Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Би ийм их өөрчлөлт дагуулж байгаа улсыг үзээгүй

Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Грегори Голдхауктай MMJ-ийн сэтгүүлч Н.Ариунтуяа ярилцлаа. 

УУЛЗСАН ХҮН БҮР НЭГЭН ЗОРИЛГЫН ЗҮГ ИХ ЯАРЧ БАЙГАА МЭТ СЭТГЭГДЭЛ ТӨРҮҮЛДЭГ 


Ноён Элчин сайд Та Монгол улсад биечлэн ирж суугаа Канадын хоёр дахь Элчин сайд. Монголчууддаа Таныг танилцуулахаас яриагаа эхэлье. 

Би Канадын Онторио мужид төрж өссөн юм. Бага нас минь фирм дээр өнгөрсөн дөө. Олон улсын харилцаа, бизнесийн удирдлагын чиглэлээр Канадын нэр хүнд бүхий хоёр сургуульд суралцсан. 1981 оноос Канадын Гадаад харилцааны албанд ажиллаж эхэлсэн. Үндсэндээ 27 жил гадаад харилцааны салбарт ажиллаж байна. Дэлхийн олон улс оронд ажиллалаа. Бараг бүх тивд дипломат алба хашиж үзлээ. Африк тивд л ажиллаагүй юм байна. Гадаад улс орнууд дахь Элчин сайдын яаманд худалдааны чиглэлээр голлон ажиллаж байлаа. Бусад салбаруудыг ч бас хариуцаж байсан л даа. 27 жилийн дийлэнх нь Америкийн томилолтууд байсан юм байна. Монголд томилогдож ирэхийн өмнө Тайландын Бангкокт байсан.

Эхнэр охин хоёртойгоо хамт ирсэн. Охин маань есөн настай. Шинэ сургуульдаа орчихсон. Олон найз нөхөдтэй болж байна. Эхнэр маань Монголын урлагийн салбарыг сонирхон энэ чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа. Миний ажил ч гэсэн их сонирхолтой байна. Маш идэвхтэй ажиллаж байгаа. Ер нь манай гэр бүл Монголд ирээд их өндөр сэтгэгдэлтэй байгаа шүү. Бүх зүйл сайхан байна. Бид Монголд ирснээ аз завшаантай хэрэг гэж бодож, их баяртай байгаа. Цаг агаарын хувьд ч гэсэн нэмэх 30 хэмийн халуун орноос хасах 30 хэмийн хүйтэн газар ирсэн болохоор сонирхолтой байна.

Та Монгол Улсад томилогдож ирээд удаагүй байна. Монгол орны тухай Таны сэтгэгдэл хав халуунаараа байгаа байх. Манай орны тухай тэрхүү сэтгэгдлээ хуваалцана уу?

Би өмнө нь Монголд ирж байгаагүй. Анхны төсөөллөөр маань Монгол улс маш их өөрчлөлт дагуулсан улс санагдсан. Эдийн засаг төдийгүй бүхий л салбарт нь их өөрчлөлт өрнөж байгаа нь илт. Монгол улс хэрхэн өөрчлөгдөж, хөгжиж байгааг харуулах нэг илэрхийлэл нь маш олон тооны өргөгч кранууд гэж хэлж болохоор. Онгоцны  буудлаас ирэх замд   баригдаж байгаа барилгууд дээр босгосон олон тооны кранууд үнэхээр содон харагдаж байлаа. Бангкок бол ихээхэн хөгжиж байгаа хот. Гэхдээ тэнд ийм их бүтээн байгуулалт өрнөж харагддаггүй. Надад төрсөн анхны мэдрэмж энэ. 

Та олон оронд сууж байсан туршлагатай дипломатч. Сууж байсан орнуудаас чинь Монголын ялгарах онцлог юу байна вэ?

Миний дээр хэлсэн их өөрчлөлт гарч байгаа улс гэдэг нь олон зүйлээс илэрхий байна. Төрийн өндөр албан тушаалтан, жижиг бизнес эрхлэгч гээд хэнтэй ч уулзахад бүгд л нэгэн зорилгын зүг их яарч байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг.  
Монгол үнэхээр хөгжлийн их замд гарчээ. Их ч өөрчлөлт өрнөж байгаа улс юм. Миний хувьд яг ийм сонирхолтой цаг үед нь энд байх болсондоо олзуурхаж байна. Энэ цаг үеийг томоохон өөрчлөлт авчрах оргил үе гэж ойлгож байгаа. Эдийн засгийн хувьд ч, бусад салбарын хувьд ч ихээхэн өөрчлөлт дагуулах цаг үе тохиожээ. Энэ нь л Монгол улсын бусдаас ялгарах маш том онцлог юм.          

Монгол нутагтай хэр танилцаж байна вэ? Улаанбаатараас гарч хөдөө орон нутгаар аялав уу?

Харамсалтай нь орон нутгаар явж, тухтай танилцаж амжаагүй л байна. Уулзсан хүн бүр хөдөө орон нутгийн үзэсгэлэнтэй сайхныг бахаддаг. Ирснээс хойших хоёр сард Улаанбаатарт л ажиллалаа. Ирэх саруудад Монголын сайхан байгальтай танилцах, хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Канадын томоохон компаниудаараа орж, байдлыг нүдээр харах бодолтой байна.


МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХЭД ХУУЛЬ ЭРХЗҮЙН ХЭРЭГЖИЛТ ХЭЦҮҮ ГЭДЭГ


Канад улс Монгол улстай дипломат харилцаа тогтоосон Хойд Америкийн анхны улс. Хамтын ажиллагааны 37 жилийн түүхтэй манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түвшинг Та хэрхэн тодорхойлох вэ? Цаашдын хамтын ажиллагааны ирээдүйг хэрхэн харж байна вэ?

Монгол улс бол хөгжлийн гараандаа гарсан улс. Канад улсын хувьд энэхүү хөгжлийн үйл явцад ямар нэг хэмжээгээр оролцох, хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаа. Нэлээд хэдэн жил яригдсаны үр дүнд Элчин сайдын яамаа Монгол улсад нээлээ. Энэ нь хоёр улсын харилцааг цаашид улам өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Улаанбаатарт суурин төлөөлөгчийн газраа нээснээр бид Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулж, шаардлагатай үед дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллах боломжтой боллоо.

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.