Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining Journal Awards 2013

Mining Journal Awards 2013-ыг зарлахгүй байх нь хямралыг хүлээн зөвшөөрч, хувь нэмрээ оруулж буй хэрэг

Хямралыг давраахгүй

2013 он их сорилтын жил байв. Монголын уул уурхайг бүхэлд нь хамарч, өндөр өсөлтийн дараа уналт бууралт ирдгийг харуулж, арван гурван он сорьсон билээ.



2012 оны дунд үеэс эхэлсэн зах зээлийн уналтаас үүдэн 2013 онд Монголын уул уурхайн салбар бүхэлдээ хямралд орсон. Басхүү өндөр өсөлтөд сэтгэл цадсан бодлогын алдааг салбарынхан үүрсэн хүнд цаг. Салбарын компаниуд үйл ажиллагаагаа хумиж, томоохон төсөл хөтөлбөрүүдээ царцаан, зардлаа бууруулж, орон тоогоо цомхотгож, түүнийг дагалдах ажил үйлчилгээ үзүүлдэг компаниуд сул зогссон үе. Ийм үед уул уурхайн оны шилдгийг шалгаруулах нь хэр зөв бэ гэсэн эргэлзээ Mongolian Mining Journal-д байсан юм. Гэвч Шүүгчдийн Зөвлөлийн зөвлөгөө эргэлзээг өөрчилсөн билээ. Ямар ч үе цагт уул уурхайн оны шагналыг тасалдуулахгүй зарлах нь зөв гэсэн байр суурь Mining Journal Awards-ын шүүгчдийнх байв.     

Ялангуяа Б.Пүрэвтогтох шүүгч “Аливаа шалгаруулалтын ач холбогдол нь дараагийн жил үүнд орно шүү гэж бэлдэхэд байх ёстой. Бие даасан үйл ажиллагаа явуулж байгаа л бол хямарч байна уу, дэвжиж байна уу хамаагүй тогтвортой байх нь чухал. Тиймээс Mining Journal Awards 2013-ыг зарладгаараа зарлая. Нэрээ дэвшүүлэхгүй бол тэр л биз. Дэвшүүлбэл шалгаруулаад үзье, тэнцэхгүй бол нэг хэрэг. Дэвшил гараагүй бол ийм байна гэдгийг  үнэнээр нь хэлье. Хямралын хүндхэн үе байсан шүү гэж ярья. Амжилтыг янз бүрээр үнэлж болно шүү дээ. Нөгөө талаас Mining Journal Awards 2013-ыг зарлахгүй байх нь хямралыг даврааж, үнэн хэрэгтээ хүлээн зөвшөөрч, хувь нэмрээ оруулж байна гэсэн үг. Аливаа хөгжил өгсөж урууддаг нь жам ёс” гэсэн үгээрээ эргэлзээг бүрмөсөн тайлсан юм.

Тийм ээ, хөгжлийн алдаа оноо, мандал бууралт аль аль нь түүх болон үлдэнэ. Алдаа оноо, амжилт бүтээлийн мөчлөгөө адилхан түүх болгон үлдээхийн тулд хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй Монголын шилдэг компаниудыг нэрлэдэг Ёслол дөрөв дэх жилдээ зохион байгуулагдахаар болсон юм.

Он жил Монголын уул уурхайн салбарт ямархан ул мөр үлдээн одсоныг жил жилийн Awards-аас харж болдог. Тэр тусмаа тухайн жилд эрдэс баялгийн салбар ямар хувьсал өөрчлөлт, ололт амжилт, өсөлт бууралтыг даван туулж ирснийг нэр дэвшигчид, тэдгээрийг өнгөлсөн шилдгүүдийн үзүүлэлт илэрхийлж чаддаг билээ.

Арван гурван оны Авардс

Он жил Монголын уул уурхайн салбарт ямархан ул мөр үлдээн одсоныг жил жилийн Awards-аас харж болдог. Тэр тусмаа тухайн жилд эрдэс баялгийн салбар ямар хувьсал өөрчлөлт, ололт амжилт, өсөлт бууралтыг даван туулж ирснийг нэр дэвшигчид, тэдгээрийг өнгөлсөн шилдгүүдийн үзүүлэлт илэрхийлж чаддаг билээ.

Арван гурван оны Awards хуучин номинациудаа хадгалж үлдсэн юм. Гэхдээ Шүүгчдийн зөвлөлийн шийдвэрээр нэг номинаци хасч, шинээр нэгийг нэмсэн. “Шилдэг ханган нийлүүлэгч” номинацийг 2013 онд дахин зарлахгүй байхаар шүүгчид жилийн өмнө л санал нэгдэж байв. Монголын уул уурхайн салбарын тэргүүлэх ханган нийлүүлэгчид хүчтэй өрсөлдсөн арван хоёр оны шалгаруулалтад “Вагнер Ази” компани шилдгээр шалгарсныг Уншигчид санаж байгаа байх. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “Катерпиллар”-ийн тоног төхөөрөмж нийлүүлэгч тус компани “Шилдэг ханган нийлүүлэгч”-ийн хамгийн чухал үзүүлэлтийн нэг болох татвар төлөлтөөрөө хэнтэй ч харьцуулах аргагүй тасарсан өндөр үзүүлэлттэй гарсан юм. Түүнчлэн хэтрүүлж хэлэхэд, “Катерпиллар”-ийн техник, тоног төхөөрөмж ашигладаггүй уурхайг Монголоос эрээд олохгүй. Зах зээлд ийм том ноёрхол тогтоосон “Вагнер”-тай ойрын хэдэн жилдээ эн зэрэгцэн өрсөлдөх компани гарч ирэхгүй нь гэсэн үндэслэлээр номинацийг дахин зарлахгүй байхаар шийдсэн нь зөв ч байж мэднэ.  
       
Харин шинээр мэндэлсэн номинаци зөвхөн арван гурван онд хамаатай. Mining Journal Awards-ыг дөрвөн жилийн өмнө анх зарлахдаа “Дэлхийн уул уурхайн хөгжлийн шинэ технологи, стандартууд, түүнчлэн ижил бэрхшээл асуудлууд ч Монгол оронд адилхан тулгарч буй энэ цаг үед салбартаа амжилттай ажиллаж байгаа байгууллага, хамт олныг тодруулан нэрлэх нь туйлаас чухал билээ” гэж ач холбогдол, зорилгоо тодорхойлж байв. Өнгөрсөн жилүүдэд дэлхийн жишгийн дагуу Монголд уул уурхайн үйл ажиллагаа хэрхэн явж байгааг, уул уурхайн хөгжлийн шилдэг технологи, стандартууд Монголд хэрхэн бууж, нутагшиж байгааг, тэдгээрээс хэн нь үлгэрлэн манлайлж байгааг Mining Journal Awards хүндэтгэн нэрлэж ирсэн билээ.  
   
Харин арван гурван онд өөр нөхцөл байдал Монголын уул уурхайг угтсан. Сүүлийн хоёр жил дараалан манай улсын ашигт малтмалын экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ олон улсын зах зээл дээр уналттай байгаа. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын үнийн өндөр өсөлтийн дараах үеийг Монголын компаниуд туулж явна. Тиймээс жилийн онцлогийг илтгэх, эрсдэлтэй жилд компаниуд ямар менежмент хийснийг харуулах үзүүлэлт гаргая гэж Шүүгчдийн зөвлөлөөр нухацтай ярилцсан юм. Үр дүнд нь “Тогтвортой ажиллагааны үзүүлэлт” хэмээх номинаци бий болсон бөгөөд жил бүр зарлах албагүй гэж үзэв. Тэрхүү номинацид голлох байр суурьтай ажиллах санхүүгийн мэргэжилтнийг Шүүгчдийн зөвлөлдөө урьсан нь MICC хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгч Д.Ачит-Эрдэнэ байсан юм. Шинэ шүүгч шилдгийн шүүлтэд шинэ уур амьсгал оруулж ирж чадсан гэж сэтгүүлийн редакц үнэлж байгаа.    

Хэдийгээр уул уурхайн салбарт халгаатай хатуу жил байсан ч Монголын уул уурхайнхан бэрхшээлийн өмнө сөхрөлгүй, амсхийх завгүй хөдөлмөрлөжээ. Хямралыг боломж болгож хувиргахаар хичээн зүтгээд, бүтэн жилийн нөр хөдөлмөрөө цэгнүүлэхээр зориглосон нэр дэвшигчид цөөн атугай ч гарсан нь баярлууштай.

Хэдийгээр уул уурхайн салбарт халгаатай хатуу жил байсан ч Монголын уул уурхайнхан бэрхшээлийн өмнө сөхрөлгүй, амсхийх завгүй хөдөлмөрлөжээ. Хямралыг боломж болгож хувиргахаар хичээн зүтгээд, бүтэн жилийн нөр хөдөлмөрөө цэгнүүлэхээр зориглосон нэр дэвшигчид цөөн атугай ч гарсан нь баярлууштай. Мэдээж, өмнөх жилүүдтэй харьцуулахад нэр дэвшигчдийн тоо гурав дахин цөөрсөн. Ийм ч байх болов уу гэх төсөөлөл зохион байгуулагчид болоод шүүгчдэд байсан билээ.  

“Шилдэг уурхай”, “Уул уурхайн хариуцлагатай үйл ажиллагаа”, “Шилдэг эко уурхай”, “Шилдэг технологи”, “Хайгуулын шилдэг компани” гэсэн үндсэн таван номинаци дээр “Тогтвортой үйл ажиллагааны үзүүлэлт” нэмэгдсэнээр зургаан номинациар компаниудын амжилтыг шалгаруулахаар гуравдугаар улиралд зарласан юм.      
    
“Шилдэг уурхай”

Харьцангуй цөөн бөгөөд тэр хэрээр том нэр дэвшигчидтэй уг номинацид дөрвөн уурхай өрсөлдөв. Оюутолгой зэс-алтны уурхай, Ухаахудагийн коксжих нүүрсний уурхай, Шивээ-Овоо, Багануурын нүүрсний уурхай нэрээ дэвшүүлснээс хамгийн өндөр оноогоор арван гурван оны “Шилдэг уурхай” өргөмжлөлийг Багануурын нүүрсний уурхай хүлээхээр боллоо.
Mining Journal Awards-т нэр дэвшигчид өмнөх жилээс ахисан үзүүлэлтээрээ өрсөлддөг. 2010 онд “Монголын Алт” компанийн Нарийнсухайтын нүүрсний уурхай, 2011 онд Эрдэнэтийн Хүдрийн ил уурхай “Шилдэг уурхай”-гаар шалгарч, амжилтыг нь зарлан хүндэтгэж байв. Арван хоёр онд шүүгчид шилдэг уурхайг шалгаруулаагүй юм. Уул уурхайн салбарт учирсан бэрхшээлээс үүдэн Mining Journal Awards-ын үргэлжийн хүчтэй өрсөлдөгчид байсаар ирсэн нүүрс болон төмрийн олборлолт явуулдаг компаниуд сул зогссон жил байв. Түрүү жилээсээ өсөлт гаргаж чадаагүйн улмаас цөөн нэр дэвшигч өрсөлдсөн тул шилдэг уурхай шалгаруулаагүй. Арван гурван онд энэ дүр зураг бүр ч хүчтэй давтагджээ. Гэхдээ Багануурын уурхайн олборлолтын хэмжээгээ түүхэн дээд түвшинд хүргэж чадсан амжилтыг шүүгчид үнэлэхгүй өнгөрсөнгүй. 

“Уул уурхайн хариуцлагатай үйл ажиллагаа”

Энэ бол салбартаа жин дарах том компаниудыг өрсөлдөөнд дууддаг өндөр үүдтэй номинаци. Боловсруулалтын шат түвшин ахисан эсэх, ОҮИТБ-ын тайлан, ISO 26000, ISO 1400, ISO 1900, OHSAS 18001 зэрэг олон улсын жишиг, стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн эсэх гэсэн өндөр шалгуур давдаг энэ номинацид анхны жил гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд олноор нэр дэвшсэн уламжлалтай. Гэвч ганцхан жилийн дотор байдал эсрэгээр өөрчлөгдөж, арван нэгэн онд эх орны компаниуд зориглон өрсөлдсөн түүх ард үлджээ. Үндэсний компаниуд асар хурдтай өсөн өндийж, дэлхийн жишгээр үйл ажиллагаа явуулж эхэлснийг энэ номинаци харуулдаг. 2010, 2011 онд залуу “Энержи” эрч хүчтэй бүтээн байгуулалт, үйл ажиллагааны амжилтаараа бусдыгаа түүчээлж, номинацийг эзэгнэсэн бол 2012 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК нэвтрүүлсэн стандартууд, нийгмийн хариуцлагатай ажлуудаараа номинацийн эзэн болсон юм.

Харин арван гурван онд “Уул уурхайн хариуцлагатай үйл ажиллагаа” номинацид “Энержи ресурс” компаниас өөр нэр дэвшигч гарсангүй. Номинацийн бүхий л шалгуур үзүүлэлтийг “Энержи ресурс” хангаж, шүүгчдээс хамгийн өндөр оноонуудыг цуглуулж чадсан боловч цор ганц нэр дэвшигч гэдэг үндэслэлээр уг номинацид эзэн оноогоогүй. Гэхдээ цорын ганц нэр дэвшигчээ маргахын аргагүй “шилдгээс шилдэг” хариуцлагатай үйл ажиллагаа явуулдаг компани гэдгийг шүүгчид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн билээ. Бас хамгийн өндөр зардлаар хамгийн өндөр хариуцлага үүрэн ажиллаж буйг нь ч Шүүгчдийн зөвлөл онцолсныг дуулгая. 

“Энержи ресурс” энэ жил “Шилдэг хайгуулын компани”-аас бусад таван номинацид нэрээ дэвшүүлсэн юм. Нэр дэвшүүлсэн номинаци бүртээ шүүгчдээс өндөр оноо авсан. Арван нэг, арван хоёр онд яг л ийм үзүүлэлтээр нэр дэвшсэн бүх компаниудыг авсан оноогоороо манлайлан, Гранпри шагналын эзнээр хоёронтаа тодорч, Mining Journal Awards-ын хамгийн тод од болон гялалзаж байсныг Awards-ын түүх мартаагүй. Арван гурван онд “Энержи”-д Гранпри гардуулсангүй. Гэхдээ өнгөрсөн жилүүдийн амжилтаа огтхон ч бууруулаагүй, давтан ахиулж чадсаныг энд  тэмдэглэе.          

 “Эко уурхай”

Байгаль орчны доройтол, экологийн сүйрлээс алс ирээдүйгээ хамгаалсан бодлого, зорилтууд уул уурхайн салбарт бодитоор хэрэгжээсэй. Түүний биелэл болсон эко уурхайнууд эх оронд минь олноор бий болоосой гэсэн хүслээс энэ номинаци мэндэлсэн. “Эко уурхай” үргэлжид хамгийн сонирхолтой өрсөлдөөний талбар байсаар ирсэн юм. Зарим жил хориод компани хүртэл өрсөлдөж байсан нэр хүндтэй энэ шалгуурт арван гурван онд зургаан нэр дэвшигч өрсөлдлөө. “Монполимет” групп Тосонгийн алтны шороон ордын уурхайгаа, “Шивээ-Овоо” ХК нүүрсний уурхайгаа, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК Төмөртолгойн төмрийн хүдрийн ил уурхайгаа, ”Оюутолгой” ХХК Оюутолгой зэс-алтны уурхайгаа, “Энержи ресурс” ХХК Ухаахудаг уурхайн цогцолбороо, “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК Баянголын алтны шороон ордын уурхайгаа нэр дэвшүүлжээ. Mining Journal Awards-т арван гурван онд “Уул уурхайн үндэсний олборлогч” буюу MNO шинээр өрсөлдөгч болж орж ирсэн нь содон байлаа. “Бороо гоулд” компанид ажиллаж байсан үндэсний шилдэг инженерүүдээр багаа бүрдүүлсэн, барууны стандартыг үйл ажиллагаандаа эхнээс нь хэвшүүлж яваа тус компани Тавантолгойн Баруун Цанхи дээр төслийн менежментийн багийг удирдан, олборлолт гүйцэтгэж байгаа. Ирээдүйд хүчирхэгжих энэ компани итгэл өвөрлөн орж ирсэн нь сайн хэрэг.
  
Арван гурван оны  “Эко уурхай”-гаар Оюутолгой зэс-алтны уурхай тодров. Аливааг хэр зөв эхэлж байна гэдэг их чухал. Оюутолгойд судалсан зүйл их байна, төлөвлөсөн зүйл ч их байна. Эко уурхай гэсэн шалгуурыг хангах стандарт, горимуудыг эхнээс нь зөв тавьж, бусдад үлгэр болж буй гэдэг үндэслэлээр шүүгчдийн онооны нийлбэр “Оюутолгой”-д “Эко уурхай” гэсэн итгэл хүлээлгэв. Зөв эхлэлээ ирэх жилүүдэд бүтээлч ажил болгон өрнүүлж, тод томруун жишээ болоосой гэсэн өндөр итгэл энэ өргөмжлөлтэй хамт очиж байгаа билээ.

2010 оны эко уурхай Багануурын нүүрсний уурхай байсан бол 2011 онд “Пибоди Винсвэй ресорсез”-ийн нөхөн сэргээсэн Эрээний нүүрсний уурхай, 2012 онд “Бороо гоулд” компанийн Бороогийн алтны уурхай эко уурхай болж, Mining Journal Awards-ын түүхэнд үлджээ.    

“Шилдэг технологи”

Уул уурхайн бизнест монголчууд хамгийн сүүлийн үеийн технологи хэрэглэгч улс болж байгааг, шилдэг технологиудыг хэрэгжүүлэгч компаниудтай болж байгааг нийгэмд зөвөөр таниулж, мэдээлэх зорилго агуулдаг уг номинацид нэр дэвшигчдийн үзүүлэлтээс технологийн дэвшил ямар түвшинд хүрч байгааг харж болдог. Арван гурван онд ангамал говийн хамгийн бэрхшээлтэй асуудал болох усыг хэмнэх технологид шүүгчид итгэл хүлээлгэв.

“Эйч Эс И Системс” ХХК хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийг удирдах программ хангамжаараа, “Вагнер Ази технологи” ХХК S-O-S Шингэний шинжилгээний лабораториороо, “Энержи ресурс” ХХК Ухаахудаг уурхайн цогцолборт нэвтрүүлсэн тэргүүний технологиудаараа, Австрийн “Антриц сэпэрэйшн” ХХК Ухаахудаг уурхайн нүүрс баяжуулах үйлдвэрт нэвтрүүлсэн хаягдлыг усгүйжүүлэн, шүүгдсэн усыг үйлдвэрт дахин ашиглах технологио нэр дэвшүүлсэн юм. Уул уурхайн үе шат бүхэнд усны хэрэглээг хэмнэж, дахин ашиглалтыг дээд зэргээр нэмэгдүүлсэн өндөр үр дүнтэй технологиороо “Антриц сэпэрэйшн” ХХК өрсөлдөгчдөө тэргүүллээ.

“Шилдэг технологи” 2010 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн металл авалтаа 86 хувьд хүргэсэн технологийн шинэчлэлд, 2011 онд “Таван талст” ХХК-ийн “Шивээ-Овоо”-д хэрэгжүүлсэн нүүрс хатаах технологид, 2012 онд “Эрдмин” ХХК-ийн катодын зэс үйлдвэрлэлийн технологийг Монгол орны эрс тэс уур амьсгалын нөхцөлд амжилттай нутагшуулж, зэсийн исэлдсэн эрдэс бүхий хүдрийг уусган баяжуулах аргаар боловсруулж, цэвэр зэс үйлдвэрлэж буй технологид очсон билээ.     

“Тогтвортой ажиллагааны үзүүлэлт”

Асуудал бэрхшээл тулгарсан үед үйл ажиллагааны хүрсэн түвшингээ бууруулахгүй, эрсдэлийн менежментийг хэрхэн сайн хэрэгжүүлэх вэ гэдэг сорилт арван гурван онд эрдэс баялгийн салбарт ажилладаг бүх компанид тулгарсан юм. Сорилтын жилд “Тогтвортой ажиллагааны үзүүлэлт” хэмээх шинэ номинаци бий болгож, хямралын үеийн шилдэг менежменттэй компанийг тодруулах болсныг дээр өгүүлсэн билээ. Уул уурхайн салбарт компаниудын үнэлгээ унасан, хувьцаа унасан, өрмийн компани, геофизикийн компаниудад ажил олдохгүй сул зогссон нөхцөлд үүнийг сөрөн ажиллаж чадсан, үйл ажиллагаагаа хадгалсан, харин ч бүр тэлж чадсан компани байна уу? Хэцүү үед ч хөрөнгө оруулалт татсан, нэмж хөрөнгө оруулсан үзүүлэлт бий юу? Өөр ямар байдлаар эрсдэлийн менежмент хийж чадаж вэ гэдгийг энэ шалгуураар гаргаж ирэх хүлээлт бидэнд байсан юм. Хямралыг боломж болгож харсан ийм компаниуд ч байгаа. “Тогтвортой ажиллагааны үзүүлэлт”-д нэрээ дэвшүүлсэн компаниуд дээрх асуултад хариулт өгч чадсан. Эрсдэлээс суралцаж, түүнийг давж гарах нь ирэх жилүүдэд амжилтын хөтөч болох нь гарцаагүй.   

Үйл ажиллагааны хүрсэн түвшнээ алдаагүй, харин ч тэлсэн гэдгээр нь “Вагнер Ази”-д Mining Journal Awards-ын шүүгчид итгэл хүлээлгэж, “Тогтвортой ажиллагааны үзүүлэлттэй” хэмээн үнэлж цэгнэжээ. Түүнтэй хамт “Энержи ресурс” ХХК, “Шивээ-Овоо” ХК, “Багануур” ХК өрсөлдсөн юм.  

“Хайгуулын шилдэг компани”

Энэ номинацийг 2011 онд бий болгосон юм. Уул уурхайн үйл ажиллагаа эрчимжсэн он жилүүдэд жилдээ хэдэн арван орд шинээр нээгдэж байсан нь “Хайгуулын шилдэг компани” номинаци бий болгох гол хүчин зүйл нь болж байв. 

2011 онд “Хүннү Коал” компани Монгол дахь 15 төсөл дээрээ хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, зарим ордныхоо нөөцийг ЖОРК стандартаар тогтоосон амжилтаараа шилдгээр шалгарсан билээ. Монгол менежменттэй, монгол захиралтай компани анх удаа олон улсын бирж дээр IPO хийж, хувьцааных нь ханш зургаа дахин өсч, тухайн оныхоо Австралийн хөрөнгийн биржийн шилдэг IPO-гоор шалгарч байсан түүхээрээ энэ компани тэр жилийн хамгийн онцгой үзэгдэл болж байв. Харин 2012 онд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт идэвхтэй үйл ажиллагаа явуулсан “Сентерра Гоулд Монгол” компани нэг орд, гурван илрэл нээсэн амжилтаараа оны шилдэг хэмээх хүндэтгэл хүлээсэн.   

Гэвч 2013 онд “Хайгуулын шилдэг компани” номинаци эзэнгүй үлдлээ. Хайгуулын компаниуд энэ номинацид нэрээ дэвшүүлсэнгүй. Сайн үр дүн зарласан, өндөр хүлээлт үүсгэсэн, амжилттай яваа гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай хайгуулын компаниуд цөөнгүй бий. Гэвч тэд арван гурван онд хууль эрхзүйн орчны эргэлзээтэй, тодорхойгүй байдлын улмаас идэвхтэй үйл ажиллагаа явуулж чадаагүй. Хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг тодорхойгүй хугацаагаар зогсоосны улмаас хөрөнгө оруулалт хаагдсан, “Урт нэртэй” хуулийн үйлчлэх хүрээнд багтсаны улмаас хайгуулын ажлын төлөвлөгөөг нь батлаагүй зэрэг асуудал бэрхшээлүүд хайгуулын компаниудын нэгэн жилийн ажлыг тушиж орхисны илрэл энэ болов. Угтан буй арван дөрвөн онд геологи хайгуулын хөгжлийг чөдөрлөсөн элдэв тээг, чөдөр тушаанууд үгүй болоосой гэсэн итгэл найдвар, хүлээлтээр энэ салбарынхан шинэ оныг угтаж байна. Хэрхэхийг цаг хугацаа харуулах биз ээ.    

MINING JOURNAL AWARDS-ын Шүүгчдийн зөвлөл

2012 оны дунд үеэс эхэлсэн зах зээлийн уналтаас үүдэн 2013 онд Монголын уул уурхайн салбар бүхэлдээ уналтад орсон. Басхүү өндөр өсөлтөд сэтгэл цадсан бодлогын алдааг салбарынхан үүрсэн хүнд цаг. Салбарын компаниуд үйл ажиллагаагаа хумьж, томоохон төсөл хөтөлбөрүүдээ царцаан, зардлаа бууруулж, орон тоогоо цомхотгож, түүнийг дагалдах ажил үйлчилгээ үзүүлдэг компаниуд сул зогссон үе.



Ийм үед уул уурхайн оны шилдгийг шалгаруулах нь хэр зөв бэ гэсэн эргэлзээ Mongolian Mining Journal сэтгүүлд байсан юм. Гэвч Шүүгчдийн зөвлөгөө эргэл­зээг өөрчилсөн билээ. Ямар ч үе цагт уул уурхайн оны шагналыг тасалдуулахгүй зарлах нь зөв гэсэн байр суурь Mining Journal Awards-ын шүүгчдийнх байв.      

Mining Journal Awards хөгжлийн гэрч  

Mining Journal Awards эрдэс баялгийн салбарын хөгжилд эерэг, идэвхтэй уур амьсгал төрүүлэхийг эхнээсээ л зорьсон. Тиймээс ч уул уурхайн хөгжлийн эрчмийг, компаниудын эрүүл зөв санаачлагыг урамшуулахыг хүсдэг. Басхүү компаниудын хувьд ч Mining Journal Awards-т оролцох нь нэр хүндийн хэрэг байгаасай гэж найддаг.

Mongolian Mining Journal сэтгүүлийн зохион байгуулдаг энэ шалгаруулалтад Монголын эрдэс баялгийн салбарын тэргүүлэх байранд яваа компаниуд нэрээ дэвшүүлж өрсөлддөг нь сэтгүүлийн хамт олонд асар их хариуцлага, урмыг өгдөг билээ. Уул уурхайн өндөр хөгжилтэй улс орнуудтай хөгжлөөрөө эн зэрэгцэх цаг үеийг эрдэс баялгийн салбарын компаниуд, мэргэжилтнүүдийн хүчин зүтгэл, итгэл найдвар авчирна гэдэгт Mongolian Mining Journal итгэдэг. Mining Journal Awards үүний нэг гэрч, хөшүүрэг нь байхыг хичээдэг.

Тиймээс Mining Journal Awards-т нэр дэвшсэн болон тэргүүлсэн компаниудаар бахархдаг. Тэдгээр уурхай, үйлдвэрлэл, бүтээн байгуулалтуудыг зөвөөр таниулахыг хичээдэг.  Тэр хэрээр нийгэмд эрүүл зөв ойлголт төлөвшин тогтоосой гэж хүсдэг юм.

Эрхэм та “Энержи ресурс”-ын Ухаахудаг уурхайн цогцолборыг очиж үзээрэй. Тэнд өрнөж буй бүтээн байгуулалтыг нүдээр хараарай. “Антриц сэпэрэйшн”-ийн усыг дахин ашиглах технологийн шийдлийг сонирхоорой. “Оюутолгой”-н үйлдвэрлэлтэй очиж танилцаарай. Уул уурхайн том үйлдвэрлэлийн эхлэл, шийдлийг харж, өөрийн дүгнэлтээ хийгээрэй. “Вагнер Ази“-ийн техник, тоног төхөөрөмжүүдийг нүдээр үзээрэй. Багануурын уурхайн олборлолтыг газар дээр нь очиж үзээрэй. Mining Journal Awards-т нэр дэвшсэн бүхий л компаниудын бүтээн байгуулалттай танилцаарай.   

Н.Ариунтуяа