Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Өөрчлөлтийн савлагаанд компаниуд нэрвэгдэж ирсэн

Ярилцсан С. БолдЭрдэнэ

“Алтан Дорнод Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Т.Ганболд Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого болон алтны салбарт хэрэгжүүлэх хууль эрх зүйн шинэ орчны талаар байр сууриа илэрхийлэв.

Техникжсэн нинжа гэж хэн бэ?

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг УИХ-д өргөн бариад байна. Энэ бодлогын баримт бичигт ямар санааг оруулаасай гэж Та харж байна вэ?
Бодлогод ийм зүйл тусгах ёстой гэхээсээ илүүтэй өмнө нь гаргаж байсан хууль тогтоомжууд ямар үр дүнд хүргэсэн бэ гэдгийг эхлээд ярих ёстой. Өмнөх хууль, шийдвэрийн алдааг давтахгүй байх нь гол зүйл.

Алтны салбарын тухайд үндсэндээ Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар, урт нэртэй хууль хоёр асар том хар толбо үлдээсэн. Ганц алтны салбар гэлтгүй нөхөн сэргээлт, байгаль орчны салбарт ч энэ хохирол хамаарна.  Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар гарснаар компаниудын үйл ажиллагаа далд хэлбэрт орсон. Дагаад нөхөн сэргээлт хийх зэрэг хариуцлагын тогтолцоо алдагдчихаж байгаа юм. Алтаа олборлож, нууцаар борлуулчихаад үйл ажиллагаа явуулаагүй гэсэн тайлан өгчихдөг. Үйл ажиллагаа явуулаагүй гэхээр нөхөн сэргээлт хийх хариуцлагаас мултарчихаж байгаа хэрэг. Үүнээс үүдээд нинжа гэсэн халхавч дор нуугдсан техникжсэн орчин үеийн компаниуд бий болсон. Нинжа гэдэг ойлголт хоёр хуваагдчихсан. Нэг хэсэг нь бидний мэдэх түмпэн сав барьсан орлогогүй, ядуу хэсэг. Нөгөө нь тэдний халхавчин дор техникжсэн, байгаль орчин, татвар, улсын төсөв, нийгмийн өмнө хариуцлага хүлээдэггүй бүлэг хүмүүс. Ийм хоёр төрлийн гамшиг гарч ирсэн нь Гэнэтийн ашгийн 68 хувийн татварын үлдээсэн толбо.

Хоёрдугаарт, урт нэртэй хууль гарснаар маш их хөрөнгө зарцуулж, төсөөлөл мөрөөдөлдөө автсан компаниудыг дампууруулж орхисон. Тухайн үедээ болно гэж зөвшөөрч хөрөнгийг нь оруулуулчихаад дараа нь болохгүй ээ гээд зогсоочихож байгаа юм. Энэ компаниудад нөхөн олговор олгоно гэж Засгийн газар тэр даруй тогтоол гаргасан. Гурван жил өнгөрчихөөд байхад ганц ч төгрөгийн нөхөн олговор олгосонгүй. Зөрүүлээд байгаль орчны хохирол гэх мэт зохиомол тоо ярьдаг.

Одоо усны бодлого гэж ярьдаг болсон. Усны үнийг нэмлээ. Манай компанийн хувьд урьд нь усны төлбөрт 60 сая төгрөг төлдөг байсан бол одоо 800 сая төгрөг төлөхөөр боллоо. Ийм том өөрчлөлтийн савлагаа бий болж байна. Усыг хамгаалж, үнийг нь нэмж болно. Гэхдээ ийм том савлагааг шууд хийж болохгүй шүү дээ. Энэ нь эргээд компаниудаа, бизнесийн салбараа, уул уурхайн салбараа дэмжих гэж яриад байгаа юм шиг мөртлөө шал эсрэг бодлого гардгийн нотолгоо. Дэмжээд байгаа юм уу, эсвэл бүр дарж хэвтүүлэх гээд байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй болчихсон.

Гуравдугаарт, бичил уурхайг дэмжих гэдэг нэрийн дор төр засгаас, олон улсын байгууллагуудаас дандаа худлаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, нинжа нарыг өөгшүүлдэг. Үүнээс үүдээд орон нутаг үйл ажиллагаа явуулж буй компаниудад ажиллах хүн олддоггүй. Хялбар мөнгө олох аргаар амьдралын хэв маягаа тодорхойлчихсон залуусын армийг ингэж  төр, засгаас бодлогоор дэмжиж өгдөг. Ялангуяа иргэний нийгмийн байгууллага гэгч байнга өдөөн турхирч, дэвэргэж байдгаас нийгмийн харилцаанд орж, иргэншиж чадахгүй хүмүүсийг л ирээдүйдээ бэлтгэж байна. Энэ нь эргээд үндэсний том гамшиг болж хувирлаа.





Алтны салбарыг дэмжих, алтны олборлолтыг нэмэгдүүлэхээр тодорхой хуулиудыг өөрчилж, шинээр батлах гэж байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
Уул уурхайн яам, Эдийн засгийн хөгжлийн яамнаас ийм тодорхой санаачлагууд явж байгаа. Бидний зүгээс идэвхтэй оролцож, санал бодлоо солилцож байна. Алт үйлдвэрлэгчдийн ассоциаци өнгөрсөн хоёрдугаар сард байгуулагдсан.

Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулж, алтны нөөц ашигласны татварыг эргэж харъя, алтны салбарыг эдийн засгийн хөшүүргээр дэмжье гэж байна. Энэ бол маш чухал. Алт бол тусгаар тогтносон улсын мөнгөн тэмдэгтийн баталгаа болдог эрдэс баялаг. Олборлолтыг дэмжиж, алтны нөөцийг нэмэгдүүлэх нь өнөөдөр үүсээд байгаа валютын чангаралт, төгрөгийн уналтыг тогтвортой байлгах гол хөшүүрэг юм. Алт гэдэг чинь Монголбанкны үйлдвэрлэж байгаа доллар гэсэн үг шүү дээ. Дотоодоосоо төгрөгөөр алт худалдаж аваад доллараар гадагш нь зарж, валютын нөөцөө нэмэгдүүлж байдаг. Үүнийг олон жил ярьж байсан. Харамсалтай нь алтны салбар буруу ойлголт, худлаа мэдээллүүд, буруу үйлдлээс болоод нэр хүнд нь унасан. Гэхдээ хэдий болтол ийм байдлаар явах вэ дээ. Одоо бидэнтэй хамтарч ажиллаад, дэмжсэн бодлого явуулах эхлэл гарсанд  маш талархаж байгаа.

Өмнөх замбараагүйдлийг өнөөдрийн бидний хариуцлагатай бүү холиосой

Алт үйлдвэрлэгчдийн ассоциацид хэчнээн компани багтдаг вэ?  
2013 оны нэгдүгээр сард бодитой үйл ажиллагаа явуулж байгаа гурав, дөрвөн компани нийлж энэ ассоциацийг байгуулсан. Өнөөдрийн байдлаар 12 компани гишүүнээр элсч, хамтраад үйл ажиллагаа явуулж байна. Алт үйлдвэрлэгчид эдийн засагт хэрхэн дорвитой хувь нэмэр оруулах вэ, нийгмийн хариуцлагаа яаж нэмэгдүүлэх, нийгэмд өөрсдийгөө хэрхэн зөв таниулах вэ, шинэ техник технологи нэвтрүүлэх, нөхөн сэргээлтийг яаж сайн хийх вэ гээд олон зүйл дээр хамтарч ажиллана.

Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд Заамарыг там болгосон гэж шүүмжилдэг. Үгүйсгэхгүй ээ. Би алтны салбарт ажиллаад хоёр жил болж байна. Заамарт очиход үнэхээр нүд хальтрам талбайнууд байдаг. Гэхдээ Заамарыг саяхан ийм болгочихсон юм биш. Зах зээлийн эдийн засагт шилжээд 1991 оноос хойш өнөөдрийг хүртэл Заамарт 110 компани үйл ажиллагаа явуулсан байдаг юм билээ. Энэ 110 компанийн үйл ажиллагааны үлдэгдэл хор хөнөөл нь тэр. Тухайн үед алтны үнэ хэд байлаа, техник тоног төхөөрөмж гэж ямар юм байлаа, ухамсар гэж зэрлэг ганзагын наймаачид шахуу, нөхөн сэргээлт гэсэн ойлголт байсангүй. Энэ утгаараа байгаль орчны асуудал орхигдсон, доройтсон зүйл зөндөө. Дараагийн том сөрөг үр дагавар нь түрүүний хэлсэн Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар, урт нэртэй хууль. Энэ хоёр хуулиас болж алтны компаниуд үйл ажиллагаагаа далд хэлбэрт оруулж, нөхөн сэргээлтээ хаясан.

Манай компанийн хувьд өнгөрсөн жил олборлолт эхлэхээс өмнө нэг бодлого баримталсан нь нэн тэргүүнд нөхөн сэргээлт, байгаль орчны хамгааллын асуудлыг тавилаа. Үйл ажиллагаагаа эхэлсэн 2012 онд нийт 150 га газар нөхөн сэргээсний 50 га нь Архангай аймагт, 100 га нь Заамар сумын нутагт хийсэн. Энэ жил Заамар сумын нутагт 300 га талбайг нөхөн сэргээж байгаа.

Нөхөн сэргээлтийн зардал өндөр байдаг. Зүгээр нэг нүхийг шороогоор булах биш техникийн болон биологийн нөхөн сэргээлт цогцоороо хийгддэг. Манай компани нөхөн сэргээлтэд жил гаруйн хугацаанд нийтдээ зургаан тэрбум гаруй төгрөгийг зарцуулаад байна. Асуудал ихтэй, хүнд цаг үеийг туулж байгаа компани гэхэд нөхөн сэргээлтэд харамгүй мөнгө хаяж байгаа. Нэг талаас, компанийн нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага, Монгол хүний шашин шүтлэг, байгаль дэлхий, лус савдагтай харьцах өндөр ухамсартай холбоотой гэж ойлгож болно. Сүүлийн үед алт үйлдвэрлэлийн компаниуд нөхөн сэргээлтийг  тэргүүн эгнээнд тавьж, маш их ажил хийж байгаа. Энэ бол том ололт. Үүнийг 20 жилийн өмнөх хаягдсан талбайтай хольж хутгаад, бүгдийг  харлуулах нь зохисгүй юм. Үүрэг хариуцлагаа ухамсарлаж байгаа компаниудыг ялгаж салгаж ойлгох цаг болсон.