Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Ц.БАЯРМАГНАЙ: Нүүрсийг нойтон аргаар баяжуулах анхны үйлдвэрийг барьж байгуулснаараа бид бахархаж байна

2011 оны зургадугаар сарын 11. Өмнийн цэнхэр говь нутагт шинэ цагийн, улсдаа анхдагчид тооцогдох Нүүрс баяжуулах үйлдвэрийн хүчирхэг “мотор” аслаа.  Эх орноороо овоглосон нүүрс  дэлхийн зах зээл дээрх үнэ цэнээ  ахиулсан үйл явдлыг “Талын Монголын уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн хөгжлийн түүхэн дэх шинэ хуудас” хэмээн тодотгоё. 
“Энержи ресурс” компанийн Ухаахудаг уурхайд сүндэрлэн боссон томоохон бүтээн байгуулалтуудын нэг Нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Баярмагнайтай Г.Идэрхангай ярилцлаа.  

Монголын анхны Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орлоо. Үйлдвэрийн хүчин чадлын талаар  уншигчдад товчхон танилцуулна уу?

Монгол улсдаа нүүрсийг нойтон аргаар баяжуулж байгаа анхны үйлдвэрийг  байгуулснаараа бид бахархаж байна.  
Үйлдвэр цагт 900 тонн нүүрс хүлээж авч баяжуулах хүчин чадал бүхий гурван модулиас бүрдэнэ. Жилд  5 сая тонн  баяжуулах хүчин чадалтай эхний модуль ашиглалтад орлоо. Нэгдүгээр үйлдвэрийн туршилт тохируулгын ажлыг тавдугаар сарын 12-ноос хийж  эхэлсэн. Өнөөдрийн байдлаар /зургадугаар сарын 14/ 20 орчим мянган тонн нүүрс баяжуулчихаад байна.
Үйлдвэрийн хоёрдугаар хэсгийг энэ оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар төслийн багийнхан ажиллаж байгаа. Эхний үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулахад 20 гаруй компанийн 600 гаруй ажилтан цаг хугацаатай уралдан ажилласан. Их ажлын ард гарлаа. Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд удирдаж ажилласан, төслийн зураг төсөл боловсруулах, гэрээ хэлцэл байгуулах, тээвэр ложистик, захиалагчийн хяналтыг хийж гүйцэтгэсэн  бүх хүмүүстээ, хамтран ажиллагсдадаа хамт олныхоо өмнөөс  баярлалаа гэж  хэлье.
Баяжуулах үйлдвэрийн гуравдугаар шат  2012 онд  ашиглалтад орно. Уурхай, нүүрс баяжуулах үйлдвэр, тээвэрлэлтийн бүхий л шатанд эцсийн бүтээгдэхүүний чанарыг стандартын өндөр түвшинд байлгах, хэрэглэгчдийн хэрэгцээг хангах зорилгоор чанарын алба байгуулагдан ажиллаж байна. Үйлдвэрт үндсэн барилгаас гадна иж бүрэн лаборатори, засварын төв, халаалтын зуухны барилга, урвалжийн аж ахуй зэрэг туслах барилга байгууламжууд нэг цогц болж  баригдсанаараа онцлогтой.

Үйлдвэрийн технологийн дамжлага, баяжуулах шугамын тухай танилцуулахгүй юу?

Үйлдвэрийг Австралийн “Сежман” ХХК-ийн зураг төсөл, ерөнхий менежментээр барьж байгуулсан. Энэ компани нь Австрали улсад төвтэй Чили, Өмнөд Африк, Ази, Монголд салбартай. Сүүлийн жилүүдэд дэлхийн олон оронд нүүрс баяжуулах үйлдвэр барьж байгуулсан туршлагатай. Технологийн шийдэл гаргахаас эхлүүлээд үйлдвэрийг барьж байгуулах болон ашиглалтыг хүртэл хариуцаж, техникийн бүрэн шийдлийг санал болгодог туршлагатай компани байгаа юм.  


“Сежман” компанийн зураг төслөөр манай үйлдвэрт Минкотех, Даунер, Жэмэссон, Макланахан, ФЛ Смидш, Тошиба, Дикантер машин, Людовичи зэрэг дэлхийн шилдэг уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч брэндийн тоног төхөөрөмжүүд суурилагдсан.
Үйлдвэрт Роквэл фирмийн Сайтект автомат удирдлагын систем, Эндрэс Хаузер фирмийн хэмжих хэрэгсэл, Тайко фирмийн хаалт арматурыг хэрэглэж байгаа. Үйлдвэрийн барилга угсралтын ажилд барилгын материал, төмөр хийцийг БНХАУ-ын зах зээлээс авсан.
Технологийн шат дамжлагын хувьд үйлдвэрт уурхайгаас анхдагч нүүрсийг хүлээж аваад хоёр шатны бутлалтаар 600-200 мм,  200-50 мм болтол буталж, 1000 тоннын багтаамжтай урсгуур бункерээр дамжуулан үйлдвэрээ  тэжээдэг. Үйлдвэр нүүрсний бүхэллэгээс хамаарч гурван  үндсэн баяжуулалтын шугамтай. Үүнээс 50-1.25мм бүхэллэгтэй нүүрсийг хүндрүүлсэн орчин үүсгэж гидроциклонд, 1.25-0.25мм бүхэллэгтэй нүүрсийг хүндийн хүчний ба төвөөс зугтах хүчний үйлчлэлээр мушгиа ангилуурт, 0.25мм-ýýс доош бүхэллэгтэй хэт нунтаг нүүрсийг хөвүүлэн баяжуулах шугамаар баяжуулан гаргадаг. Мөн  баяжуулсан нүүрсийг усгүйжүүлэх төхөөрөмжөөр 9-11 хувь хүртэл чийглэгтэй болтол усгүйжүүлж бүтээгдэхүүний туузан дамжуулагчаар дамжуулан нүүрсний овоолго үүсгэнэ. Үйлдвэрээс 8-10 хувь үнслэгтэй сайн чанарын коксжих нүүрс, 18-20 хувь үнслэгтэй эрчим хүчний нүүрс гэсэн хоёр төрлийн үндсэн бүтээгдэхүүн гарна.  


Баяжуулах үйлдвэрийн хаягдал нь угаагдсан эрдэс чулуулаг. Үүнийг цаашид барилгын материалын үйлдвэрлэлд түүхий эд болгон ашиглах бүрэн боломжтой. 


Ингээд бодохоор Нүүрс баяжуулах үйлд­вэр нүүрсний чанар үзүүлэлтийг дээшлүүлж, нэмүү өртөг үүсгэхээс гадна хаягдлыг нь ч дараагийн ашигтай ажил үйлчилгээнүүдэд хэрэглэх бүрэн боломж бүрдэж байгаа юм.