Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Байгаль орчин

100 жилийн дараах хайныг хагалахаар одоо бид ажиллаж байна

Ярилцсан Э.Сайхантуяа

Говийн бүсэд одоо өрнөж буй, цаашид эрчээ авах уул уурхайн үйлдвэрлэлээс үүдэлтэй байгаль экологийн доройтол, нөхөн сэргээлтийн талаар MMJ дугаар бүртээ хөнддөг. Энэ удаад Өмнөговь аймгийн нутаг дахь “Оюутолгой” төслийн лицензийн талбайд нөхөн сэргээлтийн урьдчилсан судалгааг удирдан явуулж буй Ж.Санжид гуайтай ярилцлаа. Тэрбээр Шинжлэх ухааны академийн харьяа Ботаникийн хүрээлэнд олон жил хүчин зүтгэсэн бөгөөд одоо “Оюутолгой” компанид ургамал судлаачаар ажиллаж буй.

“Оюутолгой” төслийн хүрээнд байгаль экологийн  ямар ажлууд хийж байгаа талаар танилцуулаач?
Ер нь “Оюутолгой” төсөл ил болон далд уурхайтайгаар үйл ажиллагаа явуулна гэдгийг Та бүхэн мэдэж байгаа. Далд уурхайн нэг онцлог бол газрын гадаргад  үзүүлэх нөлөөлөл харьцангуй багатай. Блокчлон олборлох арга буюу 1500-2000 метрийн гүнд байгаа хүдрийн биетийг газар дор нь буталж, улмаар газрын гүнээс баяжуулах үйлдвэрт хэрэгцээтэй хэсгийг нь л гарган авдаг учир ил уурхайг бодвол сөрөг нөлөөлөл бага.

Нөгөөтэйгүүр, ордын геологийн нөөц дуусаагүй. Энэ оны гуравдугаар сард дахин нэг бололцоотой уурхай нээсэн тухайгаа зарласан. Ер нь Оюутолгойн уурхайн ТЭЗҮ-д 40-60 жил ашиглана гэж төлөвлөсөн боловч цаашид 100-200 жил ажиллах магадлал өндөртэй гэж манай геологичид ярьдаг юм. Тэгэхээр уурхайн хаалтын нөхөн сэргээлт нэлээд хол сонсогдож байж болох юм. Гэхдээ бид хаалтын нөхөн сэргээлт гэж яриад одоо зүгээр сууж болохгүй. Ашиглалт эхлээгүй, дөнгөж уурхайгаа барьж байгуулах шатандаа явж байгаа хэдий ч нөхөн сэргээлтийг хаалтын үед, явцын дунд хийнэ дээ гэх санаагаар хойш нь тавьдаггүй. Тийм ч учраас  ургамалжилтын хяналт шинжилгээний ажлыг 2003 оноос хойш жил бүр хийгээд явж байна. Ханбогд, Мандах, Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт нийт 36 цэг сонгож аваад жил бүр судалгаа хийдэг. Дээрх 36 цэг нь тухайн орчны ургамалжилтын хэв шинжийг тодорхойлж чадна гэж үзэн сонгосон юм. Эхлээд ургамлын аймгийн зүйлийн бүрэлдэхүүн, тэнд байгаа ховор ургамлуудын тухай, цэгүүд нь хаана байгааг, ямар бүлгэмдэл үүсгэж байна вэ гэдгийг судалсан юм. Угаас ургамалжилтын хэв шинжийг нь судлалгүйгээр нөхөн сэргээлт хийнэ гэвэл буугаа шагайлгүй сум тавихтай адил зүйл. Судалгаагаа дуусгасны дараагаар бид нөхөн сэргээлтийн мониторингийн асуудалд орж байна.

Товчхондоо бол одоо уул уурхайн нөхөн сэргээлт хийгээгүй байгаа. Нийт талбайн 99 хувийг улайдах гэж байгаа газарт бид нөхөн сэргээлт хийгээд яах юм бэ. Харин лицензийн талбайд байгаа ховор болон нэн ховор ургамлуудаа эвдрэлд өртөхгүй хэсэгт шилжүүлэн суулгаж байгаа. Жишээлбэл, хулангийн ундаа, хайлс, чихэр өвс гэх мэт. Мөн лидэр гэж ургамал байна. Лидэр Оюутолгойн лицензийн талбайд байхгүй. Харин Тавантолгойн Цагаан хадны орчимд бий. Гэтэл нүүрс тээвэрлэлтийн улмаас энэ ховор ургамал үгүй болчих гээд байна. Тиймээс бид лицензийн талбайд байхгүй гээд орхих биш, мөн л шилжүүлэн суулгаж байна. Хамгийн эмзэг баримт бол Гашуунсухайтын орчимд Тогоо уулын тоорой гэж ургамал байдаг юм. 2005 онд тоолоход 236 бодгаль байсан. Гэтэл өнгөрсөн жил тоолоход таван бодгаль нь л амьд үлдсэн байна. Үлдсэн нь сөнөчихсөн. Тэгэхээр бидэнд мөн л лицензийн талбайн гадна байгаа учраас тэр хамаагүй гэж харсаар байгаад үхүүлчих үү гэсэн асуудал тулгарч байна. Улмаар мөн л эх тооройнд нь үлдсэн хэдэн найлзуурыг авч ургуулж байгаа. Энэ мэт дээр хэлсэн ажлуудыг гүйцэтгэн лицензийн талбайн салхин дээд талд нь ногоон зурвас үүсгээд байна.

Хайгуулын өрмийн хошууг хөрснөөс сугалах үеэс нөхөн сэргээлт эхлэх ёстой

Нөхөн сэргээлтийг уурхайн хаалтын дараа бодож эхэлдэг буруу туршлага манайд бий. Ер нь уул уурхайн нөхөн сэргээлт яг хэдий үеэс эхэлдэг юм бэ?

Олборлож эхлээгүй байхад юуных нь нөхөн сэргээлт гэх маягийн зүйл ярьдаг хүн олон байна. Тэд хаалтын нөхөн сэргээлтийн талаар л бодоод байгаа хэрэг. Гэтэл хайгуулын өрмийн хошууг хөрснөөс сугалах тэр үеэс л нөхөн сэргээлт эхлэх учиртай юм.

Лицензийн талбайд үйлдвэрлэл эхлээгүй үед ч нүсэр техникээс эхлээд бэлтгэл ажлуудын улмаас хөрс, орчин эвдрэлд өртдөг. Замаа эвдчихлээ гэхэд тэр газрыг мөн л нөхөн сэргээж байх ёстой. Хайгуултайгаа зэрэг нөхөн сэргээж явдаг олон улсын стандарт бий.

Тэгвэл “Оюутолгой” төслийн талбай дахь бэлтгэл ажлын явцад эвдэрсэн газруудыг тогтоосон болов уу?
Өрмийн хошууны нөлөөллөөр эвдэрсэн газруудыг бид сая бүртгэлээ.  Оюутолгойгоос 99 км радиуст усны хайгуул хийсэн юм. Хайгуул хийхдээ өрөмдөж орхисон газрууд байна. Энэ бол бас л хожуу ухаарал байхгүй юу. Юу гэвэл, анхнаасаа бид өрмийн хайгуулыг нь дагаж яваад араас нь нөхөн сэргээх хэрэгтэй байсан юм. Тухайн үед ингэж ажиллаж чадаагүйгээс болоод өнгөрсөн хугацаанд борооны ус цохиод хөрсийг нягтруулчихсан байгаа. Гэхдээ бид энэ зун тэр хэсэгт нөхөн сэргээлт хийнэ.

Одоо хийж байгаа өөр нэг ажил бол карьер ухахад эвдэрсэн 2х2 км хэмжээтэй газрыг нөхөн сэргээж байна. Мөн 300 метрийн өргөн, 4 км-ийн урт бүхий онгоцны буудлын нөхөн сэргээлтийг хийж байгаа.

Онгоцны буудлын цементэлж, хайргадсан хэсгийг яаж нөхөн сэргээнэ гэж?
Яг онгоцны буудлын талбай биш. Түүнийг барихын тулд гадуур нь машин явсан байгаа шүү дээ. Эргэн тойрны газар нутгийг нь нөхөн сэргээж байна гэсэн үг. Түүнээс гадна хүний орчны нөхөн сэргээлт гэж байна. Заавал техникийн нөлөөллөөр эвдэрсэн газрын нөхөн сэргээлтээс гадна ажилчдын байрны орчныг бас нөхөн сэргээх хэрэгтэй.

Оюутолгойн лицензийн талбайд 158 зүйлийн ургамал байна

Одоо мониторингийн ажилдаа орж байна гэлээ. Олон улсад нөхөн сэргээлтийн өмнөх судалгаанд мониторингийн үнэлгээ маш чухал байр эзэлдэг юм билээ?
Тэгэлгүй яахав. Би 2003 онд тус төслийн Байгаль орчны үнэлгээнд оролцож байлаа. Түүнээс хойш ургамал судлалын ажлыг нь хариуцан ажилласан. Энэ туршилт судалгааг эртнээс хийснээрээ бид бодит утгаараа нөхөн сэргээж эхлэх үед маш чухал баримтыг баталгаажуулж байна гэсэн үг шүү дээ. Харин мониторинг гэдэг бол энэ газар хожмын өдөр эвдрэхэд анхны төрх нь ийм байсан юм шүү гэдгийг баримтжуулж байна гэсэн үг.

Одоо ч яахав говийн нэг хялганыг тасдахад ямар ч өртөггүй байж болно. Хожмын өдөр тэр хялганы үнэ цэн тодорхойлогдох цагт “За, танайх тийм талбайд байсан төчнөөн тооны хялганыг устгасан байна” гэхэд анхны тоо хамгийн чухал шүү дээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газар болон тухайн компани хоорондын хэрүүлийн хайныг хагалахад анхны тоо буюу бидний одоо хийж байгаа ажил маш чухал юм. “100” жилийн дараа үүсч болзошгүй хэрүүлийн хайныг хагалах ажлыг бид одоо баримтжуулж байгаа хэрэг. Угаас мониторингийн ажлын зорилго энэ л юм. Ер нь мониторингийн асуудалд үндэслэсэн нөхөн сэргээлтийн ажил бол ботаникийн шинжлэх ухааны өнөөгийн түвшний эцсийн бүтээгдэхүүн юм шүү дээ.

Олборлолтын дараа эргүүлэн сэргээх ёстой унаган төрхийг нь судалгаагаараа тодорхойлж чадсан уу?
Бидний 2003 оноос хойшх суурь судалгааны үр дүнгээс хэлэхэд, Оюутолгойн лицензийн талбайд нийт 158 зүйлийн ургамал ургаж байгааг тогтоосон байна. Ер нь төслийн талбай нийт 8400 га-г хамарч байгаа. Энэ хэсэгт уул уурхайн үйл ажиллагаа маш эрчимтэй явагдана. Нийт талбайн 90 гаруй хувь нь шууд нөлөөлөлд  автана. Эвдрэлд орсны дараа энэ хэсгийн талбайн унаган төрх, хэв шинж ийм байсан юм шүү гээд дэлгээд тавих баримтыг бид цуглуулж байна.

Жишээлбэл, судалгаагаар илрүүлсэн 158 зүйлийн ургамал үйлдвэрлэлийн дараа тухайн талбайд тоо ёсоороо эргэн соёолно гэж ойлгох уу?
Анх ямар хэв шинжтэй байсан тэр төрхөнд нь оруулахын тулд л одоо ажиллаж буй юм. Бидний гол баримталдаг зарчим бол нутгийн ургамлыг тариалах замаар нөхөн сэргээх. Харь ургамал тариад, усалж ургууллаа гэхэд уурхай хаагаад явсны дараа дасан зохицож чадахгүй зүйл их байдаг. Сайнаар бодож тухайн харь ургамал хөрсөндөө дасан зохицлоо гэхэд тэр ургамлыг идэж, өсөж үрждэг ан амьтанд таарахгүй байх тохиолдол олон. Бид олон удаагийн туршилтын явцад ер нь нутгийн ургамлыг л тухайн газарт тариалах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн. Тийм ч учраас дээрх 158 зүйлийн ургамлыг шилжүүлэн суулгаж, тариалж байгаа.

Ер нь хүний үйл ажиллагаагаар нөхөн сэргээхээс гадна өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадвар байгальд  бий шүү дээ. Техникийн нөхөн сэргээлтийг ном горимоор нь хийж чадвал байгаль өөрийгөө нөхөн сэргээх боломжтой гэж бид судалгаагаараа дүгнэсэн юм.  Манайхны дунд ухсан шороогоо буцаж булаад, тэгшилж орхихыг техникийн нөхөн сэргээлт гэж үзэх хандлага их байна. Гэтэл хөрсний өнгөн хэсгийн үржил шимтэй давхаргыг тусад нь авч овоолон үйлдвэрлэлийн дараа хөрсөө буцааж үе шаттайгаар булах ёстой. Улмаар сийрүүлэн, шан татаж, ургамал ургах нөхцөлийг нь бүрдүүлээд өгөх юм бол ялангуяа говийн нөхцөлд ургамлын үр салхинд хийсч ирээд хур борооныхоо чийгэнд тэжээгдэж, байгаль өөрөө өөрийгөө нөхөн сэргээх боломжтой юм гэдгийг туршилтаар мэдсэн.

Ер нь нөхөн сэргээлтийг техникийн болон биологийн гэж ялгахаа больё. Нийтэд нь  биологийн нөхөн сэргээлт хэмээн авч үзэх хэрэгтэй гэсэн зарчмыг бид баримтална.  Угаас олон улсын практикт ч техникийн, биологийн гэж ялгадаггүй.  Нөхөн сэргээлт л бол нөхөн сэргээлт. Энэ чиглэл рүү яваандаа орно гэж бодож байгаа. Мөн иргэдийн оролцоог бүх шатанд нэмэгдүүлэхийг эрхэмлэж байна. Эцсийн үр дүндээ манай нөхөн сэргээлтийн чанар л илүү сайжирна.

Говь, цөлийн нөхцөлд шарилж хүртэл үнэт ургамал болдог

Говийн бүсийн нөхөн сэргээлтэд хамгийн тохиромжтой ургамлыг хиаг, саман ерхөг, сибир хялгана гэж ХААИС-ийн судлаач багш нар тогтоосон байна лээ. Та бүхний судалгаагаар ямар үр дүн гарсан бэ?
Дээр хэлсэн техникийн нөхөн сэргээлтийг ном горимоор нь хийсний дараа тэнд хамгийн түрүүн “хэн” ирж ургаж байна вэ гэвэл цөөн наст буюу бидний хэлдгээр шарилж, хогийн ургамал байна. Сүүлийн үед хөл газрын ургамал гэж бас нэрийдэх болсон. Тал, хээрийн бүсэд хэрэггүй гэж үзэгддэг энэ ургамал говь, цөлийн нөхцөлд маш чухал ач холбогдолтой үнэт төрөл зүйл юм гэж бид дүгнэсэн юм.  Тулгамдаж буй асуудал бол Эвдэрсэн газрыг ургамалжуулах ерөнхий шаардлага хэмээх стандартад “Нөхөн сэргээлтийн ажилд нэг, хоёр настай ургамлыг хэрэглэхгүй” гээд заачихсан байдаг юм. Хангайд бол энэ заалтыг хэрэгжүүлж болно л доо. Хангайд шарилж тарьчихвал бусад ургамал зугтчихдаг. Гэтэл говьд услаад байхад шарилж ч ургахгүй байна. Тиймээс нэг, хоёр наст ургамлыг нөхөн сэргээлтэд ашиглахдаа хольж тариалж болохоор зааж өгөх хэрэгтэй гэсэн санал байна. Эхний ээлжинд шарилж ургуулснаар хөрсийг нь барьцалдуулж өгөх сайн талтай учир бусад ургамлын ургалтад бэлтгэл болно.

“Оюутолгой” төслийн үйл ажиллагаанд  говийн гүний усыг ашиглана. Ботаникийн шинжлэх ухааны хүний хувьд Та энэ асуудалд хэрхэн ханддаг вэ?
Тухайн хэсэгт газрын дорх ус 70 метрийн гүнд байгаа. Гэхдээ газрын гүний ус ургамал ургахад таатай нөхцөл байж чадахгүй. Хооронд нь 70 метрийн лаг улаан шавар байгаа гэсэн үг. Гүний усаар тэжээгддэг байсан бол ган болохгүй, ургамал ургасаар л байх ёстой биз дээ. Тэгэхээр би хөрсний их гүний ус ургамалд нөлөөлөхгүй гэж бодож байгаа. Ер нь ургамлын өсөлт хөгжилд хөрсний зөвхөн өнгөн хэсгийн чийг чухал байдаг юм. Тэгэхээр гүний давхаргын устай ургамал харьцах аргагүй.

Гүний усыг олборлолтод ашиглах тухайд бол мэдээж санаа зоволгүй яахав. Монгол улсын хэмжээнд худгийн усны түвшин нийтээрээ доошлоод байна шүү дээ. Говийн гүний усыг 50 жил ашиглалаа гэхэд түвшин нь 27 метр доошилно гэх судалгааны дүнг би сонсож байсан.

Нөхөн сэргээлтийн бодитой үр дүн 2014 оноос харагдана

Манай улс дахь нөхөн сэргээлтийн мэргэжилтнүүдийн хангамж, ур чадварыг Та хэрхэн үнэлдэг вэ?

Чадварлаг судлаач, мэргэжилтнүүдийн нөөц хангалттай бий гэж хэлмээр байна. Харин ажлаа мэддэг тэдгээр хүнээс уул уурхайн компаниуд зөвлөгөө тусламж авахгүй байгаад гол учир нь байна. Хөрөнгө мөнгөө боддог ч юм уу, энэ талын мэдлэг дутуу дулимаг хэн хэгнийг ажиллуулсан нэр зүүж, нөхөн сэргээсэн дүр үзүүлээд орхидог. Энэ байдлыг таслан зогсоохын тулд бид компаниудад “Энэ  газрыг эвдэлсэн бол Та нар өөрсдөө нөхөн сэргээлтээ хий. Харин стандартын дагуу хийж чадахгүй бол мөнгөө өг” гэсэн зарчимд шилжмээр байгаа юм. Нэг үгээр, тэднээр хийлгэхийн оронд тохирсон мөнгийг нь авч, жинхэнэ мэргэжлийн хүмүүсээр нөхөн сэргээлгэх ёстой. Эс тэгвэл өнөөх компаниуд хайран газар нутгийг маань  улайдаж орхичихоод хаяад явчихаж байна шүү дээ.