Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Түнш

“Занарын тэсрэлт”-д Монгол нэгдэнэ

Э.Хосцэцэг

“Өнгөрсөн жилүүдэд томоохон гэрээ хэлэлцээр дээр ажилласаар шатдаг занарыг анхаарч амжсангүй. Одоо үлдсэн багахан хугацаагаа занарт зориулна” хэмээн ЭБЭХ-ний сайд Д.Зоригт Эдийн засгийн форумын үеэр хэлсэн юм. Эрчим хүч, нефтийн нөөц дуусахад шатдаг занар “амь тариа” болно гэдгийг бүгд мэддэг байсан ч төдийлөн сонирхож байсангүй. Учир нь занарыг боловсруулахад өртөг өндөртэйгээс гадна шинээр нефтийн ордууд нээгдсэнээр “шатдаг занар” хэмээх эрдсийг бараг мартах шахжээ.

Харин одоо Монголд төдийгүй дэлхий даяар занарыг ихээхэн сонирхож эхэллээ. Ийн хошуурах болсон нь АНУ-аас эхлэлтэй. Өрөмдлөгийн шинэ технологи буюу “fracking” технологийг 2002 оноос АНУ-ын Умард Дакотад хэрэглэснээр занараас үлэмж хэмжээний хий, нефть гарган авч болохыг харуулсан юм. Ингэснээр занар хөрөнгө оруулагчдын сонирхолд орж иржээ.

Шинэ технологи хэмээгдэх “fracking”-ийн талаар MMJ хоёрдугаар сарын дугаартаа дэлгэрэнгүй нийтэлсэн билээ. Товчхон сануулахад, “Занарын тэсрэлт”-ийг бий болгосон өрөмдлөгийн шинэ технологи нь уламжлалт босоо өрөмдлөг ба шинэ хөндлөн өрөмдлөгийн хослол юм. Газрын гүнд байгаа нефть болон хийн ордод нэвтрэхийн тулд олон босоо нүх өрөмддөг байсан бол шинэ технологиор нэг босоо нүх өрөмдөөд, түүнээсээ нефть, хийн судлаа дагаж хөндлөн өрөмддөг байна.

Занарын давхаргад хэвтээ цооногоор ус, элс болон тусгай химийн бодисын хольцыг шахна. Гидро цохилт нь судал хоорондын ханыг нурааж, хий, нефтийг олон тооны босоо цооног өрөмдөхгүй шахаж гаргах боломж олгодог аж. Шинэ технологийг энгийн үгээр тайлбарлавал “дуслыг хураавал далай” гэсэн зарчмаар явагдана гэсэн үг. Энэхүү “дуслыг хураавал далай” зарчим Монголд хэрэгжих боломжтой эсэхийг судлахаар зэхэж эхэлсэн нь сайдын үгнээс “үнэртэж” байна.

Монголд занар бий юү?

Байгаа. Байх байхдаа чамгүй их бий гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг. Гэхдээ шатдаг занарын судалгаа харьцангуй бага хийгдсэн. 1940-1950 оны үед шатдаг занарыг газрын тос, хийн судалгааны хавсарга болгон судалж, 40 гаруй орд илрэл тогтоосон байдаг. 1960-аад оны эхээр түлэх зорилгоор Хөгшин гол, Зүүнбулагийн ордуудын хайгуулыг гүйцэтгэжээ. Харин 1982 онд шатдаг занарыг эрчимтэй судлах анхны хөтөлбөрийг боловсруулж Нялга, Чойбалсан, Дундговийн сав газарт, Төгрөг, Баянжаргалан, Баян эрхт, Сүмийн нуур, Ээдэмт, Хөөт, Шаварт овоо зэрэг хэд хэдэн ордод судалгаа хийжээ.

Эдгээрээс заримынх нь дээжийг Эстон, Япон улсад лабораторид туршсан бөгөөд Ээдэмтийн шатдаг занар давирхайн гарцаар өндөр болох нь тогтоогдсон байна. Давирхайн гарц өндөр байгаа нь найдвар бий гэсэн үг юм. Занарын нөөцийн үнэлгээг Монголд ганцхан удаа 1994 онд хийсэн байдаг. Доктор геологич-инженер Д.Бат-Эрдэнэ агсан, доктор Л.Жаргал нарын тооцоогоор Монголд 23 тэрбум тонн занарын давирхай бий гэнэ. 

Занарын давирхай нь газрын тостой ойролцоо найрлагатай түүхий эд юм. Манай эрдэмтдийн тогтоосон 23 тэрбум тонн гэдэг тоо бол шатдаг занарын зөвхөн давирхайн нөөц гэдгийг энд дахин хэлэх нь зүйтэй байх. Түүнийг боловсруулаад газрын тосноос гаргаж авдаг шатахуун түлш бүгдийг хийж болдог байна.

Бензин шатахууны асуудал үргэлж “толгой өвтгөдөг” манай оронд шатдаг занарын нөөц их байгаа нь сэтгэл сэргээсэн мэдээ юм. Цаашид судалбал нөөцийн хэмжээ ихсэх боломж ч бий. Учир нь занар органик бодисоор баялаг. Тэгэхээр шатдаг занар  амьд биеэс гаралтай гэсэн үг. Нефть органик гаралтай гэж анх М.В.Ломоносов 1763 онд бичсэн гэдэг.

Бүдүүн тоймоор тайлбарлавал хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан аварга динозаврууд, амьд организмууд мөхөж газрын гүнд шингээд занар, нефтийн давхарга бий болжээ. Газрын элсэн давхаргад үлдсэн нь цэвэр нефть, элсэн давхарга нь норж дагтаршаад шавар болж чулуужсан нь занар аж. Нефть, занарын эртний ордуудыг 600 сая жилийн өмнө бүрэлдсэн гэж үздэг. Тиймээс ч үлэг гүрвэлийн мөрийг өдий болтол хадгалсан Монгол нутгийн газрын гүнд нефть болоод занарын давхарга их бий гэдгийг зарим судлаач сануулаад байгаа хэрэг.

Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ийн ¹004  дугаараас уншина уу.
  • Зочин (103.229.120.72)
    Хаха дахиад жоохон юм уншиж байж бичихгүй дээ
    2014 оны 09 сарын 18 | Reply