Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Түнш

Дэлхийн хэмжээний уул уурхайн программ хангамжийн шийдлүүдийг монгол хөрсөнд буулгаж байна

Саймон Вагхорн, M.Eng (Hons) Ази дахь үйл ажиллагаа хариуцсан захирал, Gemcom Software Australia Pty Ltd

Gemcom нь Монгол улсын уул уурхайн салбарт ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
 
Gemcom компани 2005 оноос Монгол улсын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2010 онд шууд хөрөнгө оруулалт хийх шийдвэр  гаргасан юм. Улмаар 2011 оны хоёрдугаар сард өөрийн салбарыг Улаанбаатар хотод нээсэн. Одоогийн байдлаар Gemcom-ийн  Монгол   дахь үйл ажиллагааг эрхэлдэг ерөнхий менежер М.Дагвын удирдлага дор  уул уурхайн чиглэлийн дөрвөн  монгол мэргэжилтэн ажиллаж байна. Уурхайн уулын ажлын төлөвлөлт, үйл ажиллагааг удирдах чиглэлийн программ хангамжийн шийдлүүдийг хүргэх замаар Gemcom Монгол улсын уул уурхайн салбарын хөгжилд  хувь нэмрээ оруулж  байгаа. Дэлхийн зэрэглэлд хүрсэн манай программ хангамжийн шийдлүүд, тэдгээрийг дагалдсан мэргэжлийн үйлчилгээ нь хэрэглэгч, харилцагч нарт олон талын ашиг тус өгч байдаг юм. Манай техник үйлчилгээ, программ хангамжийн шийдлүүдийн тусламжтайгаар хэрэглэгчид маань бүтээмж, үр ашгаа нэмэгдүүлэн, зардлаа бууруулж буйд бид баяртай байдаг.

Монгол улсын уул уурхайн салбар эрчимтэй хөгжлийн замдаа орсон гэдэгт бид итгэлтэй байдаг. Үүнд эерэг болоод сөрөг олон үр дагавар бий. Уул уурхайн салбарын одоо болон ирээдүйн талаар та ямар байр суурь, төсөөлөлтэй байна вэ?

Монголын уул уурхайн үйлдвэрлэлийн талаар би ямар нэгэн сөрөг дүгнэлт хийхгүй. Монгол улсын уул уурхайн салбарын үр өгөөжийг бид маш өөдрөгөөр харж байгаа. Өнгөрсөн хэдхэн жилд энэ салбар ихээхэн хөгжиж, Монголын дотоодын болоод олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг гадны уул уурхайн компаниудын хөрөнгө оруулалт нэлээд нэмэгдлээ. Бид  2010 онд шууд хөрөнгө оруулах шийдвэр гаргахдаа  энэ зах зээл бие даан оршин тогтнохын зэрэгцээ  Gemcom-ийн Монгол дахь салбар  санхүүгийн  хувьд  бие даан үйл ажиллагаа явуулах чадвартай болж буйг харгалзаж үзсэн. 2010 оноос Gemcom-ийн Монгол дахь бизнес тогтвортой өсөлтийн замдаа орсон. Энэ нь уул уурхайн салбар бүхэлдээ нас бие гүйцэж,  ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, программ хангамжаар хязгаарлагдалгүйгээр хүмүүс рүү хандах болсонтой шууд холбоотой. Энэ бүгд Монгол уурхайчид, геологийн мэргэжилтнүүдэд уул уурхайн салбараа ойрын ирээдүйд тогтвортой хөгжүүлэх  таатай боломжийг олгож байгаа юм.

Танай компани Монголд тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэж  сонссон. Энэ нь залуу үе, ялангуяа уул уурхайн чиглэлээр суралцаж буй оюутнуудын боловсролд томоохон хөрөнгө оруулалт болж байгаа. Та энэ талаар тодруулж ярина уу?

2010 оны сүүлээр Gemcom тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдсэн. Уг  хөтөлбөрийн хүрээнд бид жил бүр гуравдугаар дамжааны нэг, дөрөвдүгээр дамжааны нэг буюу хоёр оюутныг тэтгэлэгтээ байнга хамруулж байгаа. Тэтгэлэгт хөтөлбөрөөр дамжуулан  оюутан залууст тусалж, илүү ихийг сурч  мэдэхэд нь дэмжлэг өгөх байдлаар  Монголын уул уурхайн салбар, түүний хамт олны хөгжилд хувь нэмрээ оруулахыг хичээж байна.  Бид тухайн оюутанд учирдаг санхүүгийн дарамтыг байхгүй болгохыг зорьж буй болохоор тэд ч  сургалтын төлбөр, амьжиргааны өртөг, ном сурах бичгийн зардалдаа санаа зовохгүй болно. Бид санхүүгийн эдгээр бүх асуудлыг шийдвэрлэх учраас оюутнууд хичээл сурлагадаа бүх анхаарлаа хандуулж, аль болох ихийг сурч мэдэх боломжоор хангагдана. Монголын уул уурхайн салбарт  өөрсдийн боломжоор хариу тусалж, оюутнуудад  өөрсдөө зүтгээд хүрч чадахаас нь хавьгүй илүү ихийг өгөхөд хөтөлбөрийн чин зорилго  оршино. Түүнчлэн хөтөлбөрийн зорилго зөвхөн санхүүгийн туслалцаагаар хязгаарлагдахгүй,  техникийн туслалцааг ч бас үзүүлнэ.

Gemcom компанийн зүгээс дагалдуулагч мэргэжилтнээр хангана. Тэгэхээр  оюутан суралцах явцдаа манай геологич, уулын инженерүүдээс мэргэжлийн туслалцаа байнга авч, мэдлэг туршлагаа дээшлүүлэх боломжтой.
 
Хэрэглэгчдэдээ үзүүлдэг үйлчилгээ болон бусад хамтын ажиллагааныхаа талаар сонирхуулна уу?
 
Хэрэглэгчид маань дэлхийн хэмжээний программ хангамж, үйлчилгээг авч, уул уурхайн үйл ажиллагаанаас хамгийн өндөр үр ашгийг хүртэх бүх нөхцөл бололцоог нь  бид хангаж өгөх юм.  Мөн Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд өмнө хэрэгжүүлсэн тэтгэлэгт хөтөлбөрөөс гадна бусад байдлаар дэмжлэг үзүүлж, программ хангамжуудаа үнэгүй олгон, Уул уурхайн инженерийн сургууль болон Геологи, Газрын Тосны сургуулийн оюутнуудыг манай программууд дээр хичээллэх боломжоор хангаж эхэлж байна. Багш нар, профессоруудтай хамтран  хичээлийн хөтөлбөр шинээр боловсруулах, хамтарсан сургалт явуулах зэргээр сургалтыг аль болох олон улсын түвшинд хүргэх, төгссөн оюутнууд  ажлын байраар шууд хангагдах нөхцөл бололцоог бүрдүүлэхээр ажиллаж байна.

Танай компанийн хамгийн анхны хэрэглэгч нь Багануурын уурхай байсан гэж сонссон юм байна?
 
1998 оны үед Монгол улсын түлш эрчим хүчний салбарт тодорхой хүндрэлүүд учирсан. Ийм үед Монгол улсын Засгийн газар Багануур, Шивээ-Овоо зэрэг төрийн өмчийн үйлдвэртээ олон улсын байгууллагуудын тусламжтайгаар техник технологийн шинэчлэлт хийх ажлын хүрээнд машин техник худалдаж авсан юм. Үүнээс гадна ордын нөөцийн тооцоо, уулын ажлын төлөвлөлтийн ажилд нь олон улсад түгээмэл ашиглагддаг программ хангамж нэвтрүүлсэн байдаг. Gemcom компанийн Minex программ хангамж нүүрсний уурхайд тусгайлан зориулагдаж бүтээгдсэн. Чухамдаа энэ программыг Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайнууд анх хэрэглэсэн түүхтэй.

Танай хэрэглэгчдийн эгнээнд өдгөө ямар компаниуд  нэгдээд байна вэ?

Сүүлийн үед бидэнтэй хамтран ажиллаж байгаа томоохон компаниудын нэг нь “Энержи Ресурс”. “Энержи Ресурс” болон “Лэйтон” компани давхарга хэлбэрийн тогтоц бүхий ордуудад тусгайлан зориулж бүтээсэн Minex программ хангамжийг өөрсдийн уул уурхайн үндсэн платформ болгон ашиглаж байна.

Уг программд зөвхөн нүүрсний зориулалт бүхий үүрэг   их байдаг. Minex нь өнөөдрийн байдлаар нүүрс олборлогч компаниудын хувьд геологийн загварчлалаас эхлэн уурхайн оновчлол, уурхайн загвар, төлөвлөлт, нөхөн сэргээлтийн ажлыг нь бүрэн хамарсан цорын ганц платформ болж байна. Баялаг бүтээх бүхий л шат дамжлагыг нэг платформ дээр суулгаж өгсөн тул уул уурхайн компаниудад олон салангид программ хангамж хослуулан ашигласнаас  илүү үр дүнтэй. Бид “Энержи Ресурс”-тэй сүүлийн хагас жилийн турш хамтран ажиллаж, уулын инженерүүдийг нь шат дараатайгаар сургаж, улмаар өөрийн мэргэжилтнүүдээ дагалдуулан мэргэшүүлж байна.

Бид ийм арга барилаар тэдэнд зөвхөн программ хангамжийг хэрхэн ашиглахыг заагаад зогсчих биш, компаниуд стратеги зорилтынхоо хүрээнд хүрэх гэж буй үр дүнд шууд холбоотой уул уурхайн өндөр бүтээмжийг хамтран бий болгож байгаа юм.

Геологийн загварчлал, оновчлол зэрэг уурхайн төлөвлөлттэй уялдах олон асуудал дээр бид дээрх үйл явцыг давтан гүйцэтгэж байгаа. Хэрэглэгч маань нүүрсний ордоо урт хугацаанд хамгийн оновчтой байдлаар ашиглах арга замаа энэ явцад тодорхойлж  байна. Энэхүү загвар нь зөвхөн “Энержи Ресурс” компаниар хязгаарлагдахгүй, Монголын бусад нүүрс олборлогч компаниуд ашиглаж эхэлсэн. Монголд маш амжилттай хэрэгжиж буй энэ аргачлалыг бид   Minex худалдан авсан Азийн хэрэглэгчдэдээ мөн нэвтрүүлж байгаа.
 
Та энэ удаагийн Монгол улсад ажиллаж буй томилолтын зорилгоо танилцуулна уу? Энэ удаад   хэр амжилттай ажиллав?

Бид арваннэгдүгээр сарын сүүл болон арванхоёрдугаар сарын эхээр геологичдод зориулсан дээд түвшний сургалт явуулахаар төлөвлөж байгаа.
Монгол геологичдийн нөөцийн тооцоолол хийх чадварыг дэмжиж буйгаараа дээд түвшний сургалтын ач холбогдол оршиж байгаа юм
Монгол хэрэглэгчдэдээ бид геологийн модель болон блок модель үүсгэх сургалтыг  олон удаа явуулсан. Тэгвэл одоо орчин үеийн программ хангамж ашиглан нөөц баялгийг олон улсын стандартын түвшинд хэрхэн тооцоолохыг заах болно. JORC олон улсын стандартад түшиглэнэ. Уг сургалтыг мөн Монгол Улсын Засгийн газрын ойрын үед бий болгохоор зорьж байгаа стандарт болон нөөцийн тайлан гаргах кодыг дэмжих зорилгоор зохион байгуулж байна. Уг сургалтыг удирдаж явуулахад Gemcom компанийн геологийн ахлах зөвлөх, өндөр түвшний мэргэжилтэн ирж буйд бид  баяртай байгаа.  Тэрээр зөвхөн нөөц тооцооллын талаар заахаас гадна монгол геологичидтой уулзан, туршлагаа солилцох өргөн боломж гарч байна.

Би хоёр сар тутамд Монголд ирж ажилладаг. Энэ удаагийн томилолтыг ердийн томилолт гэж хэлж болно. Монгол улс бол миний хариуцаж ажилладаг орнуудын нэг. Өөрийн харилцагчидтайгаа уулзан, хэрэгцээ шаардлагыг нь тодорхой ойлгож, юу шаардлагатайг нь өөрийн биеэр мэдэж авах нь бидэнд их чухал байдаг.

Gemcom компани хэрэглэгчтэйгээ харилцах харилцааг өндөрт тавьдаг.  Миний хувьд хэрэглэгчидтэйгээ болон Монголд ажиллаж буй ажилтнуудтайгаа байнга ирж уулзан өөрсдийн үйл ажиллагааны төлөв байдалд дүн шинжилгээ хийдэг. Монголд ирэх бүртээ  ажиллагсдынхаа ажлын явц, бизнесийн хөгжилд сэтгэл ханамжтай байдаг. Манай харилцагчдын хүлээж авч буй байдал, шинээр харилцаж эхэлж буй уул уурхайн бусад компанийн хандлага зэрэг нь намайг байнга урамшуулдаг гэдгийг  хэлэх нь зүйтэй.

Харилцагчдынхаа саналыг сонсож, программ хангамжийн шийдлүүдийн ашиг тус, давуу талыг хэрхэн өөрийн үйл ажиллагааны давуу тал болгон хувиргаж байгааг нь харахыг   эрмэлздэг юм.