг тавьдаг. Би инженерингийн чиглэлээр гадны сэтгүүлүүд захиалж уншдаг л даа. Гадаад хэвлэлийн шуудангийн хүргэлт удаан тул бараг   2-3 сарын дараа ирэх жишээтэй. Тэр сэтгүүл дээр гарсан мэдээллүүдийг Mining Journal сэтгүүлээс 2-3 сарын өмнө авч чаддагтаа сэтгэл хангалуун байдаг. Түүнээс гадна зөвхөн сэтгүүлийн нийтлэл мэдээллээр үйл ажиллагаагаа хязгаарладаггүй нь хоёр дахь том онцлог нь.  Өөрийн сэтгүүлийн цахим хуудас болон www.news.mn сайт дээр уул уурхайн хуудас ажиллуулдаг. Би түүнийг байнга уншдаг. Уул уурхайн чиглэлийн сэтгүүл төдийгүй сайт, телевизийн студи зэрэг өргөн хүрээгээр мэдээллийг хүргэж чаддаг нь, бас хүргэж байгаа мэдээллүүд нь маш их таалагддаг. 

Гурав дахь том онцлогт нь би Mining Journal сэтгүүлийн хамт олны зохион байгуулдаг Mining Journal Awards шалгаруулалтыг хэлмээр байна. Бид “Эрдмин” үйлдвэрийнхээ технологийг хоёр жилийн өмнө энэ шалгаруулалтад нэр дэвшүүлээд шалгуур үнэхээр өндөр, бас шударга явагддагийг ойлгосон. Өөрсдийгөө эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа, бас нэлээд сайн технологитой гээд нэрээ дэвшүүлсэн ч шалгараагүй. Сүүлд протоколыг нь уншихад үнэхээр нарийн зүйлс яригддаг юм билээ. Шүүгчдийн бүрэлдэхүүн нь ч өргөн төдийгүй нэр хүндтэй мундаг хүмүүсээс бүрддэг. Дараа жил нь дахиад нэр дэвшүүлж, Шилдэг технологийн шагнал авсан. Манай хамт олон цөөнгүй  шагналтай. Тэдгээрээс хамгийн нэр хүндтэй, үнэлэмж, шалгуур өндөр  нь Mining Journal Awards-ын “Шилдэг технологи”-ийн шагнал. Манай зэс утасны үйлдвэрийн хүндэтгэлийн буланд энэ шагнал байдаг. Эхлээд бид үйлдвэрийнхээ захиргаан дээр шагналаа байлгаж байснаа зэс утас хийж байгаа үйлдвэр дээрээ тавья гэж шийдсэн юм. Манай ажилчдын дийлэнх нь залуучууд. Технологийн залуучууд маань энэ шагналыг аваад маш их урам зориг орсон.