Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Пиус Фишер: “Алтны солиорол дунд” Монгол өөрийн соёлын үндэс угсаа, унаган төрхөө үгүй хийвэл хэзээ ч нөхөж баршгүй, харамсалтай

Монголын уул уурхай олон улсын анхаарлыг татаж буй энэ цаг үед тус салбарт дэлхийд тэргүүлэгч орнуудын туршлага бидэнд ихээхэн чухал билээ. Уул уурхайн хамгийн олон жилийн түүхтэй Герман улс нь техник технологи, нөхөн сэргээлт, хууль эрх зүйн орчны зохицуулалтаараа арвин их туршлагатай. Тус улсын уул уурхай болон өнөөгийн эдийн засгийн талаар Герман улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд, ноён Пиус Фишертэй ярилцлаа.    

Эрхэм элчин сайд Та 2007 оноос Монгол оронд ажиллаж буй. “МсСloskey Монголын нүүрс ба Дэд бүтэц” бага хурлын үеэр “Монгол улс өнөөдөр дэлхийн цөм, ирээдүй мэт санагдаж байна” хэмээн хэлсэн нь  тун ч өөдрөг сэтгэгдэл төрүүлж байлаа. Герман-Монгол орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг Та хэрхэн үзэж байна вэ?  

Тийм ээ. Тэр хурал дээр   “дөрвөн жилийн өмнө би Монгол Улсад анх хөл тавихдаа ертөнцийн хязгаарт ирлээ   гэж бодож байсан бол өнөөдөр дөрвөн жилийн дараа харин ч дэлхийн хөгжлийн үйл хэргийн цөмд байна” гэж ялигүй дэврүүн сэтгэлээр хэлсэн. Энэ маань ч учиртай. Улаанбаатар хотод өнөөдөр дэлхийн томоохон банкууд, уул уурхайн магнатууд мөн хүнд технологийн олон улсын тэргүүлэгч үйлдвэрүүд хаалганы бариулыг атгасан байна.

Герман Улс Монгол Улсын хооронд “иж бүрэн түншлэлийн харилцааг” улс төрийн, эдийн засгийн, хоёр орны хөгжлийн бодлогын хүрээнд мөн соёлын салбарт хөгжүүлж байна. 2008 онд ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн  Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр манай хоёр орны харилцааны үндсийн тухай хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан юм. Манай хоёр орны харилцаа олон жилийн түүхэн улбаатай. Өнгөрсөн зууны 20-иод оны үеэр Монголын анхны оюутнууд  Герман Улсад мэргэжил эзэмшихээр явж байсан түүхтэй. Өнөөдөр 30.000 монгол иргэн герман хэлийг эзэмшсэн байна. Улс төрийн түвшинд манай хоёр орон маш дотно найрсаг хамтын ажиллагаа өрнүүлж байна. 2010 оны намрын улиралд л гэхэд Холбооны гурван сайд Монгол Улсад айлчилсан. Эдийн засгийн салбарт манай улс Европын Холбоонд Монгол Улсын худалдааны салбарын чухал түнш нь болов ч миний бие Германы аж ахуйн нэгжүүд Монголд илүү олноор орж ирж үйл ажиллагаагаа идэвхжүүлээсэй хэмээн хүсдэг юм. Монгол орон байгалийн баялгаар баян үндэстэн. Герман өндөр технологийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг үндэстнүүдийн нэг. Энэ хоёрыг хослуулбал бид бие биенээ гайхалтайгаар харилцан нөхөж хөгжиж болно.        

Герман улсын эдийн засгийн хөгжлийн гол бахархал болсон өнөөгийн техник технологи,  үйлдвэрлэлийн тухай Та сонирхуулахгүй юу?  

Германы эдийн засаг өндөр технологийн бараг бүхий л салбарт тэргүүлж байна. Юуны түрүүнд автомашины үйлдвэрлэл, эрчим хүч болон байгаль орчны техник, уул уурхайн техникийн үйлдвэрлэл мөн ашигт малтмалын боловсруулах үйлдвэр, хими болон эмийн үйлдвэрлэл, ложистик зэрэг. чиглэлүүдийг дурдаж болно. Дэлхийн дээр уул уурхайн салбарыг хамгийн эрт хөгжүүлсэн үндэстний хувьд  Герман орон ил уурхай, гүний уурхай, ашигт малтмал боловсруулах (жишээ нь нүүрсийг коксжуулах, нүүрс ашиглан цахилгаан үйлдвэрлэх, хийн түлш гаргах мөн шингэн түлш гаргах зэрэг) дээр нь нөхөн сэргээлт болон цацраг идэвхт ашигт малтмал олборлож байгаад хаасан уурхайнуудыг хоргүйжүүлэн нөхөн сэргээх   талаар асар их судалгаа хийж дүгнэлт гаргасан туршлагатай. Байгаль орчны хамгаалалд тавигдах шалгуур маш хатуу байдаг учраас байгаль орчинд ээлтэй технологи үйлдвэрлэн ашиглах талаар Германд үнэхээр их судалгаа дүгнэлтүүд хийгдсэн. Энэ бүгдийг Монгол Улсад нэвтрүүлэн ашиглаж болно. Монголын мэргэжилтнүүд болон улстөрчид, төлөөлөгчид хэд хэдэн удаа Герман улсад айлчлан өөрийн нүдээр харж, газар дээр нь манай туршлагатай танилцсан.

Герман улс нь уул уурхайн олон жилийн уламжлалт түүхтэй орон билээ. Монгол улсын хувьд дөнгөж хөгжиж эхэлж буй гэж хэлж болох уул уурхайн салбарын ирээдүйг Та хэрхэн харж байна? Таны бодлоор энэ салбарын хөгжилд нэн түрүүнд юуг чухалчлан анхаарвал зохистой бол?

Байгалийн баялагтай улс оронд хөгжих асар нөөц боломж байна. Гэхдээ үүнийг зөв бодлогоор зохицуулахгүй бол зэрэгцээд Монгол орны эдийн засгийн болон нийгмийн хөгжилд эрсдэл дагуулах нь дамжиггүй юм. Монголын ард түмэнд, нийгмийн бүхий л давхаргад ашигтай үйл хэрэгт уул уурхайн орлогоос хүртээх, дээр нь байгаль орчноо сүйтгэхгүй уул уурхай эрхлэх талаар Засгийн газар, Улсын Их Хурал  зохистой орчин бүрдүүлэх үүрэгтэй. Үүнийг хийхийн тулд боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Нэн тэргүүнд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, мэргэжил эзэмшүүлэх чиглэлд, академийн боловсрол олгох. Юуны түрүүнд инженерийн болон байгалийн шинжлэх ухааны салбарт, дэд бүтцээ хөгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх гэх мэт чиглэлд уул уурхайн ашгаас хөрөнгө оруулах хэрэгтэй. Уул уурхайн “алтны солиорол дунд” Монгол Улс өөрийн  соёлын үндэс угсаа, унаган төрхөө үгүй хийвэл хэзээ ч нөхөж баршгүй тун харамсалтай юм болно.

Тавантолгойн орд газарт оператороор ажиллах тендерт оролцож буй Герман улсын “Operta BBM” консорциумд хэр найдлага тавьж байна вэ? Эдгээр компаниудын уул уурхайн салбар дахь давуу тал нь юу вэ?

Operta BBM болон уг консорциумд нэгдсэн компаниудын давуу тал нь өндөр технологи, байгаль орчны болон нийгмийн стандарт нормыг хангасанд байгаа юм. Тавантолгойн Зүүн Цанхид уг консорциум оператороор орох юм бол энэхүү өндөр норм стандартыг Монголд нутагшуулна. Үүнийг дагаад Германы өөр олон компаниудын хөрөнгө оруулалтыг Монгол руу татах болно. Үүнээс гадна Монгол Улсын Засгийн Газрын гурав дахь хөршийн концепцийн эрх ашигт мөн нийцнэ. Эдийн засгийн харилцааг төрөлжүүлэн олшруулж зарим тохиолдолд аль нэг орноос дагнан хараат болохоос урьдчилан сэргийлнэ.  

Герман улсад уул уурхайн дэлхийн хамгийн анхны сургууль болох Фрайбергийн уул уурхайн академи байдаг билээ. Тиймдээ ч энэ салбар дахь боловсон хүчин, хүний нөөц бэлтгэдгээрээ дэлхийд өндөр  үнэлэгддэг. Харьцангүй “залуу” уул уурхайн салбартай Монгол улстай энэ тал дээр хамтран ажиллах ямар боломжууд байна вэ?

2010  онд Германы Эрдмийн Солил­цооны Алба (DAAD) Монгол Улсын Боловсрол, соёл Шинжлэх ухааны яам манай хоёр орны Засгийн газар хооронд хамтарсан тэтгэлэг олгох хөтөлбөрт гарын үсэг зурсан. Энэхүү хамтарсан хөтөлбөрийн хүрээнд жил бүр инженер, техникийн, байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцах 20 хүнд тэтгэлэг олгоно. Уг хөтөлбөрийг Фрайберг хотын Техникийн Их сургууль ШУТИС-ийн хооронд байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний дагуу хэрэгжүүлнэ. Фрайберг хотын Техникийн Их сургуулийг уул уурхайн мэргэжлээр төгссөн олон арван монгол мэргэжилтнүүд бий.  Ирээдүйд ч мөн олон залуус төгсөнө. Монголын уул уурхайн боловсон хүчнийг бэлтгэдэг энэ олон жилийн уламжлал тасралтгүй үргэлжилнэ гэдэгт итгэл төгс байна.

Уул уурхайн салбар дахь байгаль орчинд аюулгүй технологи болон хэрхэн нөхөн сэргээлт хийгддэг Герман улсын туршлагаас сонирхуулахгүй юу?

Манай хоёр орны хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хүрээнд уул уурхайн салбарт байгаль орчны хамгаалал тодорхой байр суурь эзэлдэг. Иймээс Германы Геологийн шинжлэх ухаан, Ашигт малтмалын Алба (BGR)-наас хэрэгжүүлдэг төслүүд уг салбарт хуримтлуулсан Германы туршлагыг Монголд нэвтрүүлэхэд тусалж байгаа. Герман Улс дахин нэгдсэний дараа Висмутын ураны ордуудыг хааж, хоргүйжүүлэн нөхөн сэргээлт хийсэн. Урьд өмнө нь олборлож байсан хүрэн нүүрсний олон ордыг одоо амралт чөлөөт цаг өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн, цогцолбор болгон өөрчилсөн байгаа. Нөхөн сэргээлтийн чиглэлээр бид олон улсад загвар болгон танилцуулах олон амжилтыг гаргасан.  
       
Германы компаниуд Монголын уул уурхайгаас гадна өөр бусад ямар салбарт ажиллах сонирхолтой байдаг бол? Ажиллаж буй тохиолдолд ямар саад бэрхшээлүүд учирч байна вэ?

Эдийн засгийн бүхий л салбарт Германы аж ахуйн нэгжүүд хамтрах сонирхолтой. Германы пүүс компаниуд жишээ нь Улаанбаатарт MCS болон АПУ-д шар айраг үйлдвэрлэх хамгийн орчин үеийн техникийг угсарсан. Мах боловсруулах зарим үйлдвэр, ноолуур боловсруулах үйлдвэрүүд Германы тоног төхөөрөмжийн чанар, эд шидийг үзэж байна. Зарим эмнэлгүүдэд Германы анагаахын төхөөрөмжүүд ажиллаж байна. Liebherr болон Германы хүнд техник үйлдвэрлэгчид уул уурхайн салбарт эксковатор, хүнд  даацын автомашин, бусад төхөөрөмж нийлүүлж байна. Энэ жагсаалт нэлээд  урт үргэлжилнэ л дээ. Германы компаниудад тулгарч байгаа том бэрхшээлүүдийн нэг бол яах аргагүй авилгын саад. Германы хуулиар авилгын мөнгө өгөх нь зарим улс оронтой харьцуулахад эрүүгийн хэрэгт тооцогддог. Хууль эрх зүйн нээлттэй орчин, үүнд нэн тэргүүнд татвар, хөдөлмөрийн эрх зүйн нөхцөл байдал, ил тод шүүх засаглалтай, монгол түнш нь гэрээний заалтууддаа үнэнч байх зэрэг нь урт удаан хугацаагаар амжилттай бизнес эрхлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх гол  шалгуурууд болдог. Энэ бол бидний хувьд хурдан мөнгө олох гэсэн хэрэг биш шүү дээ. Үйл ажиллагаа, бизнес эхэлж байхад германы бүтээгдэхүүнүүд өртөг өндөртэй байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ чанар, урт удаан эдэлгээ, үйлчилгээ гэх мэт үзүүлэлтүүдийг тооцоолбол манайхтай эн  зэрэгцэх техник тоног төхөөрөмж хаа ч байхгүй.

Герман улс цөмийн эрчим хүчний салбарт ямар бодлого явуулдаг вэ?

Германы ард иргэдийн дийлэнх нь цөмийн цахилгаан станц дахин барихын эсрэг байгаа. Мөн хуучин ажиллаж байгаа цөмийн цахилгаан станцуудыг алхам алхмаар халах байр суурь баримталж байна. Япон улсад газар хөдөлснөөс болж Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцад гарсан ослоос улбаалан цөмийн цахилгаан станцын эсрэг байр суурьтай иргэд ард түмний дунд улам өсч байна. Энэ байдал Холбооны муж улсуудын  Засгийн Газрыг эрчим хүчний бодлогодоо шаардлагатай арга хэмжээ авахад хүргэж байна. Герман Улс сэргээгдэх эрчим хүч рүү анхаарлаа улам хүчтэй хандуулан, цөмийн энергийн эх үүсгэврээр цахилгаан үйлдвэрлэх аргачлалаас аажмаар салж,  “ухаалаг сүлжээ” мөн эрчим хүчний хэмнэлттэй горимд шилжих зорилттой байна.   

Монгол нүүрсээс гадна мөн ураны салбараа хөгжүүлэхээр төлөвлөж буй. Герман улс Японы гамшгаас болов уу, эсвэл өөр шалтгаанаас болж   цахилгаан станцаа хаах болж байна уу? Цөөлөх гэж байна уу,   эсвэл ерөөс  энхийн атомаас татгалзаж байгаа хэрэг үү?

Германы ард түмний нэг хэсэг нь  цөмийн цахилгаан станцын өргөтгөл, барихын эсрэг байгаагийн дээр  одоо ажиллаж байгаа станцуудыг эдэлгээний хугацаанаас нь өмнө хаахын төлөө байна. Энэхүү цөмийн цахилгаан станцын эсрэг байр суурьтай иргэдийн тоо өсөхөд Фүкүшимагийн атомын цахилгаан станцын осол мэдээж хэрэг үлэмж нөлөөлсөн. Германы иргэдэд цөмийн цахилгаан станцын эсрэг зогсоход нь юуны түрүүнд атомын станцын цацраг идэвхт хаягдлыг хэрхэн хадгалах вэ гэсэн асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа нь  мөн ихээхэн нөлөөлсөн. Үүнээс гадна Германы цөмийн цахилгаан станцууд хэдийгээр өнөөгийн дээд зэргийн аюулгүй ажиллагааны норм стандартыг мөрдөж байгаа ч хэрэв зээ манай нутаг дэвсгэр рүү  террорист халдлага хийх юм бол цацраг идэвхт бодис томоохон талбайг хамрах аюул байна гэсэн айдас хүн болгоныг зовоож байна. Герман улс маш нягтрал өндөртэй суурьшилтай. 50 километрийн тойрогт хүн амыг бүрэн дүүрэн шилжүүлэн нүүлгэнэ гэсэн ойлголт хэрэгжих   боломж огт байхгүй гэж хэлж болно. Хэдэн сая хүн амыг нэг дор нүүлгэн шилжүүлэх боломжгүй. Тиймээс Холбооны муж улс болгон, засаг төрд нь улс төрийн аль нам байгаагаас үл хамааран Германы иргэдийн дээрх айдсыг үгүй хийхийн тулд эрчим хүчний бодлогоо шинээр зохицуулах  болно. Ингэхийн тулд бид алсдаа цөмийн станцаа халж тэндээс үйлдвэрлэж байсан эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсгэврүүдийг бүрэн ашиглан, эрчим хүчний хэмнэлтийг зохицуулах бодлого хэрэгжүүлэн юуны түрүүнд ухаалаг сүлжээг ашиглан орлуулах шаардлага гарч байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Германы хэрэглэгчдэд эрчим хүчний үнэ үргэлжлэн өсч магадгүй. Яагаад гэхээр сэргээгдэх эрчим хүчний цахилгааны өртөг цөмийн станцын үйлдвэрлэснээс үлэмж өндөр байдагт байгаа юм.    

Тэгвэл ураны хаягдал шаарыг яагаад эсэргүүцээд байна гэхээр  аюулгүй ураныг найдвартай хадгалж чадахгүйд байна гэсэн. Энэ талаар ямар технологи Герман улсад байна вэ?

Урьд өмнө нь Германд цөмийн цахилгаан станцын хаягдал буюу шатаж дууссан цөмийн шаарыг зориулалтын хоолой-торход газрын гүнд булах төлөвлөгөөтэй байсан. Гэтэл туршилтаар тэрхүү зориулалтын хоолой-торх нь төсөөлж байснаас өөр, асуудалтай болох нь тогтоогдож, урт хугацаанд хөрсний усанд цацраг идэвхт бодис ялгарахгүй гэсэн баталгаа байхгүйгээс аюул нүүрлэж байгаа. Цөмийн станцын шаарыг маш урт хугацаагаар аюулгүй булшлах асуудлыг шийдэх ёстой. Маш урт хугацаа гэдэг маань 10 буюу 20 жилээр хязгаарлагдахгүй, энд хэдэн зуун жилийн хугацаа яригдаж байгаа, магадгүй зарим цацрагт бодис бүрэн задарч идэвхгүй болтол хэдэн мянган жил ч өнгөрч болох юм. Өөрөөр хэлбэл цөмийн станцын шаарыг маш урт хугацаагаар булшлах хэрэгтэй. Хөрсөнд нэвчихгүй гэсэн баталгаа, аюулгүй хадгалалтыг урьдчилан төгс шийдэх аргачлал хараахан байхгүй. Газар хөдлөлт, байгалийн аюултай үзэгдэл гэх мэт урьдчилан таамаглахын аргагүй хүчин зүйлс нөлөөлөхийг үгүйсгэх аргагүй юм.

Монголын уул уурхайн салбарт Герман  улс хууль эрх зүйн орчны чиглэлээр хамтарч ажиллах тухай мэдээлэл байдаг. Манай улс  уул уурхайн салбарт залуу улсын хувьд энэ талын хууль эрх зүйн орчинг сайн бүрдүүлж чадаагүй. Герман улс энэ тал дээр хамтран ажиллах болов уу?

Тийм ээ. ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд ноён Нийбель өнгөрсөн оны наймдугаар дугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэр хоёр орны хамтын ажиллагааг  “уул уурхайн санаачилгаар” өргөжүүлэх саналаа илэрхийлсэн. Холбооны сайд ноён Нийбель энэхүү “уул уурхайн санаачилгыг” ажил хэрэг болгохын тулд 3 сая еврог уул уурхайн бодлогыг хэрэгжүүлэх техникийн туслалцааны хэд хэдэн арга хэмжээнд зориулан амласан юм. Энэхүү төслийн хүрээний ажил,  магадгүй 2011 оны зунаас хэрэгжиж эхлэх байх.  Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны  боловсон хүчнийг сурган бэлтгэх, мэргэшүүлэх, ингэснээр тэднийг гадаадын хөрөнгө оруулагч нартай гэрээ хэлэлцээр хийх түвшинд бэлтгэх юм. Мөн энэ төслийн хүрээнд уул уурхайн салбарын зөв зохистой эрх зүйн орчинг бүрдүүлэх болно. Чингэхдээ Европын норм стандартыг хэрэгжүүлэн мөрдөх зорилт тавьж байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн Газар европын норм стандартыг технологийн олон салбарт Монгол Улсад нутагшуулах эрмэлзлийг нь бид дэмжиж байгаа хэрэг юм.

Сонирхолтой мэдээлэл өгсөн эрхэм Элчин сайд танд баярлалаа. 

MMJ -2011.5