Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Мэндчилгээ

Эрхэм хүндэт “Монголын Уул уурхайн” сэтгүүлийн уншигч, Австрали улсын Сидней хотноо зохиогдож буй “Монголын Уул уурхайн салбарт хөрөнгө оруулах нь” олон улсын чуулга уулзалтад оролцогч  Та бүхэнд Монгол Улсын Гадаадын Хөрөнгө оруулалтын Газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээг дэвшүүлье. 

Сидней хотноо зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээ нь Монгол улсын стратегийн ач холбогдол бүхий орд газрууд, тухайлбал Оюутолгой орд газрын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсны дараа буюу дэлхийн ажил хэрэгч хүмүүсийн анхаарал манай улс руу чиглэгдэж буй оргил үед болж байгаагаараа онцлог юм.

Монгол Улсын Засгийн газар гадаадын  хөрөнгө оруулалтыг идэвхтэй татах бодлогыг тууштай баримталж байгаа билээ. Та бүхэн эрчимтэй хөгжлийнхээ гараандаа ирээд байгаа манай улсад хөрөнгө оруулалт хийж, бизнесээ өргөжүүлэхэд тань энэхүү чуулга уулзалт чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт миний бие итгэлтэй байна.                                    

Монгол улсын эдийн засагт сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засагт тохиолдож буй санхүүгийн хямралын нөлөө байсан хэдий ч төр, засгийн оновчтой шуурхай шийдвэрийн үр дүнд зарим хөгжингүй улсуудтай харьцуулбал бид  харьцангуй бага хохиролтой уг хямралыг давж байгаа билээ. 

Манай улсын нэг хүнд ногдох ДНБ тогтмол өсч ойролцоогоор 2000 ам.долларт хүрээд байна. Олон улсын санхүүгийн болон үнэлгээний байгууллагуудын урьдчилсан тооцооллоор 2015 он хүртэл ДНБ-ний бодит өсөлт жилд 12 хувь хүртэл байх, ДНБ 10 тэрбум ам.доллар хүртэл өсөх хэтийн төлөв ажиглагдаж байна.

Манай улсын эдийн засагт уул уурхайн салбар тэргүүлэх ач холбогдолтой бөгөөд өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүний 30 орчим хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 65 хувь, экспортын бүтээгдэхүүний 80 гаруй хувийг уг салбар дангаараа бүрдүүлж байна.

“Монголын уул уурхайн” сэтгүүлийн уншигч, хөрөнгө оруулагч Та бүхэн Монгол Улсад хөрөнгө оруулснаар стратегийн ач холбогдол бүхий байршил, зах зээлийн боломж, эрдэс баялгийн асар их нөөц, манай улсын гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн маш сайн хамгаалалт, бизнес эрхлэхэд гарах хамгийн бага зардал болон дэлхийн түвшинд өндөр ур чадвар, мэдлэг эзэмшсэн, мэргэшсэн залуу боловсон хүчин гэх мэт ашигтай давуу талуудыг нэгэн зэрэг олж авах боломжтой.

Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбарт, тухайлбал, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, хүний хөгжил болон байгаль хамгаалах салбаруудад боловсруулсан бодитой төсөлд хөрөнгө оруулж харилцан ашигтай хамтран ажиллах ажил хэрэгч саналыг Та бүхэнд тавьж байна.

Гадаадын хөрөнгө оруулалтын газар Та бүхнийг Монгол улсад  бизнесийн үйл ажиллагаа эхлэх болон өргөжүүлэхэд үргэлж туслалцаа, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Та бүхэн манай байгууллагын www.investmongolia.com цахим хаяг руу орж тус газраас зохион байгуулж буй арга хэмжээ, гадаадын хөрөнгө оруулалтын талаар төр засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний  тухай  шинэ соргог мэдээлэл хүлээн авах боломжтой.

Бидний хамтын ажиллагаа өргөжин дэвжих болтугай!

   Дарга Б.ГАНЗОРИГ
                        

Монгол улсын Гадаадын Хөрөнгө
Оруулалтын Газар (ГХОГ),
Засгийн газрын 11-р байр,
Самбуугийн гудамж 11,
Улаанбаатар -211238,   Монгол Улс
Утас: (00 976-11) 326040, 320871,
                              321438, 314774
Факс:  976-11-324076
Имэйл: fifta@investmongolia.com
http://www.investmongolia.com