Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Түнш

Нүүрсийг байгальд ээлтэй түлш болгож боловсруулахад анхаарах нь чухал

Сэргээгдэх эрчим хүчний технологийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч “Женерал Электрик” компанийн дэд Ерөнхийлөгч Жон Райс манай улсад хоёр дахь удаагийн айлчлалаа өнгөрсөн сарын дунд үеэр хийхдээ Салхит салхин станцын техник тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан юм. Энэ үеэр түүнтэй  уулзаж ярилцлаа. 

Ярилцсан Б.Төгсбилэгт

Салхин станц байгуулах төслийнхөө хамтрагчаар “Ньюком” групп танай компанийг сонгожээ. Монголд сэргээгдэх эрчим хүчний салбар хөгжих боломжийг Та хэрхэн харж байна вэ?

Өнгөрсөн жил Нью Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр би Монгол улсын Ерөнхий сайдтай уулзсан юм. Үүний дараагаар Монгол улсад анх очсон. Монгол улсын Ерөнхий сайдтай уулзаад, Монголд салхин парк байгуулах талаар санал солилцож байсан минь ердөө нэгхэн жилийн дараа бодит ажил хэрэг болж, томоохон гэрээнд гарын үсэг зурсан маань туйлын сайхан хэрэг юм. Монголд салхин станц байгуулах гэж байна. Энэхүү төсөл бүрэн хэрэгжсэнээр Монгол улс нийт цахилгааныхаа 5 хувийг сэргээгдэх эрчим хүчний салбарын технологиор үйлдвэрлэх боломжтой. Энэ боломж ирэх оны эцсээр бий болох юм. “Женерал Электрик”, “Ньюком”-ын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Салхит” салхин станц ирэх жилийн 9-12 дугаар сарын хооронд үйл ажиллагаагаа эхлүүлнэ гэж үзэж байна. Бүх зүйл их хурдан хугацаанд өрнөж байна. Бид төсөл хэрэгжих гэж байхад л өргөтгөлийнхөө тухай яриад эхэлчихсэн. 
Монголын өмнөд хэсэг, ялангуяа говийн нутгаар салхины хурдын үзүүлэлт ихээхэн сонирхол татам гарсан. Тиймээс бид Монголд салхин станцын төсөл хэрэгжүүлж, хөрөнгө оруулах маш их сонирхолтой байгаа.

Монголд өөр ямар салбаруудад төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байна вэ?

Бид салхины эрчим хүчнээс гадна био түлш, сэргээгдэх салбарт тооцогддог бусад салбарын технологийг хөгжүүлэх сонирхолтой байгаа.  Нүүрснээс метан гаргах, үүгээр цахилгаан эрчим хүч гаргах талаар Монголын удирдах түвшний хүмүүстэй санал солилцохоор төлөвлөж байна.
Мөн нарны эрчим хүч, цахилгаан хуримтлуулах технологи, төмөр зам, нисэх онгоц, тийрэлтэт хөдөлгүүр зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах боломж бий гэж боддог.

Монголын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд томоохон хэмжээний салхин турбин ажиллахад хүндрэл учирч мэдэх юм. Таны бодлоор энэ нөхцөл байдал “Женерал Электрик”-ийн технологид асуудал учруулах болов уу?

Энэхүү эрс тэс уур амьсгалд манай технологи зохицоно гэдэгт би бүрэн итгэлтэй байна.  Монголчууд бидэнтэй хамтран ажиллаж буйн гол давуу тал нь бидний энэ салбарт зүтгэсэн гучаад жилийн туршлага юм. Энэ чиглэлээр 4-5 жил үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд бий. Гэхдээ тэдний технологи танай өвлийн улирлыг давж чадах уу гэдэг нь асуудалтай. Хоёрдугаарт, “Женерал Электрик”-ийн салхин турбин 15-20 жилийн турш найдвартай ажиллах боломжтой. Хямд үнэтэй төхөөрөмж сонгочихоод 4-5 жилийн дараа хэрэглэгч нь харамсдаг тохиолдол бий.

Салхины эрчим хүчний төслийн хувьд өөр ямар нэг эрсдэл олж харж байна уу?

Би өөр эрсдэл олж харахгүй байна. Төслийн технологийг цаг хугацаанд нь нийлүүлэх л маш чухал. Манай нийлүүлэлтийн сүлжээ маш сайн ажилладаг.

Газрын ховор элементийн гол нийлүүлэгч Хятад улс бүтээгдэхүүний экспортоо эрчимтэй хорогдуулж байна. Салхин турбин үйлдвэрлэхэд энэ түүхий эдийн оролцоо маш чухал байдаг. Хэдийгээр олон улс оронд энэ  түүхий эдийн шинэ төслүүд хэрэгжиж байгаа ч ашигтай ажиллах эсэх нь эргэлзээтэй байгаа энэ үед “Женерал Электрик”-ийн үйлдвэрлэл хэвийн байж чадах уу?


Ирэх жил танай улсад байгуулах салхин станцад шаардлагатай салхин турбин, генераторт нийлүүлэх газрын ховор элементийн талаар бидэнд бэрхшээл учирна гэж бодохгүй байна. Манай компанийн шаардлагатай эрдэс баялаг, эд ангиудыг хариуцаж ажилладаг нийлүүлэлтийн сүлжээ маань дэлхийн өнцөг булан бүрт байдаг. Иймд бидэнд ямар ч бэрхшээл гарахгүй. Бид хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлэхэд ямар ч асуудал байхгүй.

Компанийнхаа хамгийн сүүлийн үеийн технологийн ололтоос хуваалцахгүй юу?

Бид нэг бүр нь 3 МВт-ын цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай салхин турбин үйлдвэрлэхийг зорьж байна. Салхин турбины технологийн тухайд турбины байрлалыг зөв тааруулах нь чухал байдаг. Далбан урт байх тусам илүү их эрчим хүч үйлдвэрлэнэ. Одоогоор салхин турбинд суурилуулж буй 50 метрийн урттай далбан хамгийн уртад тооцогдож байгаа. Энэ салбарт ажиллаж буй байгууллагуудын хувьд далбангийн бүтэц, хэмжээ, турбины аюулгүй болон урт хугацааны ажиллагааг сайжруулах нь хамгийн том шалгуур байдаг.

2050 он гэхэд дэлхийн эрчим хүчний эрэлтийн 80 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах тухай НҮБ-ын нэгэн тайланд дурдсаныг хэр боломжтой зүйл гэж үзэж байна вэ?

Энэ бол тун түрэмгий шинжтэй тайлан. Өнөөдөр дэлхийн эрчим хүчний 50 хувийг нүүрсний салбарт түшиглэн хангаж байна. Хэрэв НҮБ-ын илтгэл дэх зорилтод хүрье гэвэл одоо ажиллаж бүх нүүрсний цахилгаан станцыг нар, салхины сэргээгдэх эрчим хүчний технологиор солино гэсэн үг. Харин үүний оронд нүүрсийг яаж аль болох байгаль орчинд нөлөөлөл багатай хэлбэрээр ашиглах вэ гэдэг   дээр анхаарал хандуулах хэрэгтэй.

АНУ-ын Байгаль хамгаалах агентлагаас агаарын чанарын стандартыг сайжруулах зорилт тавьснаар ойрын таван жилд энэ улсын олон ДЦС хаагдахаар болоод байна. Энэ талаарх Таны бодлыг сонсмоор байна?
Ойрын жилүүдэд АНУ-ын цахилгаан станцууд хаагдчихна гэж бодохгүй байна. Харин ДЦС-ууд хорт бодисын ялгаруулалтын хэмжээг багасгах технологийг нэвтрүүлэх талаар илүү ихийг хийж,  хэрэгжүүлэх биз. Миний харж буй гол асуудал бол цөмийн цахилгааны салбартай хамаатай. Одоо АНУ-ын эрчим хүчний нийлүүлэлтийн 17 хувийг цөмийн эрчим хүчний салбар үйлдвэрлэж байна. Тодруулбал, 100 орчим реактор ажиллаж байна. Одоо ажиллаж буй реакторууд 2040 он гэхэд 60 жил ажиллана. Тухайн үед эдгээр реакторыг солих эсвэл зогсоох хэрэгтэй болно. Өнөөдрийн тооцоогоор одооноос эхлэн 40 он хүртэл жилд 3 реактор барьж байж ирээдүйд хаагдах эдгээр реакторын орон зайг нөхөх тооцоо гарч байгаа юм. Гэвч Америкт энэ үйл ажиллагаа хэрэгжихгүй байна. Тиймээс бидний хувьд хийн түлш, нүүрсийг ээлтэйгээр ашиглах болон сэргээгдэх эрчим хүчний технологийг онцгойлон анхаарах хэрэгтэй болж байгаа юм.

ДЦС-уудад шатааж буй нүүрсний шаталтаас ялгарах нүүрсхүчлийн хийг багасгах CCS технологийг дэлхийн улс орнууд хөгжүүлж байна. Таны хувьд энэ технологийг хэр үнэлдэг вэ?
Техникийн хувьд энэ  технологи   бүрэн боломжтой. Нэг асуудал байгаа нь өртөг. Нүүрсний шаталтаас ялгарах нүүрсхүчлийн хийг ангилан ялгах нь технологийн хувьд бүрэн боломжтой. Гэвч энэхүү боловсруулах үйл явцын өртөг их өндөр болоод байгаа юм. Бас нэг зүйл байгаа нь ДЦС-аас ялгарч буй нүүрсхүчлийн хийг газар дор хэр удаан хадгалж болох вэ гэдэг асуудал байгаа юм.