Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хэлсэн үг

П.Цагаан: Улс төр, эрхзүй, нийгмийн тууштай орчин бий болгох хэрэгтэй байна

Арваннэгдүгээр сарын 15-нд Төрийн ордонд болсон “Эрдэс баялгийн салбарын шинэ үеийн 20 жил” хэлэлцүүлэг хурлыг нээж, Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааны хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Эрдэс баялгийн салбарын шинэ үеийн 20 жил” хэлэлцүүлэг хурлыг санаачилсан Mongolian Mining Journal сэтгүүлийн хамт олон, түүнийг дэмжсэн Уул уурхайн яам, бусад байгууллагуудад талархлаа илэрхийлье.     

Одоогоос жилийн өмнө Иргэний танхимд явагдсан хэлэлцүүлэг дээр Монголын эрдэс баялгийн салбарын нэг эрдэмтэн Монгол улсад эрдэс баялгийн салбарын бодлого байхгүй байна. Бодлогогүй явж ирснээс бид алдаа их гаргасан гэж шүүмжилж байсныг санаж байна. Өнгөрсөн 10 сарын хугацаанд УИХ, Засгийн газар, холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулаад Эрдэс баялгийн салбарын бодлогыг боловсруулан УИХ-аар хэлэлцэж байгаа цаг үед өнөөдрийн уулзалт болж байгаа нь хамгийн сүүлчийн боломж мэт санагдаж байна. Миний хувьд өнгөрсөн 20-иод жил эрдэс баялгийн салбарын ололт амжилт, алдаа оноог ямар нэг хэлбэрээр харж, ажиглаж ирсэн хүний хувьд хоёр гурван зүйл хэлье. Та бүхэн мэдэж байгаа. Өнгөрсөн хориод жилд ашигт малтмалын салбарын үнийн хоёр ч удаагийн супер цикл болсон. Алтны үнэ хэд байгаад хэд болсныг манайхан сайн мэдэж байгаа. Энэ хооронд Монголын төрийн бодлого, төрийн бодлогод шингэсэн эрхзүйн орчин, хууль тогтоомжид түүнээс ч дутуугүй их савлагаа үүссэн. Энэ бүгдтэй уялдаад алдаа оноотой, олз гарцтай олон мөчлөгүүдийг мэдэрсэн, туулсан хувийн салбарынхан, бас тийм байдалд хүргэсэн эрх баригчдын төлөөлөл энд хуран цугларсан нь сайшаалтай хэрэг. Төр хувийн хэвшил түншүүд байх ёстой. Танихгүй хүмүүс биш, дайснууд биш. Хамтарч ажиллах ёстой. Харамсалтай нь зах зээлийн өнөө үед хувийн секторын санал хүсэлт, бусад зүйлийг харгалзан үзээгүйгээс, дэлхийн зах зээлийн чиг хандлагыг сайн анхаарахгүйгээр гаргасан бодлогын алдаа явж явж эцсийн дүндээ биднээс өөрсдөөс л болсон. Тиймээс өмнө гаргасан алдаа оноогоо ярилцаж, алдаан дээрээ суурилаад, тууштай явах улс төрийн орчин, эрхзүйн орчин, нийгмийн орчин бий болгох хэрэгтэй байгаа юм. Тиймээс өнөөдрийн хэлэлцүүлэг чухал ач холбогдолтой юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд эрдэс баялгийн салбарын зөв зүйтэй бодлогыг дэмжиж, буруу зөрүүг нь засч залруулахын төлөө ажиллаж ирсэн. Энэ ялдамд маргааш Монгол Улсын  Ерөнхийлөгчийн санаачилгаар “Том төрөөс ухаалаг төр рүү” үндэсний зөвлөлдөх уулзалт болох гэж байна. Энэ зөвлөлдөх уулзалтад шийдвэр гаргагчид, эрдэмтэн судлаачид, хувийн сектор, хэвлэл мэдээллийн байгууллага, орон нутгийн төлөөлөгчид оролцоно. Монгол Улсын өнгөрсөн хориод жил туулсан алдаа оноо, ирэх жилүүдийн замын зургийг тодорхойлох үндсийг тавих зорилготой зөвлөлдөх уулзалт болно. Миний бодож төсөөлж байгаагаар ийм үндэсний хэмжээний зөвлөлдөх уулзалт өмнө болж байгаагүй. Тиймээс өнөөдрийн хэлэлцүүлэг эрдэс баялгийн салбарын бодлогыг тодорхойлох төгсгөлийн шатны хэлэлцүүлэг УИХ-аар явж байгаа үед, маргааш Монгол улсын ирээдүйн олон арван жилийн замын зургийг хэлэлцэх торогон агшин дээр болж байгаагаа их ач холбогдолтой юм.

Эрдэс баялгийн салбарын зовлон жаргалыг хамгийн сайн мэдэрдэг, Монголын урдаа барьдаг, эрдэмтэн судлаачид, бизнесийн салбарын төлөөлөгчид эндээ хуран цуглараад байгаа учраас үгээ өндөрлөе.

Хэлэлцүүлэг хурал үр ашигтай болж, түүнээс гаргасан санал зөвлөмж төрийн шийдвэрт тусч, амьдралд тууштай хэрэгжихийн ерөөл өргөе. Баярлалаа.