Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

МОНГОЛД ХӨГЖЛИЙН АСАР ИХ НӨӨЦ БИЙ

Таны амьдралын түүх бидний сонирхлыг татлаа. Ер нь бизнесийн ертөнцөд хийж үзээгүй ажил Танд байна уу?  

Намайг цэнэглэдэг зүйл юу гээч. Тэр бол өрсөлдөөн. Өнгөрсөн он жилүүдийг эргэн харахад, амьдралын минь ихэнх үе эцэс төгсгөлгүй их өрсөлдөөн дунд өнгөрсөн байдаг. Би олон улсын яармаг, үзэсгэлэн худалдааны чиглэлээр олон жил ажиллаж байна. Үзэсгэлэн гаргагч, зохион байгуулагч, бас үзэгчийн хувьд надад арвин туршлага бий. Оюутан байхдаа бизнесийн салбар дахь нэн сонирхолтой ертөнцөд анх хөл тавьсан нь худалдааны яармагийн аюулгүй байдлыг хариуцах ажил байлаа. Тэр ч атугай үзэсгэлэнгийн лангууны худалдагчаар түр хугацаанд ажилласан. Харин инженерийн чиглэлээр 10 гаруй жил ажиллахдаа худалдааны яармагтай ямар ч холбоо харилцаагүй байв.

Гэхдээ л Та шинэ сонголт хийсэн. Яагаад тэр вэ?

Тийм ээ, олон жилийн өмнөх дур сонирхолдоо хөтлөгдөөд л тэр. Ингээд нэг л өдөр Швейцарийн үйлдвэрлэлийн яармаг хэмээн дэлхийд танигдсан байгууллагын дээд удирдлагын гишүүн болсон. Энэ байгууллагаас олон улсын тавцанд зохион байгуулдаг үйл ажиллагааг 18 жил хариуцан ажиллаж байна. Миний хувьд, 1994 оноос хувийн бизнес эрхэлж, худалдааны яармагийн салбарт зөвлөхөөр ажиллаж байлаа. Харин “The fair agency gmbh” гэдэг компанийг 2000 онд байгуулсан юм. Манай компани худалдааны яармаг болон Герман улсын үзэсгэлэнгийн танхимуудыг улс орнуудад зохион байгуулах үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлдэг. Товчхондоо, үзэсгэлэн гаргагчид, бас зохион байгуулагч талуудын шаардлагад нийцэхүйц хэмжээнд ажиллаж байна.

Тэгвэл энэ удаад яагаад Монголыг сонгосон юм бэ? “Future Mongolia 2012”. Өрнөдийнхөн ийм үг сонгосон нь бүр ч их сонирхол татлаа?
 
Манай компани Германы албан ёсны үзэсгэлэнгийн танхимыг„ “Discover Mongolia” арга хэмжээний үеэр нээх үүргийг 2010 онд хүлээсэн. Бид энэ ажлыг “JV Consult” компанийн захирал, ноён Юүргэн Фогел, Германы машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбооны дэд тэргүүн ноён VDMA, ноён Клаус Штёкман нартай хамтран хийлээ. Мэдээж хэрэг, арга хэмжээний төгсгөлд бид товч мэдээлэл хийж, энэ зах зээлд хөгжлийн асар том чадавхи байгаа гэдэгт санал нэгдсэн юм. Монгол орны худалдаа, арилжааны тухай статистик мэдээллүүд ч бодол санааг минь улам баталгаажуулж байна. Уул уурхайн үйлдвэрлэл хурдацтай хөгжлийн хөдөлгүүр болж, ардчилсан нийгэм нь улс орны тогтвортой хөгжилд нөлөөлдөг тул монголчуудад гэрэлт ирээдүй бий.

Гэхдээ орчин үеийн техник, тоног төхөөрөмж нэн шаардлагатай байгааг худалдааны яармагийн мэргэжилтнүүд олж харсан байх. Дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг олон улсын худалдааны яармагийн үеэр орон нутгийн худалдан авагчид, шийдвэр гаргагчдад сайтар сурталчилж, санал болгох боломжтой. Энэ талаарх үзэл баримтлалыг бид сайтар боловсруулсан. Монгол орны тогтвортой хөгжилд зайлшгүй шаардлагатай бүх зүйлийг энэхүү яармагийн үеэр үзүүлэх болно. Түүгээр ч зогсохгүй салбартаа тэргүүлэгч компаниудад бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн хүчин чадлаа олон нийтэд сурталчлан таниулах нь нээлттэй. Чухам ийм л учраас арга хэмжээгээ “Future Mongolia 2012” гэж нэрлэсэн юм.

Худалдааны яармагт оролцогсдод ямар боломж нээгдэх бол?


“Future Mongolia 2012” худалдааны яармаг нь Монголд гаргаж байсан үзэсгэлэнгүүдээс ялгаатай. Худалдааны яармаг зохион байгуулах олон улсын стандартыг хангаж байгаагаараа бүр ч их онцлогтой. Энэ яармаг цэвэр, тохилог орчинд талууд уулзах талбар байх болно. Монголын тал олон улсын зах зээл дэх бодит үнийн саналыг судалж, тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдэх талаар олон улсын мэргэжилтнүүдтэй ярилцах боломжтой. Ажил хэрэгч хүмүүс уулзаж, санал солилцох зориулалт бүхий тусгай өрөөнүүд ч байна.

Монгол улсын тухайд, олон улсын хөрөнгө оруулагчдыг татах гол татах хүч нь уул уурхай. Та энэ салбар тийш “дуран” -аа чиглүүлж үзэв үү?

Монголын уул уурхайн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, цаашдын төлөвийг ойлгож, мэдэрч буй үндэсний олон мэргэжилтэн бий. Тиймээс би тэдний дүгнэлтийг л давтмаар байна. Үнэт баялгийн нөөцийн чанар, хэмжээг харгалзан үзвэл уул уурхайн салбар урт хугацааны туршид нааштай хөгжинө. Монголын Засгийн газар ашигт малтмалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд ихээхэн чармайлт гаргаж, дэлхийн зах зээлд гаргахын тулд дэд бүтцийг нь төлөвлөн барьж байна. Үүний тод жишээ бол Хятад, Орос руу чиглэсэн шинэ төмөр зам барих ажил юм.

 “Future Mongolia 2012“ олон улсын тавцанд хэр сайн мэдээ дуулгах бол?

Үйлдвэрлэлийн салбар дахь хүчирхэг компаниуд энэхүү яармагт оролцоно. Тиймээс тус салбарын хөгжил, Монголын шийдвэр гаргагчдад маш их ач холбогдолтой байх юм. Монгол Улс олон улсын худалдааны яармагт зохих байр суурь эзлэх сонирхолтой гэдэг нь ч тодорхой харагдана. Ер нь олон улсын худалдааны яармагийг Улаанбаатар хотод олон удаа зохион байгуулна гэдэгт бид итгэлтэй байгаа. Тэдгээр нь үл хөдлөх хөрөнгө, хэрэглээний бараа, энэ бүхний эцэст амьдралын хэв маяг, тансаг бараанд зориулсан үзэсгэлэн яармаг байх болно. Энэ бол улс орны хөгжлийг дагаж зохион байгуулагддаг худалдааны яармагийн энгийн аргуудын нэг юм. Гэхдээ нэг зүйлийг онцлон хэлье. Улаанбаатар хотод олон улсын үйлдвэрлэлийн холбоод, дэлхийн зах зээлтэй холбогдох үзэсгэлэн яармаг явуулах зориулалт бүхий барилгатай болох шаардлага гарна. Ийм төрлийн арга хэмжээ зохион байгуулсны үр дүн ч их байдаг. Орон нутгийн болон гадаадын үзэсгэлэн яармагаар дамжуулан үндэсний бараа, бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргаж эхлэх ч болно.

Монголын Засгийн газар та бүхэнд ямар дэмжлэг үзүүлж байна вэ?


Маш их туслалцаа, дэмжлэг үзүүлж байгаа. Гадаад дахь Монголын Элчин сайдын яамд, орон нутгийн холбогдох байгууллагуудын зүгээс ч мөн адил. Ний нуугүй хэлэхэд, би энэ салбарт олон жил ажиллаж байгаа ч дипломат байгууллагуудаас ийм үр дүнтэй туслалцааг авч байгаагүй. Тиймээс ажилд маань асар их дэмжлэг үзүүлсэн Элчин сайд нарт талархал илэрхийлье.

Өрнөдийнхөн ажил, амьдралынхаа төлөвлөгөөг маш эрт гаргадаг. “Future Mongolia 2013”-ыг та бүхэн төлөвлөгөөндөө тусгасан уу?

Та таачихлаа. “Future Mongolia 2013” худалдааны яармагийг зохион байгуулна. Энэхүү арга хэмжээг ойрын дөрвөн жилд жил бүр гаргахаар төлөвлөсөн. Зах зээлийн эрэлт, шаардлагын дагуу “Future Mongolia” үргэлжилнэ.

Ер нь худалдааны яармагийг яаж зохион байгуулдаг юм бэ? Павильон түрээслэх, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах... Энэ бүхнээс арай өөрөөр төсөөлье?

Павильон түрээслэх нь худалдааны яармаг зохион байгуулах ажлуудаас зөвхөн нүдэнд харагдаж байгаа багахан хэсэг юм. Худалдааны яармагийг албан ёсоор нээхээс хоёр жилийн өмнө зохион байгуулагчид ажиллаж эхэлдэг. Зах зээлд дүн шинжилгээ хийх, хууль зүй, санхүүгийн төлөвлөлт, үзэсгэлэн гаргах газар, үйлчилгээний байгууламжуудыг олохын тулд түншүүдтэйгээ уулзах, худалдааны лангуунуудыг эрчим хүч, цэвэрлэгээ, аюулгүйн албатай холбох гэх мэтчилэн жагсаавал уртаас урт жагсаалт болно. Учир нь энэ бүхнийг үзэсгэлэн гаргагчдын нэхэмжлэлд дурьдсан байдаг юм.

“Future Mongolia 2012” -д бизнесийн хэчнээн төлөөлөл нэгдэх вэ?

Олон улсын 100 гаруй компани оролцоно. Мэдээж хэрэг, зарим нь гол оролцогчид байх бол нөгөө хэсэг нь түншүүд буюу охин компанийнхаа лангууг хамтран хэрэглэж оролцоно.

Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!