Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

CTL технологийг ашиглах цаг үе нь иржээ

Э.Оджаргал

Дэлхийн зах зээл дэх “хар алт”-ны үнэ олны анхаарал татах цагт Монголын нүүрс “хар алт”-аар үнэлэгдэх цаг иржээ. Коксын баяжмалтай нүүрсээ олон улсад худалдаалж, харин үнэ хямд,  зах зээлгүй гэгдэх хүрэн нүүрсээ дотооддоо шатахууны үйлдвэрт түүхий эд болгон ашиглах боломж манайд байна. 

Нүүрснээс шингэн түлш гаргах технологи нь дэлхийд шинэ зүйл огт биш бөгөөд үйлдвэрлэлд нэвтрэн бараг 80 орчим жил ашиглагдаж иржээ. Хамгийн нэрд гарсан технологийг 1923 онд Германы химич Фишер, Тропш нар боловсруулснаар тэдний нэрээр нэрлэгдэх болсон юм. Үүнээс дөрвөн жилийн дараа тус улсад хүрэн нүүрснээс бензин гарган авах анхны үйлдвэр байгуулагдаж, бусад үйлдвэр  ч ар араасаа баригдав. Энэ үед нүүрснээс бензин төдийгүй дизель түлш гарган авах хэд хэдэн технологийг зэрэг хэрэглэх болсон байна. 1930-аад оны эхээр дайнд бэлтгэж байсан Герман улс нефтийн импортоос хараат байхгүйн тулд эдгээр үйлдвэрлэлийг маш өргөн хэмжээнд байгуулж эхэлсэн аж.

“Энэ үйлдвэрлэлгүйгээр национал-социалист дэглэм Дэлхийн хоёрдугаар дайныг өдөөж чадахгүй байсан юм” хэмээн Германы нүүрсний Институтын удирдагч профессор Матиас Хэнель дурссан байдаг. 1944 он гэхэд Германы нисэх онгоцны бензиний 90 хувь, автомашины түлшний 50-иас илүү хувийг орон нутгийн нүүрс шингэрүүлэх үйлдвэрээс гарган авах болсон байлаа. Мөн оны намар ЗХУ-ын цэргүүд өргөн бөмбөгдөлт явуулахдаа хамгийн эхний зорилгоор тэр үед тоо нь 20 гаруйд хүрээд байсан эдгээр түлшний үйлдвэрүүдийг устгасан юм. Дайны дараа үйлдвэрүүдийг нөхөн сэргээсэнгүй. Олон зүйл устгагдаж, Зөвлөлтийн армийн анги нэгтгэлүүд нийлэг түлш боловсруулах үйлдвэрийн бүтэн үлдсэн тоног төхөөрөмжүүдийг салган авч ЗХУ руу гаргажээ. Үүнийгээ дэлхийн хоёрдугаар дайны нөхөн төлбөрт авсан хэмээдэг. Энэ нь Оросын Эрхүү мужийн Ангарск хотод байх нефть химийн үйлдвэрлэлийн үндэс нь болсон билээ.

“Нүүрснээс шингэн түлш гарган авах үйлдвэрлэл нь өөрөө нарийн түвэгтэй бөгөөд өндөр өртөгтэйгөөс гадна агаарыг бохирдуулж байдаг процесс гэдгийг мартаж болохгүй” хэмээн профессор Матиас Хэнель хэлсэн байдаг.

Дэлхийн хүн төрөлхтөн түлш хэмээн нэрлэгддэг олборлогдох түүхий эдээс хараат байсаар ирсэн. Түүнгүйгээр орон байрны гэрэл дулааныг хангаж, эрчим хүч үйлдвэрлэж чадахгүй, машин техникийг хөдөлгөж чадахгүй байхсан билээ. “Түлш” хэмээх томьёоллын дор газрын тос, хий болон нүүрс гэх мэтийн түүхий эдийн үндсэн төрлүүдийг нэрлэдэг. Харин газрын тосноос туйлын шаардлагатай бензин болон дизель түлшийг гарган авна. 1973 онд болсон дэлхийн газрын тосны анхны хямралаас хойших нефтийн үнийн өсөлт, зарим улс орнуудын “ногоон” бодлого нь CTL /Coal to liquids/ үйлдвэрлэл илүүтэй хөгжих үндэс суурь болж байна.

Дэлхийн газрын тосны нөөц ч төдий л удаан хугацаанд хүрэлцэхгүй нь илэрхий болж, Ойрхи Дорнодод өрнөсөн үйл явдлын дараагаар энэ сэдэв улам чухал ач холбогдолтой болоод байгаа билээ. Өөрөөр хэлбэл CTL үйлдвэрлэл нь улс орнуудыг газрын тосны үнэ болон импортын хараат байдлаас гаргах бодит боломж болж чадах юм. Өнөөгийн байдлаар дэлхий дээр нүүрснээс шингэн түлш гарган авдаг 50 гаруй үйлдвэр ажиллаж байна. Энэ салбарт АНУ, Хятад улс тэргүүлэх байр суурь эзэлдэг.

Дэлхийн хамгийн том үйлдвэр Өмнөд Африкт 1950 онд байгуулагдсан “Sasol” компанийн эзэмшилд байдаг. “Sasol” хэмээх нэр нь South Africa Synthetic Oils үгсийн товчлол юм. Тус компани нь олон улсын хөрөнгийн бирж дээр JSE:SOL NYSE: SSL бүртгэлтэй. Компанийн жилийн эргэлт 34 тэрбум ранд. Нүүрснээс шингэн түлш гаргах Sasol Secunda Complex үйлдвэр нь жилд 7.5 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн боловсруулж, бүтээгдэхүүнээ дэлхийн 90 гаруй оронд нийлүүлж байна. “Sasol” нь хамгийн багадаа жилд хоёр сая тонн түлш үйлдвэрлэх нөхцөлтэйгээр технологийн лицензиэ эзэмшүүлдэг ба технологио огт зардаггүй. Зөвхөн тухайн үйлдвэрт өөрсдөө хөрөнгө оруулж, хамтарсан компани болох болзол тавьдаг. 1955 онд анхны түлшээ гарган авч байсан энэ үйлдвэр нь өдгөө гоо сайхан, эм зүй, ахуйн хуванцар эдлэл, техник зэрэгт ашиглагдах дайвар бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн нийлүүлж байна.

Хүн ам, эдийн засгийн хурдацтай өсөлтөө даган CTL технологийн салбарт хүч түрэн орж байгаа улс бол Хятад юм. Тус улсын Засгийн газраас 2010-2015 онд нүүрснээс түлш гаргах үйлдвэр байгуулах төсөлд 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Хятадын нүүрс, эрчим хүчний салбарт хамгийн томд тооцогддог “Шиньхуа Энержи” групп нь энэ чиглэлийн үйлдвэр барихаар найман том төсөл хэрэгжүүлж байгаа ажээ. Үүнээс эхний гурав нь 2010 оноос ашиглалтад орсон бөгөөд жилд нийтдээ 4 сая тонн түлш үйлдвэрлэж байна. Зөвхөн ӨМӨЗО-ны Ордост байдаг тус группын үйлдвэр гэхэд өдөрт гурван мянган тонн түлш үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлдэг. Эдгээр үйлдвэр  Royal Dutch Shell, Sasol зэрэг компанийн лицензит технологийг ашиглахаас гадна өөрсдийн технологийг ч мөн давхар нэвтрүүлж байгаа аж.

АНУ-ын хувьд нүүрснээс шингэн түлш гаргах үйлдвэрлэлийн талаар тус улсын Засгийн газар аль 1925 онд судалж байсан байдаг. 1940 онд АНУ-ын Конгресс “Синтетик түлшний” хуулийг баталж, эрдэм шинжилгээний судалгаа болон үйлдвэрлэлд зориулан 80 сая ам.доллар төсөвлөж байжээ. Одоогийнхоор бол ойролцоогоор нэг тэрбум ам.доллар юм. 1950-иад онд Миссури муж дахь туршилтын үйлдвэрт өдөрт 1000 галлон бензин үйлдвэрлэж байсан  байна. Гэвч энэ үед газрын тосны орд газруудыг маш ихээр нээн илрүүлж, тэр хэрээр нефтийн үнэ маш хямд байсан учир бензин үйлдвэрлэх төслүүдээ зогсооход хүрчээ. Газрын тос олборлогч, үйлдвэрлэгч компаниуд ч хүчтэй лоббигоор Засгийн газартаа ихээхэн дарамт үзүүлж байсан нь мөн нөлөөлсөн гэдэг.

1970 онд синтетик түлш үйлдвэрлэх төслийг дахин сэргээхийг оролдсон ч дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ унасаар байсан учир мөн л бүтэлгүйтжээ. Нүүрс хийжүүлэн түлш гаргах АНУ-ын хамгийн том үйлдвэр Умард Дакотад байдаг. Тус улсад нүүрсний салбарт тэргүүлэгч “Peabody Energy”, “Rentech Inc” компаниуд 2006 оноос хамтран  нүүрс хийжүүлэн автомашин болон нисэх онгоцны түлш үйлдвэрлэх үйлдвэрийг байгуулжээ. “Peabody Energy” компани нь нүүрсний томоохон орд газрыг эзэмшдэг бол “Rentech Inc” нь Фишео-Тропшийн технологийг ашиглах эрхтэй. Энэхүү хамтарсан үйлдвэр өдөрт 10-30 мянган баррель түлш үйлдвэрлэх хүчин чадалтай.

Баррель-нефтийн шингэн бүтээгдэхүүн хэмжих стандарт нэгж. Нэг баррель нь 42 галлон ба нэг галлон нь 3,8 литртэй тэнцэнэ.
Жилд 2-3 сая тонн нүүрс ашиглаж байж өдөрт 10 мянган баррель түлш үйлдвэрлэдэг байна. Тэгэхээр өдөрт 420 мянган галлон үйлдвэрлэнэ гэсэн үг юм. Өнөөдөр дэлхийн зах зээл дэх нэг баррель газрын тосны үнэ 123,43 ам.долларт хэлбэлзэж байна.

Манай улсын хувьд мэргэжилтнүүд АНУ-ын “Exxon Mobile” компанийн үйлдвэрийг судалж байгаа билээ. Уг компани нь салбартаа олон жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд технологи нийлүүлэхээс гадна үйлдвэрүүдэд хөрөнгө оруулагчаар ажилладаг байна. CTL технологийг “төрүүлсэн” Герман улс ч  энэ салбарт тэргүүлэгч олон компанитай. 100 гаруй жилийн түүхтэй ThyssenKrupp Uhde компани гэхэд л олон улсад 2000 гаруй үйлдвэр барьж байгуулсан туршлагатай. Олон улсад нэр хүндтэй Siemens ч мөн энэ технологийг эзэмшигч. Энэ мэтчилэн нэр хүндтэй дэлхийн хэмжээний компаниудыг олноор нэрлэж болно. Үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэхийн тулд зарим нь нэгдэх нийлэх нь ч бий. Нөгөө талаас нүүрснээс шингэн түлш гаргах нь маш нарийн технологитой бөгөөд хөрөнгө оруулалт их шаардагддаг учир хамтрахад хүргэдэг байна.

Жил ирэх тусам улс орнууд CTL технологи бүхий үйлдвэрүүдийг барьж, энэ төсөлд хөрөнгө оруулох боллоо. Нүүрнээс шингэн түлш гаргах технологи нь эдийн засгийн хувьд үр ашигтай гэдгийг улс орнууд ч хүлээн зөвшөөрөх болжээ. Монгол улсын хувьд шатахууны импортын хараат байдлаас гарахаас гадна хүрэн нүүрсээ үнэд хүргэж, борлуулах нэгэн шинэ зах зээл нь CTL технологи   юм. 


  • Зочин (203.91.117.4)
    bidend 2 horshoos haraat bus baih boloj garch baiga yum bish vv
    2013 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (147.46.40.165)
    1 barrel -159 litre
    2012 оны 07 сарын 10 | Хариулах