Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Ярилцлага

Байгаль орчин, уул уурхай хоёрыг баланслуулна

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийн төслийг УИХ-д өргөн бариад хоёр сарыг үдэв. Удахгүй эхлэх Намрын чуулганаар Бодлогын төслийг хэлэлцэн батална гэсэн хүлээлт салбарынханд буй. Бодлогын төсөл дээр бие даасан гурван Ажлын хэсэг ажилласан. Тэдгээрээс Суурь судалгаа буюу Ерөнхий төслийг Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүгийн ахалсан Ажлын хэсэг гүйцэтгэсэн билээ. Б.Батхүү даргаас Бодлогын төслийн талаар тайлбар авсан юм.

Суурь судалгаан дээр ажилласан мэргэжилтний хувьд Бодлогын төслийн талаарх ерөнхий дүгнэлтийг тань сонсмоор байна. Ирэх 12 жилийн уул уурхайн хөгжил Бодлогын төсөлд хэрхэн буусан бэ?
      
Бид юуны өмнө бодлого, бодлогоо дагасан хууль, хуулиа дагасан хөтөлбөрүүд, хөтөлбөрөө дагасан төслүүд гэсэн дарааллаар хийх ёстой юм гэж үзсэн. Бодлогын гол зарчим бол тодорхой зүйл, ялангуяа тоо нэг их тавьдаггүй, харин яах вэ гэсэн чиглэлээ гаргадагт байдаг. Бид судалгаагаа бусад орны бодлогыг судлахаас эхэлсэн. Хоёрт, хөрш орнуудынхаа бодлогыг нэлээд сайн судаллаа. Гуравт, манайтай түвшин ойролцоо улс орны бодлого ямар байдгийг харсан. Мэдээж, Канад, Австралийг харсан. Гэхдээ тэдэнтэй харьцуулах түвшинд бид хүрээгүй. Тиймээс хөгжлийн түвшин ойролцоо орнууд буюу Африкийн Танзани, Казахстан гээд 10 гаруй орны бодлогын баримт бичгийг судалж үзлээ.

Дээр нь өнөөгийн нөхцөл байдалдаа анализ хийсэн. Социализмын үеэс эхэлсэн судалгаагаар манай орны хойд болон төвийн хэсэг маш сайн судлагджээ. Харин зах зээлийн үеэс хойш зах зээлд ойрхон буюу дэд бүтэц бүхий газрууд судалгааны хүрээнд сайн орсон. Өөрөөр хэлбэл, төмөр зам дагасан газар нутаг нэлээд сайн судлагдсан гэсэн үг. Өмнөд бүс буюу Хятадын хилтэй ойрхон газар нутаг сайн судлагдсан дүр зураг харагдаж байна. Харин сул байгаа орон зайг харвал баруун өмнөд хэсэг. Зүүн урд хэсэг баруунаа бодвол харьцангуй гайгүй.
  
Байгаль орчны талаасаа харвал улсын ерөнхий бодлого ой, усны эх бүрдэх газраа хамгаалъя гэсэн чиглэлтэй байгаа. Үүнийг газрын зураг дээр буулгаад үзвэл Монгол улсын хойд болон төвийн хэсэг дийлэнхдээ орчихож байгаа юм. Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий аймгийн газар нутаг ерөнхийдөө ой ихтэй. Дээр нь усны эх олонтой. Эндээс цаашид энэ хил заагаараа хойд хэсэг хязгаарлагдах юм байна. Харин урд хэсгийн хувьд хойшид дэд бүтэцтэйгээ уях хэрэгтэй юм байна гэсэн дүр зураг харагдаж байгаа юм. Урд хэсэг рүүгээ усны асуудал хүндэрч байгаа. Үндсэндээ гүний усны хэрэглээтэй. Гүний усны хэрэглээг аль болох хязгаарлана. Гэхдээ ор тас хорихгүй. Усыг дахин ашиглах технологийг дэмжих байдлаар уул уурхайн үйлдвэрлэл явагдана. Ерөнхийдөө энэ хуулиар хойд хэсэг хамгаалагдчихна. Өмнөд, Зүүн өмнөд, Баруун өмнөд хэсгээрээ хайгуулын ажлаа үргэлжлүүлнэ. Монголын нийт нутгаар геологийн  судалгаагаа үргэлжлүүлнэ. 1:1000000-ны масштабын зураглал хийчихсэн. 1:200000-ны масштабын зураглал 90 гаруй хувьтай явж байна. 1:50000-ны масштаб 30-аад хувьтай явж байна. Энэ дөрвөн жилд 40 хувь болгоно. Энэ бүхэн явдгаараа явна.

Тусгай зөвшөөрлийн хувьд сонгон шалгаруулалтаар олгох нь зөв гэж үзсэн. Ингэхдээ Төр бодлогоор аль хэсэгт хайлгахаа судалж гаргаж ирдэг байя. Энэ жил тэр хэсэгт лиценз олгоно гээд талбайгаа зарлаад сонгон шалгаруулалт хийчихнэ. Мэдээж суурь судалгааг сайн хийхийн тулд Төрөөс зарцуулдаг мөнгөө нэмэгдүүлэх болно. 1:50000-ны масштабын зураглал хийхэд өнгөрсөн жил 4 тэрбумыг төлөвлөсөн бол энэ жил 7.8 тэрбум, ирэх жил 10 гаруй тэрбум гээд явах жишээтэй.

Цаашид уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг өндөрт түвшинд хийх ёстой. Дагаад хяналтыг нь сайжруулна. Дээрээс нь эвдэгдсэн эзэнгүй газар нутгаа Төрөөс нөхөн сэргээж дуусгана. Энэ бүхний үр дүнд уул уурхайн талаарх өнөөгийн нийгэмд байгаа ойлголтыг халах ерөнхий зарчим явж байгаа юм.

Бодлогын ерөнхий хүрээг харвал уул уурхайн үйл ажиллагаа нэлээд хязгаарлагдах юм байна гэж ойлголоо?

Уул уурхайг хөгжүүлнэ. Хөгжүүлэхдээ байгаль орчин, уул уурхай хоёрыг баланслуулах ёстой. Бид нэг зүйлийг хүлээн зөвшөөрөх ёстой юм. Уул уурхайг хөгжүүлж байна гээд хэтэрхий жижиг юм руу их орчихсон нь харагдаж байна. Хятад уул уурхайг өрхийн үйлдвэрлэл рүү оруулсан үе байсантай адил. Энэ буруу юм. Жижгээ хумих, томуудаа дэмжих хэрэгтэй. Бүр их томоо улсын бодлогоор барих хэрэгтэй. Хөгжинө, гэхдээ системтэй хөгжинө гэсэн санаа.
                  
1997 оны Ашигт малтмалын тухай хуулиар түрүүлж ирсэнд нь тусгай зөвшөөрөл олгодог нь тухайн үедээ зөв байсан. Улсын эдийн засаг хүнд. Хөрөнгө оруулалт татах шаардлага байлаа. Түүний хүчинд гадаадын хөрөнгө оруулалт орж ирж, “Оюутолгой”-г нээсэн. Бид түүнийг хараах биш, магтах ёстой. Гадны маш олон компани эрсдэл үүрч, хайгуул хийсэн. Тэднээс юу ч олоогүй гарсан компани зөндөө бий. Түүнийг бид огт ярьдаггүй. Олсон ганц нэгийг нь л ярьдаг. Гагцхүү тухайн үедээ одоо болж байна шүү, жаахан хязгаарлалттай болгоё гэлгүй тэр эрчээрээ явчихсан нь буруу.

Одоогийн нөхцөлд жаахан системтэй хайгуул хийлгэе. Гэхдээ сонирхол нь их байгаа учраас сонгон шалгаруулалт хийе. Оруулсан компани юм нээгээд олчихвол давуу эрхтэй байдаг нь хэвээрээ байя гэж байгаа. 

Ерөнхийлөгчийн санаачилсан Ашигт малтмалын тухай хуулийн төслийг нэлээд хойш татчихлаа. Хөгжлийн түвшин өндөрт гарсан орнуудад байдаг хууль учраас манайд одоохондоо тохирохгүй нь гэж үзсэн. Тэр хуулийн төсөл одоо яригдахгүй. Бодлогодоо нийцүүлэн 2006 оны Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан, сайжруулаад явуулна гэсэн үг.

Стратегийн орд хэмээх гарсан цагаасаа мөнхийн маргаан дагуулсан асуудал  Бодлогын төсөлд дахиад л бүрхэг томьёологдон ороод ирлээ. Зориуд оруулсныг бодоход Төсөл боловсруулагчдад тодорхой санаа байсан байх?

Ашигт малтмалын төрлөөр нь жижиг ч байна уу, том ч байна уу стратегийн гэж зайлшгүй үздэг цацраг идэвхит элементүүд (U, Th), газрын ховор элемент, гүний усыг стратегийн гэж үзэхээр оруулсан. Зарим улс орон хамгийн их нөөцтэй ашигт малтмалаа анхааралдаа байлгадаг юм билээ. Нүүрс, зэс, төмөр, алт бол манай улсын хамгийн их нөөцтэй ашигт малтмал. Эдгээрийг нэлээд ярилцаж байж стратегийн гэж оруулсан. Гэвч хэлэлцүүлгийн явцад яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй. Одоо байгаа стратегийн ач холбогдолтой орд гэдгийн томьёолол буруу гэдэгтэй санал нэг байна. Үүнийг өөрчилнө.

Ерөнхийлөгчийн зүгээс төмрийн хүдрийг хамруулмаар байна гэж ярьдаг. Жонш гэхэд дэлхийд нөөцөөрөө тэргүүлдэг учраас орвол ч орохоор. Ингээд яриад байвал бараг   бүгдээрээ стратегийн болчих юм биш үү?

Хавтгайд нь ойлгож болохгүй. Хоёр өөр категорийн зүйл. Эхнийх нь том жижиг хамаагүй цацраг идэвхт бодис, газрын ховор, гүний ус гурав зайлшгүй стратегийн байна. Нөгөөд нь их байгаагийн ихийн тухай асуудал яригдана. Манайд элбэг байгаа зэс, нүүрс, төмөр, алт. Энэ дөрвийн хувьд бүх орд орохгүй. Түүнийг хууль дээр яаж томьёолох нь дараагийн асуудал. Олон улс оронд ийм жишиг бий. Чили зэсээ стратегийн гэж үздэг. Гэхдээ хамгийн том ганц орд нь л улсынх, бусад нь хувийнх.   
Үүнтэй холбоотой нэг судалгаа бий. Сүүлийн үед огцом хөгжсөн Катар, Саудын Араб, Чили, Казахстан, Хятад зэрэг оронд том орд дээр улсынх нь оролцоо заавал 50-иас дээш байдаг юм байна. Төр биш, улс, үндэстнийх  нь оролцоо шүү. Түүнд төр, хувийн хэвшил аль нь ч байж болно. Гэтэл хэдийгээр газрын баялагтай ч улсынх нь оролцоо 50 хувиас доош орчихсон орнууд явж өгдөггүй. Тэр нь Африкийн хэдэн орон байна. Тэр утгаар нь оруулсан юм. Улс оролцож байна гээд Засгийн газрын гишүүд шууд хийдэггүй. Саудын Араб гэхэд хэдэн том бизнесмэнүүд нь board /ТУЗ/-ийнхаа бүрэлдэхүүнд орчихдог. Тэгээд бусад улс оронд нөхцөлөө тулгаад явдаг юм байна.

Манайхаар бол “Эрдэнэс Оюутолгой”-н ТУЗ-д амжилттай яваа шилдэг бизнесмэнүүдээ ажиллуулах нь байна шүү дээ?

Маш сонин судалгаа байсан. Бид цацраг идэвхт бодис, газрын ховор, гүний  ус гурваа  стратегийн гэж оруулаад, бусдыг хаяна гэсэн бодолтой явсан юм. Гэтэл энэ судалгаа гарч ирсэн. Их сургуулийн багш нарын хийсэн судалгаа л даа. Гэхдээ бодлого дээр битүү утгаар орж байгаа. Ямар механизмаар хийж байгааг нь тэр орнуудаас судлаад хуульдаа томьёолох ёстой.  

Бодлогын төсөлд Ураны шар нунтаг гаргахыг дэмжинэ гэжээ?

Шулуухан хэлэхэд, шар нунтаг гаргаж авахыг дэмжиж байгаа. Бид уран гэдэг нэрээс татгалзаж, цацраг идэвхт элемент гэж нэрлэсэн. Энэ ашигт малтмал улс орон бүрт байдаг. Гэхдээ ховор. Монгол нөөцөөрөө нэлээд дээгүүр орно. Энэ нөөцийг бид Монголдоо боловсруулж, дэлхий дахины айдаг эцсийн аюултай бүтээгдэхүүн хийхгүй. Атомын цахилгаан станц барихгүй. Зөвхөн шар нунтаг гаргаж, гадагшаа борлуулна. Яагаад гэвэл эдийн засагт ашигтай нөөц нь байгаа учраас. Ураны хэд хэдэн орд бий. Социализмын үеэс эхтэй Мардайн ордоос гадна шинээр нээгдсэн  хэдэн орд байна.  
Ерөнхийлөгч цөмийн хог хаягдал булахгүй гэж хатуу зарласан. Атомын цахилгаан станц барихыг хязгаарлана гэсэн. Шар нунтаг нь ураны задрал хийдэггүй. Уран хаана ч, ямар ч ашигт малтмал дээр байдаг. Цаашаа химийн урвалд ороод, боловсруулаад эхэлбэл аюултай болохоос байгальд байгаагаараа аюулгүй. Түүнийг ялгаж салгах хэрэгтэй. Бид дэмжинэ гэдгээ шулуухан хэлж байгаа. Эсэргүүцэгчид зөндөө бий. Гэхдээ шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ярилцах ёстой.  

Бодлогын зарчим бол тоо заах биш гэлээ. 1,5 хувиас дээш хүхрийн агуулгатай нүүрсний ордыг шинээр нээхийг хязгаарлаж, 3 хувиас дээш хүхрийн агуулгатай нүүрсний ордыг шинээр нээхийг хориглох гээд маш нарийн тоо бүхий заалтыг Бодлого дээр заавал оруулсны учир юу вэ?

Бичихдээ тоо заагаагүй ч дандаа тоогоор судалгаа хийж гаргаж байгаа. Цаана нь дандаа тоо бий. Хятадын бодлого дээр яг энэ заалт байдаг. Байгаль орчны шалгуураар бид зориуд энэ заалтыг оруулсан. Ийм хязгаарлалт тавихгүй бол Хятадаас хөөгдсөн нөхөд манайд ороод ирнэ. Хятадын хувьд нэг хэсэг өрх бүр үйлдвэрлэгч гээд бараг л гэртээ зэс хайлж байсан. Айл болгон гангийн үйлдвэртэй шахуу байсан. Тэр бүх жижиг үйлдвэрүүдийг хааж, төрийн том үйлдвэрүүдээ босгоод ийм заалтаар хориг тавьчихсан. Тэр хаагдсан жижиг үйлдвэрүүд манайх руу ороод ирэхээс хамгаалж, заалтыг тэр чигээр нь хуулж тавьсан юм. Үүнээс гадна бас нэг тоо оруулсан байгаа. Геологи судалгааны ажлыг жилд  тэдэн га-гаас доошгүй талбайд хийнэ гэж оруулсан.

Хэдэн арван жилээр үргэлжлэх урт мөчлөгтэй том төслүүдийг бодлого дээр нэр заан оруулах ёстой гэсэн байр суурь сонсогддог?    
  
Шаардлагагүй. Бусад орныг харахад тэгж нэр заадаггүй. Дахин нэг том орд гараад ирвэл бодлогоо өөрчлөх хэрэг гарна биз дээ.

Монголын нүүрсний салбарт ЖАЙКА судалгаа хийсэн. Ирээдүйд бий болох уурхайдын олборлолтыг нийлүүлээд тооцоход нүүрсний нийлүүлэлт нь эрэлтээсээ давах дүгнэлт гарсан байх жишээтэй. Бодлогын зохицуулалт зайлшгүй хэрэгтэй санагдах юм?
  
Хөтөлбөрүүд гаргана гэж заасан байгаа. Тэр хөтөлбөрүүдэд нарийн юмыг зааж өгнө. Жишээлбэл, жоншийг оросууд л авч байна. Гэтэл хамгийн их хэрэглэдэг Япон Солонгос руу очихгүй байгаа. Тиймээс жоншны хөтөлбөр гаргана. Нүүрс гэхэд 200-300 лиценз байна. Ордын нийт ТЭЗҮ-гээр авсан экспортлох хэмжээг харахад жилийн 200-гаад сая тонн болохоор байгаа. Энэ бүгдийг хэрхэн журамд оруулахыг Хөтөлбөрөөр хийж өгнө. Бодлогод шууд тэгнэ ингэнэ гэж заахад хэцүү.  
Ч.Хурц гуайгаар ахлуулсан Эрдэмт¬дийн багийн санал  нэлээд дэлгэрэнгүй, үндсэндээ хөтөлбөр байсан. Түрүүний ярьдаг шиг тэр ордыг тэгнэ, энэ ордыг ингэнэ гээд маш нарийн тоо бүхий заалттай. Танзанийн бодлого дээр ДНБ-ийг 10 хувиар нэмэгдүүлнэ  гээд заачихсан байдаг. Яг түүнийг аваад хийчихсэн байсан. Ингэх нь лоозон маягтай болох юм байна гэж үзсэн. Дэлхийн банкны  шугамаар мэргэжилтэн авчирч Бодлогын төслөө үзүүлсэн. Тэр хүн ч хэлж байсан. Бодлого бол зарчим тунхаглалын шинжтэй байдаг. Тиймээс тооноос аль болох татгалзахыг зөвлөсөн. Суурь судалгааны баг Эрдэмтдийн багтай хамт Д.Ганхуяг сайд дээр орж, Бодлогын төслийн заалт нэг бүрээр ярилцаж, саналаа нэгтгэсний дараа төслийг өргөн барьсан.                 

Ашигт малтмалын тухай хуульд  Таны харж байгаагаар ямар өөрчлөлтүүд орох вэ?

Стратегийн орд гэдгийн томьёолол өөрчлөгдөнө. Лиценз олгох зарчим сонгон шалгаруулалт болж өөрчлөгдөнө.     

Бoдлогын төсөл батлагдсаны дараа тусгай хуулиар зохицуулагддаг ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орох болов уу?

Бараг үгүй. Цацраг идэвхт бодисыг стратегийн гээд оруулчихаар Цөмийн энергийн хуулиараа явчихна. Газрын ховор элемент дээр харин тусдаа хууль гарч ирэх үү, эсвэл Ашигт малтмалын тухай хуульдаа бүлэг нэмэх үү гэдэг нь дараагийн асуудал.

Нэмүү өртөг шингээе, боловсруулах чиглэл рүү явъя гэж их ярьдаг. Гэтэл Бодлогын төслөөс тоймтой дүр зураг харагдсангүй?

Би өнгөрсөн дөрвөн жил Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлогын газрын даргаар ажиллахдаа наад асуудлыг чинь нэлээд судалсан. Манайд боловсруулах үйлдвэр хөгжихөд үнэхээр хэцүү юм билээ. Ялангуяа Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор бүр хэцүү. Сайншандын төслийг Зам тээврийн яам гаргаж ирсэн юм. Төмөр замаа ажилтай байлгах бодлого байсан. Бидний хувьд ТЭЗҮ-гүйгээр ингэж зарлаж болохгүй гэсэн тайлбар өгсөн. ТЭЗҮ бол ажил хийх үндэс. Гэхдээ айхтар эсэргүүцээгүй явуулсны  учир төмөр замын бодлого чухал байсан. Хөрш хоёр орноосоо хараат бус чиглэлээр төмөр замын сүлжээгээ хийгээд авчихвал дараа нь болох байх гэж бодсон.

Сайншанд дээр АНУ-ын “Бэхтел” компани судалгаа хийгээд 9 үйлдвэрээс дөрөвхөн дээр үлдсэн. Зэс, төмрийн үйлдвэр, кокс, цемент. Бүгд ашиггүй гарсан. Ашигтай болгохын тулд улсаас татаас өгч ашигтай болно. Бүх татварыг тэглээд шүү дээ. Цемент арай өөр л дөө.

Сайншанд бол алдаа. Гэхдээ том бодлого явуулахын тулд бас ингэхээс аргагүй. Төмөр замын бодлогыг хоёр хөрш барьчихаад байна. Төмөр замаа нааш цааш тавих нь зөв. Гэхдээ Сайншанд дээр ганц хоёр үйлдвэр баригдаж магадгүй. Тэр нь кокс, зэс, цемент байж болох юм. Кокс ашигтай гарна, гэхдээ түүнийгээ хаа­на борлуулах нь толгойны өвчин. Зэсийн хувьд “Оюутолгой”-н зэсийг хүчээр аваачиж болно. Төмөр Дархандаа л байх нь зөв.

Хамгийн аюултай нь Хятадын бодлого. Бид жижиг орон учраас давж гарч чадахгүй байна. Гэхдээ Хятадын бодлого Монголд зориулагдсан гэж андуурч болохгүй. Дэлхийн бүх том гүрэнд зориулж бодлого гаргаж байгаа. Наяад онд газрын ховор элементийн нийт үйлдвэрлэлийн 47 хувийг Хятад эзэлж байсан. Бусад нь Америк, Орос, Австрали. Хятадууд газрын ховрын үнийг навсайтал буулгаад, бүх орны үйлдвэрүүдийг дампууруулж, хаалгыг нь бариулсан. Одоо үйлдвэрлэлийн 97 хувийг Хятад эзэлж байна. Газрын ховрын экспортод квот тогтоогоод хаачихна.

Зэс дээр яг түүнийгээ хийдэг. Асар олон зэсийн баяжуулах үйлдвэр байгуулчихсан.  Зэс хайлуулах үйлдвэр хоёрхон зардлаар л ашгаа олдог. Тэр нь зэсийг хайлуулах, зэсийг цэвэршүүлэх зардал. Энэ зардлаа маш бага болгоод буулгачихдаг. Зэс хайлуулах нь маш хортой үйлдвэрлэл. Дэлхий дахинд хортой үйлдвэрийг шахаад эхэлмэгц сөрөг нөлөөг сааруулахын тулд маш их нэмэлт төхөөрөмжүүд хийдэг. Тэгэхээр зардал өснө. Тэр өсч байгаа зардлыг хятадууд хамгийн багад нь авааччихаар дэлхийн бусад бүх орны хайлуулах үйлдвэрүүд дампуураад эхэлдэг. Монопольчлох энэ бодлогыг манайх бүү хэл Чили, Америк, Австрали дийлэхгүй байна.

Тэгвэл манайд зэсийн үйлдвэр огт ашиггүй юм биш үү? Баяжмал гаргах нь илүү хялбар бөгөөд ашигтайгаар тусах нь ээ дээ?

Эдийн засгийн тооцоог нарийн гаргавал зэс хайлуулах үйлдвэр Хятадын бодлогын улмаас ашиггүй. Баяжмал гаргах нь илүү амар бөгөөд ашигтай. Бид юугаар хардаг вэ гэхээр гарсан катодын зэсийг хятадууд авахгүй. Өөрсдөө баяжуулах үйлдвэр ихтэй учраас бодлого нь хаачихна. Тиймээс катодын зэсээ дахиад боловсруулах хэрэгтэй болно. Түүнийг дахин хайлуулснаар Япон, Өмнөд Солонгос зэрэг улсын өндөр технологиор нарийн бүтээгдэхүүн хийдэг жижиг үйлдвэрүүд бий болдог. Цахилгааны утас үйлдвэрлэж байгаа “Эрдмин” шиг эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэрүүд олноор бий болно. Тэгж байж л ашигтай болно.

Харин зэсээсээ илүү төмрийн үйлдвэр үр дүнтэй. Өмнөд Солонгос төмөр дээрээ л боссон. Төмөр аль ч оронд хэрэгтэй байдаг. Манайд төмрийн үйлдвэрлэлийг дэмжихийн тулд бондоос мөнгө өгч, нойтон баяжуулах барихаар болчихлоо. Нойтон баяжуулаад гаргаад ирвэл дараагийн үйлдвэрүүдийг барих боломжтой болно. Гэхдээ энэ бол урт хугацаатай процесс гэдгийг ойлгох хэрэгтэй.

Бүрэнхааны ордыг ашиглах талаар яригдаад байна уу?

Ашиглах л хэрэгтэй.

Хойд бүс Бодлогоор хамгаалагдчих юм биш үү?

Бодлогод ордоггүй юм. Намайг Хөвсгөлийн Засаг дарга байсныг хүмүүс мэдэх байх. 50 дугаар өргөрөг Хөвсгөлийг бараг голоор нь хоёр хуваадаг. Энэ өргөргөөс хойш уул уурхай, геологи эрхлэх юм байхгүй. Энд гол нуурууд эх авдаг Хорьдол сарьдагууд байдаг. Энд Хөвсгөл нуур бий. Энд битүү ойтой. Тиймээс би Засаг дарга байхдаа 50 дугаар өргөргөөс хойшхи газарт хориглосон юм.

Харин Бүрэнхаан 50 дугаар өргөргөөс урагшаа Хөвсгөл нуураас 80 км-ийн зайд оршдог. Би энд оросуудтай хайгуулд явж байсан. Харин Онгилог бол яг Хөвсгөлийн эрэг дээр бий. Гэхдээ Хөвсгөлд олон уурхай хэрэггүй. Гурав л байхад хангалттай. “Аспайр майнинг”-ын нүүрсний уурхай, молибденийн том орд байгаа. Бүрэнхааны фосфоритын орд энэ гурвыг ашиглахад л хангалттай.

Монголд зэс хайлуулах үйлдвэр барихад хамгийн том проблем нь хүхрийн хүчлийг яах вэ гэсэн асуудал байдаг. Зэсийн баяжмалыг шатаагаад хайлуулахаар цэвэр зэс гарна. Энэ явцад хүхэр ялгардаг. Хүхрийг шууд яндангаар гаргаад хаячихвал байгаль орчинд асар муу хор нөлөөтэй учраас тас хорьсон. Тиймээс боловсруулаад тусгай урвалд оруулж, хүхрийн хүчил гаргадаг. Хүхрийн хүчил өөрөө маш хортой бүтээгдэхүүн. Ашигладаг хэдхэн арга бий. Үнэ нь маш хямд. Монголд түүний хэрэглээ маш бага. “Эрдмин” маш багаар хэрэглэж байгаа.

Эсвэл фосфоритын хүдэртэй нийлүүлж бордоо хийнэ. Хятадын хойд бүс бордооны маш их эрэлттэй учраас чөлөөтэй авна. Гэхдээ тээврийн зардал дийлдэхгүй. Хятад руу гаргая гэхээр төмөр замын дугуй солих зардал гарна. 500-800 км зөөхөд л ямар ч ашиггүй болчихдог. Хайлуулах үйлдвэр хаана байхаас хамаарна. Эрдэнэтэд үү, Чойрт уу, Сайншандад уу. Сайншандад байлаа ч дугуй солих зардлаас үүдээд бүх юм “будаа” болчихно.

Ярилцсан Н.Ариунтуяа