Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Нүүрснээс дизель түлш гаргах технологийн эдийн засгийн үр ашиг

Газрын тосны 200 сая тонн нөөцтэй Монгол улс боловсруулах үйлдвэргүйн улмаас шатахууны хэрэгцээгээ 100 хувь импортоор хангасаар ирсэн. “Шатахууны үнэ өссөнтэй холбогдуулан...” гэсэн тайлбарт монголчууд хэдийнэ дасал болжээ.
Монгол улс газрын тосны бүтээгдэхүүний 98 хувийг ОХУ-аас, үлдсэн 2 хувийг Хятад болон бусад орноос импортолдог. Газрын тосны дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч Орос өдөрт 10.26 сая баррель нефть олборлож байна.

Үйлдвэрлэсэн шатахууныхаа тал хувийг дотооддоо хэрэглэдэг ч эдийн засгийн өсөлтөө даган сүүлийн жилүүдэд үе үе хомсдолд орох болсон. Хойд хөршийн эдийн засаг, түүний дотор шатахууны зах зээлийн хэлбэлзэл, зарим тохиолдолд улс төрийн өөрчлөлт шинэчлэл манайд нийлүүлэх шатахууны үнэд шууд нөлөөлнө. Хятад улсын хувьд эдийн засгийн түргэн өсөлтийг дагаад газрын тосны импорт нь сүүлийн таван жилд хоёр дахин өссөн бөгөөд одоогийн байдлаар нийт хэрэглээнийхээ хэмжээгээр АНУ-ын дараа ордог хоёр дахь том хэрэглэгч болоод байгаа билээ.

Дэлхий дахины газрын тосны нийт хэрэглээний гуравны нэгийг дангаар энэ улс хэрэглэж байна. Хятад нь газрын тосны 14 жилийн нөөцтэй гэсэн мэдээлэл ч бий. Одоо тус улс нь газрын тосны нийт хэрэглээнийхээ 55 хувийг импортоор хангаж байгаа бөгөөд импортынхоо талаас илүү хувийг Ойрхи Дорнодоос хийж байна. Хэдхэн жилийн дараа “тэг” заачихгүйн тулд одооноос эхлэн газрын тосны нөөц баялагтай боловч техник, хөрөнгөгүй орнуудад хөрөнгө оруулалт хийхийг зорьж байна. Тиймээс манай улсад газрын тосны бүтээгдэхүүн “илүүчлэх”-ээс илүүтэй газрын тос боловсруулах үйлдвэр барихад хамтарч ажиллах сонирхолтой.

Гаднаас эрэл хайгуул хийгээд эхэлсэн улс орнуудаас бүтээгдэхүүн импортлох ирээдүйг өөдрөгөөр төсөөлөхөд бэрх. Иймд урт удаан хугацаанд газрын тосны бүтээгдэхүүнээ оновчтой бодлогоор найдвартай хангаж, түлшний хараат байдлаас гарч, газрын тосны боломжит нөөцдөө тулгуурлан ирээдүйд дотооддоо түлш үйлдвэрлэх нь Монгол улсын хамгийн чухал зорилт болжээ. 2011 оны байдлаар манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ нэг сая гаруй тоннд хүрсэн. Монгол улс эдийн засгийн хөгжлийн гол хөшүүргээ уул уурхайн салбар хэмээн тодорхойлоод байгаа.

Мэргэжилтнүүдийн тооцоолж байгаагаар 2015 он гэхэд Монгол Улсын шатахууны нийт хэрэглээ 1.5 сая тонноос давах магадлалтай байгаа бөгөөд дизель түлшний хэрэгцээ 1 сая тонн, бензин 0.5 сая тоннд хүрэх юм. Харин 2020 онд нийт хэрэглээ 2.5 сая тонн байхаас 1.85 сая тонныг дизель түлш, 0.65 сая тонныг бензин эзэлнэ гэсэн тооцоо гарчээ. Уул уурхайн салбарын их бүтээн байгуулалтыг дагаад нефтийн бүтээгдэхүүн, түүний дотор дизель түлшний хэрэглээ улам бүр нэмэгдэх тул ийм төрлийн үйлдвэрүүдийг барьж ашиглалтад оруулах нь ихээхэн үр ашигтай.

ЭБЭХЯ-ний мэдээллээр манай улс жилд 300 мянган тонн газрын тос олборлодог. Газрын тосны нөөцтэй орон хэрнээ ямар учраас боловсруулах үйлдвэр барьдаггүй юм бол? Дэлхийн улс орнуудын туршлагаар газрын тос боловсруулах үйлдвэр нь жилдээ хамгийн багадаа хоёр сая тонн түүхий нефть боловсруулж байж эдийн засгийн хувьд ашигтай ажилладаг байна. Монгол улс 2015 онд 1.1 сая тонн газрын тос олборлоно гэж  мэргэжилтнүүд таамаг тооцоо гаргажээ. Үүнийг олборлолтын хамгийн “дээд цэг” гэж үзсэн ч газрын тос боловсруулах үйлдвэрийн ашигтай ажиллах хэмжээнд хүрэхгүй байх болгоомжлол ажиглагдаж байгаа юм.

Гэхдээ манай улсад тохирох овор хэмжээ, хүчин чадалтай үйлдвэрүүд олон улсад мэдээж бий. Ийм үйлдвэрүүдийн хэд хэдэн төсөл Монгол улсад яригдаж, судалгааны шатандаа явж байна. Импортын болон дотоодын нефть боловсруулах чиглэлээр одоо гурван төсөл бэлтгэгдсэн бөгөөд хамгийн том нь Дархан-Уул аймагт Японы санхүүжилтээр байгуулагдах үйлдвэр юм. “Монгол Секью”, “Петровис”, “Магнай Трейд” болон “Жаст” зэрэг Монголын үндэсний компаниуд консорциум болон нэгдэж жилд хоёр сая тонн түүхий нефть боловсруулах хүчин чадалтай, нийт 600 сая ам.долларын санхүүжилттэй төслийг эхлүүлээд байна. Ажлын явцын хувьд ТЭЗҮ нь хийгдээд дууссан байгаа.

Сайншандын аж үйлдвэрийн паркийн төслийн хүрээнд жилд 1.5 сая  тонн түүхий нефть боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөж буй. Одоогийн байдлаар судалгааны шатандаа явж байгаа бөгөөд төсөл хэрэгжүүлэгч нь “Сод Монгол” компани юм. Мөн Дорнод аймгийн Зүүнбаянд жилд 150 мянган тонн газрын тос боловсруулах жижиг оврын үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхээр Засгийн газраас батлаад байна.

Гэхдээ манай улсын газрын тосны нөөцийн хэмжээ бага тул дотоодын нөөц бололцоондоо тулгуурлан шатахуун үйлдвэрлэх тохиолдолд элбэг байгаа нүүрсийг хийжүүлэх, шингэрүүлэх замаар шатахуун үйлдвэрлэх боломж бас бий. Дэлхийн зах зээлд нэг баррель нефтийн үнэ 70-80 ам.доллар байхад нүүрсийг хийжүүлж газрын тосны бүтээгдэхүүн гаргах нь эдийн засгийн хувьд ашигтай гэж мэргэжилтнүүд үздэг. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн үнэ 100 ам.долларт хэлбэлзэж, буурах төлөв үгүй байна. Манай улсын нүүрсний геологийн таамаг нөөц 175 тэрбум тонн бөгөөд цаашид өсөх магадлалтай гэж үздэг.

Үүнээс 100 гаруй тэрбум тонныг нь хүрэн нүүрс эзэлнэ. Дэлхийн зах зээлд өндөр үнээр борлуулдаг, металлургийн зориулалтаар ашиглах боломжтой коксжих ба чулуун нүүрстэй харьцуулахад хүрэн нүүрс нь насжилтын зэрэг, илчлэг багатай, хувиралд хялбар орох шинж чанартай. Ийм чанартай нүүрсийг нэг бол цахилгаан станцад шатаах, аль эсвэл хийжүүлэн шингэн түлш гаргаж авахад тохиромжтой ажээ. Гэхдээ нүүрсийг хийжүүлэн дизелийн түлш болон бензин үйлдвэрлэх үйлдвэрлэлийн технологи нь ялгаатай учир чиглэл тус бүрээр нь үйлдвэр барих нь зүйтэй гэнэ.
Шингэн түлш үйлдвэрлэл нь120 орчим жилийн түүхтэй бөгөөд хамгийн өргөн тархсан нь газрын тос боловсруулах замаар шингэн түлш үйлдвэрлэх технологи юм.

Нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх шууд болон шууд бус технологиуд байдаг. Газрыг тосыг шууд боловсруулах буюу гидрогенжүүлэн шингэрүүлэх аргыг 1913 онд Германы эрдэмтэн Бергиус боловсруулжээ. Ийм аргаар шингэн түлш үйлдвэрлэх анхны туршилтын байгууламж 1927 онд Германд, үүнээс таван жилийн дараагаар Англид байгуулагдсан аж. Харин шууд бус арга буюу нүүрс боловсруулах аргыг 1923 онд Германы эрдэмтэн Фишер, Чехийн эрдэмтэн Тропш нар боловсруулсан байдаг. Уг технологи нь ихэд алдартай хэрнээ нэлээд нууцлагдмал. Маш цөөн тооны технологи эзэмшигчид л мэддэг байна. Энэ аргаар гаргасан шингэн түлшний 80 хувь нь дизель түлш, үлдсэн 20 хувь нь нафта байдаг. Технологийн сонголтоосоо хамааран дизель түлшийг 90 хувь гаргах ч боломжтой. Шууд бус аргаар гаргасан шингэн түлш нь байгаль орчинд ээлтэй, өөрөөр хэлбэл нефтиэс болон шууд аргаар гарган авсан шингэн түлшнээс хамаагүй бага хүхэр агуулдаг.

Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ийн 003  дугаараас уншина уу.