Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Компаниудад нөхөн сэргээлт хийх сэтгэхүйг суулгамаар байна

БНСУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпорацийн /МIRECO/  Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Чой Син Жинтай  С.Болд-Эрдэнэ ярилцлаа.

Солонгос улс газар нутгийн хэмжээгээр бага ч тодорхой хэмжээнд байгалийн баялагтай. Японы колонид хэсэг хугацаанд бид байсан. Тэр үед япончууд манай ашигт малтмалыг олборлочихоод нөхөн сэргээлт хийлгүйгээр явчихсан. 50, 100 жил өнгөрсөн ч гэсэн нөхөн сэргээлт хийгээгүйн хор уршиг одоо ч байсаар байна. Тиймээс 1990-ээд оны үеэс манайд нөхөн сэргээлтийн асуудал яригдаж эхэлсэн юм. Харин орхигдсон газруудад эрчимтэй нөхөн сэргээлт хийж эхэлсэн нь 2006 он.

Ашигт малтмал ашигласнаас үүдэлтэй бохирдол, байгалийн эвдрэл олон янз байдаг. Үйлдвэрийн ашиглалтаас үүдэлтэй байгаль орчны бохирдол тийм ч их биш бол ашигт малтмалын ашиглалтаас үүдсэн бохирдол их байдаг. Жишээлбэл, газрын гүний ус, хөрс бохирдохоос гадна ургамал, амьтны аймагт хор хөнөөлтэй янз бүрийн бохирдол үүсч болдог. Тэгэхээр байгаль орчны нөхөн сэргээлт гэдэг нь ашигт малтмал олборлохоос өмнө болон олборлосны дараа гарах янз бүрийн хортой үр дагаврыг тооцоолж тохирсон арга хэмжээ авахыг хэлж байгаа юм. Ашиглалтын явцад ч гэсэн гарч байгаа бохирдлыг аль болох багасгах талаар тодорхой ажлууд хийж, зардлыг тооцож байдаг. Ингэхгүйгээр ашигласныхаа дараа нөхөн сэргээлт хийнэ гэвэл асар их зардал шаардагддаг. Тиймээс анхнаасаа олборлолт явуулахаасаа өмнө нөхөн сэргээлтийн төлөвлөгөө гаргаж, түүнийхээ дагуу нөхөн сэргээлт хийвэл зардал бага гарахын зэрэгцээ байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөө ч бага байдаг.

Уул уурхайн хор хохирлыг ерөнхийдөө нүдэнд үзэгдэх, нүдэнд үл үзэгдэх гэж хоёр ангилдаг. Нүдэнд үзэгдэх гэдэгт нь ус бохирдох, тоос гарах, ой тал сүйдэх зэрэг ордог. Харин нүдэнд үл үзэгдэх хохиролд хөрсний бохирдол, янз бүрийн хүнд метал, химийн бодисоор бохирдсон орчин ургамлаар дамжиж хүн амьтны биед нөлөөлдөг. Энэ нь удаан хугацааны турш мэдэгдэхгүйгээр далд явагддаг болохоор хамгийн хор хөнөөлтэй нь.

Алт, зэс, нүүрсний уурхай гээд ашигт малтмалын төрлөөсөө хамаараад янз бүрийн химийн бодис ашигладаг. Тэгвэл Монголд түгээмэл байдаг алт, зэс, нүүрсний ордыг олборлоход ямар ямар химийн бодис ашигладаг юм бэ? Тэр бодис нь байгаль орчин, хүрээлэн буй орчинд яаж нөлөөлдөг юм бол?

Нөхөн сэргээлт яаж хийх нь уурхайн төрлөөс шалтгаалдаг. Монголд байгаа уурхайнуудыг ерөнхийд нь гурав ангилаад, үүндээ таарсан нөхөн сэргээлтийг хийх нь зүйтэй гэж бодож байна. Нэгдүгээрт, алт зэс гэх мэт металын уурхай, хоёрдугаарт, цемент, жонш зэргийн метал бус уурхай, гуравдугаарт, нүүрсний уурхай гэж ангилаад үүндээ таарсан нөхөн сэргээлтийг төлөвлөж хийх нь зүйтэй болов уу. Металын уурхайд, ялангуяа алтны уурхайд мөнгөн ус, цианит их ашигладаг. Үүнийг ном журам, стандартын дагуу ашиглаж, цэвэршүүлэхгүй бол гадагшаа алдагдах аюултай. Харин жонш, уран зэрэг метал бус ашигт малтмалыг цэвэршүүлж ялгаж авахад янз бүрийн химийн бодисуудаас илүү ус их ашигладаг болохоор устай холбоотой химийн урвалууд их явагдана. Жишээ нь, жоншинд агуулагддаг нэг бодис устай урвалд ороход л гадагшилж, байгаль орчинд тархдаг.

Нүүрсний уурхайн хувьд дээрх хоёр төрлийн уурхайнуудаас бохирдол хамаагүй бага. Яагаад гэхээр янз бүрийн химийн бодис ашиглах шаардлагагүйгээр нүүрсийг ухаж авдаг. Харин тухайн ашигт малтмалыг сорчлох, эдийн засгийн хувьд ашиггүй гэж үзээд хаядаг тэр хэсэгт янз бүрийн химийн бодисууд агуулагдаж байдаг бөгөөд түүнээс янз бүрийн бохирдол үүсэх боломжтой. Металын уурхайд ялгаж аваад хаядаг цинк, хар тугалга, төмөр зэрэг янз бүрийн бодисууд байдаг. Эдгээр бодис байгаль орчныг хамгийн их бохирдуулдаг. Нүүрсний уурхайн хувьд бодирдол багатай гээд санаа амарч болохгүй. Нүүрсэнд өөрт нь агуулагддаг хүнцэл гэж бодис бий. Энэ бодис хүнд янз бүрийн арьсны өвчин үүсгэж, хорт хавдрын гол суурь болдог. Одоо Хятад, Өмнөд Азийн улс орнуудад гол асуудал нь болоод байна. Тийм учраас нүүрсний уурхайг ашиглахдаа энэ талыг нь маш сайн бодолцож, нүүрсний хаягдлыг хэрхэх, гүнцэл хэр их агуулагдаж байна гэдгийг олон талаас нь судалж, бодож байж нөхөн сэргээлт хийх хэрэгтэй юм.

Химийн бодис хэрэглэчихээд орхиод явсан алтны шороон орд манай улсад их бий. Тэгвэл эдгээр газарт ямар технологиор нөхөн сэргээлт хийх ёстой вэ?

Арга технологи гэвэл янз бүр. Хэдэн арван технологийг хэлж болно. Заавал сайн технологи ашиглана гэх шаардлага байхгүй. Тухайн газар нутагтаа тохирсон технологийг л ашиглах хэрэгтэй. Тухайлбал мөнгөн ус хүнд их хортой бодис. Мөнгөн усыг ялгаж авахын тулд даралтаар халаах арга хэрэглэдэг. Мөнгөн усаар бохирдсон хөрсийг халаахаар мөнгөн ус нь ялгараад гараад ирдэг юм. Эсвэл байгаль орчинд хоргүй бодис хэрэглэн ялгаж авч болно. Тиймээс богино хугацаанд нөхөн сэргээлт хийнэ гээд их мөнгө зарахын оронд тухайн биологийн орчинд нь нөлөөлөл бага байна гэж үзвэл цаг хугацаа шаардах арга технологийг хэрэглэж болно.
Мөнгөн усны хувьд даралтаар халааж ялгаж авах зэрэг идэвхтэй арга хэрэглэх нь илүү зохимжтой байдаг бол цианитын хувьд цианитыг алга болгодог химийн элементүүдтэй урвалд оруулаад хялбархан аргаар цэвэршүүлэх боломжтой. Мөн алт ялгаж авсны дараа үлдэж байгаа янз бүрийн химийн бодисууд, хүнд металыг устай урвалд орохгүй болтол нь дагтаршуулж, хатуу болгоод булж, дараа нь биологийн нөхөн сэргээлт хийх ёстой. Үлдэж байгаа химийн бодис, хүнд металыг хоргүйжүүлсний дараа биологийн нөхөн сэргээлт хийх нь оновчтой байдаг.

Манайд  зүгээр л булаад түүнийгээ техникийн нөхөн сэргээлт хийсэн гэдэг. Тэр химийн бодис, хүнд металуудыг  цэвэршүүлэхгүй бол хэдий хэр хугацаанд хөрсөндөө агуулагдаж байдаг юм бол?

Мөнгөн ус, цианитын хорыг технологийн дагуу саармагжуулахгүй булаад орхих юм бол маш урт удаан хугацааны турш хүн амьтан, биологийн орчинд муу нөлөөтэй. Мөнгөн ус гэхэд хүний мэдрэлийн системийг гэмтээж, яс сийрэгжүүлдэг бол цианит янз бүрийн гажигтай хүүхэд төрүүлэх, арьсны өвчин үүсэх шалтгаан болдог. Булаад орхичих юм бол хөрсөнд агуулагдсан мөнгөн ус, цианит нь бороо орохоор газрын гүний усанд нэвчиж, ойр хавийнхаа ургамал модыг хордуулдаг. Тухайн орчинд амьдарч байгаа мал ургамлыг идэж, усыг нь ууж, тэр малыг хүн идэх гэсэн дамжлагаар хүний биед хортой болдог.
Тэгэхээр нөхөн сэргээлт хийсний дараа байнгын мониторинг хийх ёстой. Бүр болохгүй бол төр өөрөө хэдэн жилийн турш мониторинг хийж байх шаардлагатай. Энэ хортой бодисуудыг цэвэршүүлэхэд асар их хөрөнгө ордог. Тийм болохоор 100 хувь цэвэршүүлнэ гэж байдаггүй. Тэгэх юм бол эдийн засгийн ашиггүй болно. Тодорхой хэмжээгээр бохирдлыг бууруулах тал дээр л ажиллах ёстой. Солонгост гэхэд анх бохирдлын хэмжээ ямар байсан гэдэгтэй харьцуулж үздэг. Асар их бохирдсон газрыг цэвэршүүлж, дараа нь байнгын мониторинг хийж харьцуулж хэр их буурч байна гэдгийг ажиглаж байдаг. Хэрэв бохирдлын хэмжээ буурахгүй бол дахин саармагжуулалт хийх хэрэгтэй болдог.

 Нүүрсний ордод ямар нөхөн сэргээлт хийх хэрэгтэй вэ?

Нүүрсний уурхайн хувьд янз бүрийн химийн бодис ашигладаггүй болохоор бохирдол харьцангуй бага. Гэхдээ нүүрсэнд өөрт нь агуулагддаг янз бүрийн бодис байж болно. Монголд нүүрсний ил уурхай их болохоор том нүх их үүсдэг. Тийм болохоор олборлолтын дараа сүйдсэн гэмтсэн газрын хэмжээ их болдог. Хаагдсан уурхайн хувьд нөхөн сэргээлт хийхэд хялбар. Харин Монголын нөхцөлд үйл ажиллагаа нь одоо явж байгаа уурхай дийлэнх нь байна. Тийм болохоор олборлолт хийж, үйл ажиллагаагаа явуулахтай зэрэгцэн нөхөн сэргээлт хийж байх нь зүйтэй юм.
Бид Багануурын нүүрсний уурхайд нөхөн сэргээлт хийж байгаа. Хамгийн том асуудал нь тоосжилт. Өнгөн хөрсний дараагийнх болон нүүрсний дээд давхарга буюу чулуун давхаргаас их тоосжилт үүсдэг. Тийм болохоор Монголд энэ тоосжилтооос урьдчилан сэргийлэх ажлыг хийх шаардлагатай. Олборлолт явуулахаасаа өмнө тоосжилтоос яаж хамгаалах вэ гэдэг төлөвлөгөөг гаргах хэрэгтэй юм. Монголын зарим уурхай ийм төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа. Мөн дээр хэлсэнчлэн нүүрстэй хамт гардаг хорт бодис бол гүнцэл. Өвөрмонголын нүүрсний ордууд дээр судалгаа хийхэд хүнцэлээс үүдэлтэй асар их хор уршиг гарч байна. Янз бүрийн арьсны өвчлөл болон хавдраар хүмүүс их өвчилж байна.

Хоёр жилийн өмнө Налайхын уурхай дээр Ашигт малтмалын газартай хамтраад ерөнхий судалгаа хийсэн. Налайхын нунтаг нүүрснээс дээж авч шинжлэхэд их биш ч гэсэн тодорхой хэмжээний гүнцэл илэрсэн. Судалгааны үндсэн дээр яаж нөхөн сэргээлт хийх талаар санал боловсруулж өгсөн. Нэгдүгээрт хүнцэл их хэмжээгээр агуулагдсан шороо, хөрсийг хамгийн доод хэсэгт нь булаад, дунд хэсэгт нь янз бүрийн нунтаг шороо, эрүүл хөрсөө хийгээд дээд хэсэгт нь биологийн нөхөн сэргээлт хийвэл зүгээр. Хоёрдугаарт, тэр том гүн ухсан нүхийг шороогоор дүүргэнэ гэхээр маш их хэмжээний шороо орох болохоор тэр чигээр нь ашиглах зөвлөмж өгсөн. Нутгийн иргэдэд тустай байх гэдэг үүднээс газар доорх зогсоол байгуулаад дээр нь биеийн тамир спортын цогцолбор зэрэг байгууламж баривал зүгээр юм.



Үргэлжлэлийг  The Mongolian Mining Journal сэтгүүлийн ¹ 010 дугаараас уншина уу.

  • Зочин (221.212.172.8)
    сайхан сэдвээр ярилцсанд баярлалаа
    2013 оны 12 сарын 22 | Хариулах