Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Ван Саяолун: Монгол улс уул уурхай, дэд бүтэц болон хөрөнгө оруулалт гэсэн гурван зүйлийг уялдуулан хөгжүүлэх хэрэгтэй

Монгол улсад БНХАУ-аас суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Ван Саяолун дипломат ажлын гараагаа манай улсаас эхэлж байгаа юм. Хоёр орны цаашдын хамтын ажиллагаа болон эдийн засгийн зарим асуудлаар ярилцлаа.    

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Жечигийн Монгол улсад хийсэн айлчлал Таны ажилд маш сайн эхлэлийг тавьж өгсөн болов уу?

Энэ их азтай тохиол байсан. Тус айлчлалаар хоёр орны хооронд стратегийн түншлэлийн харилцаа тогтоох талаар гүн гүнзгий ярилцаж, анхан шатны тохиролцоонд хүрсэн болохоор тун амжилттай болсон. Цаашид хоёр талын стратегийн түншлэлийн арга барил, бодлогын талаар үргэлжлүүлэн хэлэлцэх хэрэгтэй. Энэ бүхнийг боловсруулан хэрэгжүүлэх нь миний ажил байх болно.  Эдийн засгийн хувьд Хятад улс олон жилийн хугацаанд Монгол улсын худалдааны хамгийн том түнш, хөрөнгө оруулагч байж ирсэн. Энэ харилцаа ч цаашид тасралтгүй өргөжинө. Бүх салбар дахь хамтын ажиллагааг авч үзвээс хоёр орны харилцаа түүхэндээ хамгийн сайн үедээ байна.

Хоёр улсын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах тухай яригдаж байгаа. Энэхүү хэлэлцээрт Хятад улсын зүгээс ямар нөхцөлийг түлхүү тусгах бол? Хятад улс нь хэчнээн оронтой ийм хэлэлцээр байгуулсан байгаа вэ?

Одоогоор судалгаа хийгдэж байгаа бөгөөд хараахан дүгнэлт нь гараагүй байна. Хэрэв ирээдүйд чөлөөт худалдааны хэлэлцээрт хоёр тал гарын үсэг зурах юм бол Монгол-Хятад улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нэн шинэ шатанд гарна гэж би ойлгож байгаа. Монгол улсын эдийн засаг хөгжихөд түлхэц болж, хувь нэмрээ оруулахыг Хятад улсын зүгээс хүсч байна. Манай улс одоогоор дэлхийн 14 оронтой чөлөөт худалдааны гэрээ байгуулаад байгаа бөгөөд найм нь хэрэгжиж эхлээд буй. Үүнээс хамгийн том нь Хятад, АСЕАН-ы хоорондын чөлөөт худалдааны хэлэлцээр юм. АСЕАН нь хөгжиж буй орнууд, мөн хамгийн ойрын хөрш. Тиймээс энэхүү хэлэлцээрийг байгуулж, хэрэгжүүлэхдээ тус орнуудын давуу талыг нь хүндэтгэн томоохон хөнгөлөлтийг үзүүлсэн.  АСЕАН-тай чөлөөт худалдааны гэрээ байгуулахаас өмнө урьдчилан үр дүнтэй зохицуулалтыг хийсэн. Өөрөөр хэлбэл эдгээр орнуудад газар тариалан хөгжсөн тул бүтээгдэхүүнийг нь Хятад улсын зах зээлд татваргүй оруулахыг зөвшөөрсөн юм. Монгол-Хятадын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахад ямар үйлдвэрлэл, бүтээгдэхүүнд хэр зэрэг хөнгөлөлт үзүүлэх нь хоёр орны цаашдын бусад хэлэлцээрээс ихээхэн шалтгаалж байна. Ямартай ч Хятад улс Монгол улсын найрсаг харьцаатай сайн хөрш мөн. Тиймээс  бид бүхий л боломжоороо Монгол улсын ашиг сонирхлыг хүндэтгэнэ. Ингэснээр харилцан ашигтай, хамтдаа хожих зорилтыг биелүүлж болно.

Монгол улсаас Хятад улс руу экспортолж буй нүүрсний хилийн үнийг хэр хангалттай гэж Та бодож байна? Ер нь Хятад улс нүүрсний салбарт үнийн ямар бодлогыг баримталдаг вэ?

Нүүрсний үнэ Хятад улсад нээлттэй. Гол нь нийлүүлэлт, хэрэгцээний харьцаанаас шалтгаалан үнийг тогтоодог. Надад байгаа мэдээллээр боомт дээр нэг тонн нүүрсний үнэ 100 ам.доллар байна. Хятад улсын жилийн эрчим хүчний зарцуулалтад 3,2 тэрбум тонн нүүрс хэрэгцээтэй.   

Монгол улсын нүүрсний гол зах зээл нь Хятад улсын өмнөд хэсэг гэж би үзэж байгаа. Яагаад гэвэл Хятад улсын хойд хэсэгт нүүрсний нөөц их бий. Хятад улсын өмнөд зүгийн нутагт нэг тонн нүүрс ойролцоогоор 120-160 ам.долларын үнэтэй байна. Ихэнхдээ далайн тээвэрлэлтээр бусад орнуудаас импортолсон. Нүүрсний үнийг шийдвэрлэх хүчин зүйлс бол зах зээлийн нийлүүлэлт, хэрэгцээний харьцаанаас гадна тээвэрлэлтийн өртөг байдаг. Монгол улсаас нүүрсийг Хятад улсын өмнөд зүгт голдуу хуурай замаар тээвэрлэдэг. Энэ нь хамгийн түрүүнд байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна. Эдийн засгийн хувьд авто тээврийн зардал нь өндөр байдаг. Тиймээс цаашид  хил дамжсан төмөр зам барих нь зөв сонголт мөн. Төмөр зам нь байгаль орчныг хамгаалахаас гадна холбогдох үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ихээхэн тустай.   

Монгол улс өнөөдөр дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэх гэж байна. Дэд бүтцээ хөгжүүлэхэд нэн түрүүнд ямар асуудлыг анхаарвал зохистой гэж Та бодож байна вэ?

Монгол улсын хувьд дэд бүтэц хөгжлийн анхан шатандаа байна. Дэд бүтэц бол эдийн засгийн хөгжилд тэргүүн байр эзэлдэг. Газар нутгийнхаа онцлогт тохируулан дэд бүтцээ хөгжүүлэх хэрэгтэй. Монгол улсын хувьд гэвэл  уул уурхайн бүтэгдэхүүний ашиглалт, дэд бүтэц болон хөрөнгө оруулалт гэсэн гурван зүйлийг уялдуулан хөгжүүлбэл Монгол улсын онцлогт нийцэх болов уу. Ийм боломж ч бүрэн бий. Хятад улсын Ерөнхий сайд Вэнь Зябао 2010 онд Монгол улсад айлчлахдаа уул уурхай, дэд бүтэц болон хөрөнгө оруулалт гэсэн гурван чиглэлийг уялдуулан хөгжүүлэх бодлогыг дэвшүүлсэн. Энэхүү бодлого нь хоёр орны цаашдын хамтын ажиллагаанд бүрэн нийцэж байгаа юм.

Тавантолгойн орд газарт өрсөлдөж буй “Шинхуа” корпорацид Хятад улсын зүгээс хэр найдлага тавьж байгаа вэ? Тус корпорацийн уул уурхайн салбар дахь туршлага, давуу талыг сонирхуулахгүй юу?

Энэхүү төсөлд “Шинхуа” корпорацийг оролцоход Хятадын Засгийн газар ихээхэн дэмжиж байгаа. Тус корпорацид өөрийн өвөрмөц онцлог, давуу тал бий. Юуны түрүүнд нүүрс олборлож, үйлдвэрлэдэг дэлхийн хамгийн том корпораци юм. Тус корпорацийн нүүрсний олборлолт, боловсруулалт борлуулалтаараа бусад компаниудаас илүү их давуу талтай. “Шинхуа” оролцох юм бол Тавантолгойн орд газрын ч, тус корпорацийн ч ирээдүйн хөгжилд тустай. Монгол улсын эдийн засгийн хөгжилд ч тустай гэж дүгнэж болно. Миний мэдэж буйгаар “Шинхуа” корпораци Тавантолгойн төсөлд Орос болон олон улсын бусад компанитай хамтран оролцоход бэлэн байна.

Монгол улсын уул уурхай хөгжлийн гараандаа байгаа энэ цаг үед тус салбарт олон жил үйл ажиллагаа явуулсан улс орнуудын туршлага бидэнд чухал байдаг. Хятад улсын уул уурхайн салбарын хөгжил түүхээс сонирхуулахгүй юу. Хятадын өнөөгийн эдийн засгийн хөгжлийн хэчнээн хувийг нь уул уурхайн салбар эзэлдэг бол?

Хятад улс нь уул уурхайн хөгжлийн өөрийн туршлагатай. Жишээ нь нүүрсний химийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч байр эзэлж байна. “Шинхуа” нь нүүрсийг шингэн, хий болгон их хэмжээгээр үйлдвэрлэдэг техникийг эзэмшсэн дэлхийд цорын ганц корпораци юм. Монгол улс химийн үйлдвэрлэл хөгжүүлэх сонирхолтой гэж би ойлгож байгаа. Энэ салбарт “Шинхуа” болон Хятадын бусад үйлдвэр хамтран ажиллах боломж бий.

Японы “Фүкүшима” атомын цахилгаан станцын ослын улмаас дэлхийн улс орнууд цөмийн стратегийн бодлогоо эргэн харахад хүрсэн. Хятад улс ч мөн шинээр баригдаж буй атомын цахилгаан станцуудын барилгын ажлыг зогсоож, энэ салбар дахь бодлогоо эргэн хянах болсон?

Хятад улсын нийт эрчим хүчинд цөмийн эрчим хүчний эзлэх байр суурь бага байна. Магадгүй хоёр хувь байх болов уу. Аюлгүй байдлыг хамгаалах, баталгаатай үндсэн дээр бид цөмийн энергийг ашиглах болно. Энэ бол Хятад улсын стратегийн бодлого. Цаашид энэ бодлогоо өөрчлөхгүй. Японы цөмийн салбар дахь сургамжийг бид мартахгүй байх учиртай. Энэ салбар нь идэвхтэй хөгжих явцад нэн түрүүнд аюулгүй байдлыг баталгаатай болгох хэрэгтэй. Хятад улс нь бусад оронтой хамтран цөмийн шинэ үеийн технологийг судалж байна.

Цөмийн түлшний хаягдал шаарыг булшлах нь аюултай хэмээн үзэх орнууд бий. Хятад улс цөмийн энергийн салбарт ямар шинэ технологийг дэвшүүлэхээр төлөвлөж байна вэ?

Хятад улс нь одоогоор цөмийн түлшний хаягдлыг эргүүлэн бүрэн ашиглах технологийг судалж байна. Өөрөөр хэлбэл, хаягдлыг дахин ашиглаж эрчим хүч болгоно гэсэн үг. Ингэснээр эцсийн хаягдлын хэмжээг маш ихээр багасгах боломжтой болох юм.

MMJ /2011.6/