Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Байгаль орчин

Саарал ус ашиглах асуудлыг хуульчилжээ

Хот суурингийн ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2011 оны арваннэгдүгээр сард батлагдаж, 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Уг хуулиар ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээг зохицуулах зөвлөл байгуулах асуудал нэг бүлэг болж оржээ. Зохицуулах зөвлөл нь Монгол улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа усны үнийг тогтоох, ус хангамж, ариутгах татуургатай холбоотой тусгай зөвшөөрлийг олгох, иргэдэд устай холбоотой бүх мэдээ мэдээллийг зөв зохистой хүргэх үүрэгтэй ажиллах юм.

Уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа энэ үед саарал усыг ашиглах асуудал уг хуулинд тусгагдсан байна. Өмнө нь Монгол улсад саарал ус ашиглах талаар журам батлагдаж байсан боловч хуульчилж заасан заалт байгаагүй аж. Саарал усыг ашиглах талаар хуулинд зааж өгснөөр уул уурхайн компаниуд заавал усыг эргүүлэн ашиглах технологитой байх шаардлагатай болж байгаа юм. Наад зах нь уурхайн замаа чийгшүүлэх, орчны тоос шороог дарах гэх мэт хэрэгцээндээ саарал усыг ашиглавал багагүй ус хэмнэнэ.  Саарал ус ашиглах асуудлыг ЗТБХБЯ, ЭМЯ, БОАЖЯ гэсэн гурван яам хамтран хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг албаны хүн онцолж байсан.

Мөн зарим уул уурхайн компани зориулалтын бус ариун цэврийн байгууламжтай байдаг.  Энэ нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж, хөрсийг бохирдуулдаг. Уг асуудлыг хуулийн шинэчилсэн найруулгаар зохицуулж өгчээ. Тодруулбал уул уурхайн компани, шатахуун түгээх газрууд, аялал жуулчлалын баазууд заавал чанарын шаардлага хангасан, өөрийгөө цэвэршүүлэх ариутгах татуургатай байна гэдгийг хуулинд тусгасан байна.

ЗТБХБЯамны зүгээс 2012 онд ус хангамж, ариутгах татуургын талаар олон ажил хийхээр төлөвлөжээ. Энэ салбарт улсын төсвөөс хийх хөрөнгө оруулалт ч нэмэгдсэн байна. Өмнөх жилүүдэд 40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгддэг байсан бол энэ оны төсөв 54 тэрбум төгрөг болж өсчээ. Мөн гадаадын олон компани, төсөл хөтөлбөрүүд ус хангамж, ариутгах татуургын салбарт орох сонирхолтой байгаагаа илэрхийлж санал тавих болжээ. 2011 онд хуультай холбоотой судалгаа туршилтын ажлууд голчлон хийгдсэн бол энэ жил томоохон бүтээн байгуулалтууд хийхээр төлөвлөөд байгаа юм байна.

О.Хосцэцэг