Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Жан Поль Дюмон: Цөмийн эрчим хүч нь уур амьсгал өөрчлөгдөж буй өнөө үед сэргээгдэх эрчим хүчний нэгэн адил олон давуу талтай

Монгол улс НҮБ-д элсэн орсон цагаасаа хойш барууны томоохон орнуудаас Франц улстай хамгийн анх дипломат харилцаа тогтоосон билээ. Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа  эдийн засаг, уул уурхай, эрчим хүчний салбарт улам идэвхжиж байна. Франц улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жан Поль Дюмонтой Э.Оджаргал ярилцлаа.

Франц улс нь дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн өндөр хөгжилтэй орнуудын нэг яах аргагүй мөн билээ. Энэ баялаг түүхтэй, хүчирхэг улстай манай орны харилцаа, хамтын ажиллагааны түвшин ямар хэмжээнд хүрсэн гэж Та дүгнэх вэ? Мөн хоёр улсын цаашдын хамтын ажиллагааны ирээдүйг Та хэрхэн харж байна вэ? Уул уурхай, эдийн засгийн салбараас гадна урлаг, соёл болон бусад ямар салбаруудад хамтран ажиллаж байна вэ?

Монгол, Франц хоёр орон Монголын эзэнт гүрний үеэс улбаалсан өнө эртний харилцаатай орнууд билээ. Энэ жил манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тэмдэглэж байна. Эдгээр он жилүүдэд хоёр орны соёлын болон эдийн засгийн харилцаа баяжин бэхэжсээр ирсэн. Уул уурхайн салбар хоёр орны харилцаанд томоохон байр суурь эзэлж байгаа бөгөөд үүгээр дамжин Монголын албан хаагчдыг сургах, үйлчилгээний салбарт орж ажиллах, мөн хоёр орон бие биенээ илүү сайн таньж мэдэх зам нээгдэнэ гэдэгт бид найдаж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй гол ажлууд, тухайлбал гадаад худалдааны эргэлт, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдүүлэхэд чиглэгдсэн үр дүнтэй алхмуудыг нэрлэхгүй юу? Цаашид эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэх ямар боломжууд байгаа гэж хоёр  улс үздэг вэ? Өнөөдөр хэрэгжиж буй ямар ажлууд байна вэ?

Францын Гадаад худалдаа, Олон улсын Эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Анне-Мари Идракийн айлчлалын хүрээнд манай хорь гаруй аж ахуйн нэгж оролцох Франц-Монголын бизнес уулзалт   аравдугаар сарын 13-14-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Гадаадын хөрөнгө оруулалтын газраас зохион байгуулж буй энэхүү уулзалтад Франц улсын дэлхийд тэргүүлдэг хүнс, хөдөө аж ахуй, тээвэр, бохир ус цэвэршүүлэх, байгаль орчны  салбарын төлөөлөгчид оролцоно. Францын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлсэн, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хянах таван станцын нээлт уг айлчлалын үеэр болно. Мөн Эрдэнэт хотын бохир ус цэвэршүүлэх станцыг өргөтгөх төсөл дээрхийн адил санхүүжилтээр хэрэгжиж байна.   Улаанбаатар хотын Гэмтэл согог, сэргээн засах улсын төвийн Яаралтай тусламжийн тасгийг өргөтгөн тоноглох төсөл судалгааны түвшинд явагдаж байна.

Дэлхийн ураны салбарт тэргүүлэгч “Areva” группын Монгол улс дахь салбар “Арева Монгол” компани ирэх арваннэгдүгээр сард ураны туршилтын олборлолт хийх гэж байна.  Тус  компани нь Франц улсын томоохон төлөөлөл. Тиймээс цаашид Монгол улсад ямар ажлуудыг явуулахаар төлөвлөж байгаа вэ?

“AREVA” группын нэрийн өмнөөс ярих эрх надад байхгүй. Гэхдээ, цөмийн эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тохирсон арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь  Элчин сайдын яамны олон үүргийн нэг  мөн. Үүний дагуу Засгийн газар хоорондын хэлэлцээрт удахгүй гарын үсэг зурагдах гэж байна. Уг хэлэлцээр ихээхэн өргөн цар хүрээтэй бөгөөд 2010 оны гуравдугаар сарын 8-9-нд Парис хотод болсон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглахыг уриалсан Олон улсын бага хурлын үеэр Ерөнхийлөгч Никола Саркозигийн илэрхийлсэн Франц улсын бодлогод нийцэж байгаа. Ерөнхий сайд эрхэмсэг ноён С.Батболд наймдугаар сарын 25-нд айлчилсан Дулаан Уулын хээрийн анги дээр би саяхан очоод ирлээ. 12 жилийн хөрөнгө оруулалт, хайгуулын дараа хийгдэх уран олборлох ажиллагаа бол бид бүхний бүгдийнх нь хүсэн хүлээж байгаа үйл явдал билээ.
 

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.