Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Mining Journal Awards 2012

Д. Зоригт: Ийм уур амьсгалыг Mining Journal Awards бүрдүүлжээ

Mining Journal Awards шалгаруулалтад оролцохоор уул уурхайн компаниуд шалгуур үзүүлэлтийн дагуу материалаа ирүүлсээр байна. Энэ үед Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригтын сэтгэгдлийг сонслоо.

The Mongolian Mining Journal сэтгүүлээс жил тутам зохион байгуулдаг уул уурхайн  шилдгийг тодруулдаг үйл ажиллагаа нь маш их ач холбогдолтой гэж үзэж байна. Уул уурхай нь Монгол улсын экспортын 90 гаруй хувь, ДНБ-ий 20 гаруй хувийг дангаар бүрдүүлэх эдийн засгийн томоохон салбар болсон.  Энэ салбарт маш олон хүн ажиллаж, амьдралаа холбосон байгаа.

Тиймээс салбартаа ажиллаж буй аж ахуйн нэгжүүд нэгдэж, зохион байгуулалтад орж, өөрсдийн сайн туршлага, хийсэн амжилтуудаа бусадтайгаа хуваалцах, харилцан суралцах нөхцөлийг нээх нь маш чухал юм. Уул уурхайн салбарын хариуцлагатай аж ахуйн нэгжийг шалгаруулах энэ арга хэмжээ нь хэд хэдэн онцлогтой. Байгаль орчны нөхөн сэргээлт, шинэ технологи нэвтрүүлэх, томоохон хөрөнгө оруулалт хийсэн, эдийн засгийн үр ашигтай байдал гээд хэсэг бүрээр нь нягт нямбай шалгаруулдаг. Хариуцлагатай ажилладаг компаниудаасаа бусад нь суралцах боломж нээж буйгаараа ихээхэн ач холбогдолтой.

Нөгөө талаас, уул уурхайн салбарын  аж ахуйн нэгжүүд бие даасан байдалд шилжиж буйг энэхүү арга хэмжээнээс харж болно. Mining Journal Awards нь зөвхөн сэтгүүлийн редакцийн зохион байгуулагдаү ажил биш, харин энэ салбарын төрийн байгууллагууд, холбоод болон эрдэмтэн мэргэжилтнүүд бүгд дэмжин оролцож, өөрсдийн дуу хоолойг хүргэдэг. Салбарын том хамт олон өөрсдийн ашиг сонирхол, байр сууриа илэрхийлж, басхүү алдаа оноогоо ярилцаж, хариуцлагатай ажиллаж байгаа нэгнээ шалгаруулж хүндэтгэж  чаддаг. Ийм л уур амьсгалыг Mining Journal Awards бүрдүүлсэн юм. 

Mining Journal Awards нь гурав дахь жилдээ зохион байгуулагдаж, жил ирэх бүр цар хүрээгээ тэлж, олны анхаарлыг татах болсныг онцолмоор байна. Өнгөрсөн жилүүдийн шалгаруулалтыг ажиглахад манай үндэсний компаниуд түлхүү оролцох болсон. Үүнээс үзэхэд Монголын компаниуд маань бие дааж, үйл ажиллагаа нь тэлж, өндийж байна. Ялангуяа байгаль орчны нөхөн сэргээлт, технологийн тал  дээрээ илүү анхаарч ажилладаг болсонд маш баяртай байна.

Уул уурхайн салбарын бусад шагналуудтай харьцуулахад Mining Journal Awards нь бие даасан мэргэжлийн шүүгчидтэй. Шүүгчид нь салбартаа хоёргүй сэтгэлээр ажилладаг, олон жилийн туршлагатай ахмадууд байдаг. Энэ жилээс шалгаруулалтаа тоон онооны системд шилжүүлж байна. Өөрөөр хэлбэл, илүү бодит үнэлгээ өгөх байдал нь  нэмэгдэж байгаа юм.