Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining Journal Awards 2012

Mining Journal Awards эхэллээ

Уул уурхай, эдийн засгийн Mongolian Mining Journal сэтгүүлээс гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй Mining Journal Awards уул уурхайн шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа эхэллээ. Энэ жил Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа номинацид “Шижир алт”, “Эрдэнэт Үйлдвэр”, “Энержи Ресурс”, “Шарын гол” компани өрсөлдсөнөөс Эрдэнэт Үйлдвэр шилдгээр тодроод байна.  Мөн Шилдэг технологи номинацид Катодын зэс, зэс утас болон бусад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Эрдмин компани шалгарлаа. Энэхүү номинацид салбарын компаниуд маш ширүүн өрсөлдсөн бөгөөд Элгэн, Энержи Ресурс, Эрдмин, Мэйжор Дриллинг, Фалкон Дриллинг, Шивээ Овоо, Бэрэн Майнинг, Бласт, Алтайн хүдэр зэрэг нийт есөн компани өрсөлдсөн юм. Тун удахгүй Шилдэг хайгуулын компани, Шилдэг эко уурхай, Шилдэг ханган нийлүүлэгч, Уул уурхайн салбарын оны хүн, Уул уурхайн салбарыг дэмжигч байгууллага зэрэг номинацийн эзэн тодрох гэж байна.

Хэдийгээр 2012 оны хувьд дэлхийн зах зээлд эрдсийн үнэ ханш ихээхэн буурч, салбарын хувьд өсөлттэй гэхээсээ уналттай жил байсан ч энэ жилийн Mining Journal Awards-д компаниуд урьд урьдны жилүүдийнхээс идэвхитэй оролцож, нийтдээ 35 компани оролцлоо.

Мөн Mining Journal Awards 2012-д Шилдэг эко номинацид илүү олон компани идэвхитэй оролцлоо. Энэ нь 2012 оны Mining Journal Awards-ын нэгэн онцлог төдийгүй салбарын компаниудын хандлага илүү хариуцлагатай, байгальд ээлтэй болж байгааг харуулж буйг уг ёслолын ажиллагааг зохион байгуулагч Mongolian Mining Journal сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч Л.Болормаа нээлтийн үгэндээ тэмдэглэсэн юм.

Уул уурхайн шилдэг компаниудыг салбарын холбогдох төрийн байгууллага шалгаруулдаг туршлага байдаг. Харин Mining Journal Awards нь уул уурхайн мэргэжлийн сэтгүүл зохион байгуулдгаараа, мөн хараат бус шүүгчдийн зөвлөл шилдгүүдийг шалгаруулдгаараа үүнээс илүү бие даасан онцлог болж чаддаг гэж салбарынхан үнэлдэг. Тиймдээ ч Монголын эдийн засагт хамгийн чухал байр суурь эзэлж буй уг салбарын шилдгүүдийг шалгаруулж, олон нийтэд хүргэх энэхүү ёслолын ажиллагааны цар хүрээ, ач холбогдол нь жил ирэх бүр нэмэгдсээр байгаа юм. Mining Journal Awards ёслолын ажиллагаа урлагийн тоглолтоор үргэлжилж байна. Тун удахгүй шилдгүүдийг үргэлжлүүлэн тодруулах болно.