Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Айлчлал ба ах нарын сонирхол

-Хамтрагчаар хөршөө сонгох нь зөв үү-

Морь унасан монголчууд моодонд орох цагаар буюу долоон зууны дараа дэлхийн чихийг дахин сортойлгох боломж өнөөдрийн бидэнд олдоод байна. Унаж төрөн идээшиж дассан газрын минь хэвлий дэх баялаг биднийг ийнхүү анхаарлын төвд авчрав. Олон улсын өмнө толгойгоо гудайлгаж, зээл тусламж хүсэн тэнүүчилж явсан бид хүчирхэг энэ капиталынхаа ачаар хэдэн үедээ хормой тосохооргүй орших боломжийг бүтээх учиртай. Дэлхийд бараг үлдээгүй гэж тооцоолсон нөөц бүхий томоохон орд газруудын сургаар олон арван улс бидэнд “хайр” зарлаж, найзлах төлөвлөгөөгөө хэдийнэ боловсруулж, баталгаажуулаад зорин айсуй. Хүчирхэг гүрэн болохоо мэдрүүлж, бага буурайг маань байнга шахуу сануулдаг “асан” улсууд ч жагсаалтан дунд бий.

Бизнес уулзалтаас эхлээд төрийн дээд хэмжээний айлчлал хүртэл өргөжин, үргэлжилж буй найзлах төлөвлөгөө сүүлийн үед улам бүр хүрээгээ тэлэх ажгуу.
Урд, хойд хөрш, Энэтхэг улсын төрийн айлчлал сүүлийн үеийн жишээнүүдийн дөнгөж гурав нь. Хэзээнээс ах дүүгийн барилдлагатай Орос  гүрний төлөөлөл өнгөрөгч сард 70-аад хүний бүрэлдэхүүнтэйгээр манай улсад хоёр хоног айлчлаад буцлаа. ОХУ-ын Свердловск мужийн Амбан захирагч ноён Александр Сергеевич Мишарин улс төр, бизнесийн төлөөллөө дагуулан тавдугаар сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ажилласан юм. Мужийн Амбан захирагчийн сургаар манай хэвлэлийнхэн харин ялимгүй “үл тоож”, улс төр, бизнесийн хүрээнд өрнүүлсэн уулзалт, дотно яриаг халуун цэгээс нь мэдээлсэнгүй.

Уулзалтуудад MMJ ач холбогдол өгөхийн шалтаг гэвээс улсдаа уул уурхайн үйлдвэрлэлээр тэргүүлдэг энэ мужийн Амбан захирагч зүгээр ч нэг хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлэхийн төлөө манай оронд үдлээд буцах учиргүйд оршино. Одоогоос яг жилийн өмнө ОХУ-ын Ерөнхий сайдын хувиар Монгол оронд айлчилж, энэ завшааныг далимдуулж Тавантолгойд хөрөнгө оруулахаар саналаа өгсөн хийгээд бусад салбарт манайтай хамтарч байгаа үндэсний компаниуддаа баталгаа өгөөд буцсан B.Путины үйлсийг өртөөлөх үүрэг А.С.Мишарины айлчлалыг дагалдах учиртай. Свердловск бол ОХУ-даа уул уурхайн салбарт тэргүүлэгч муж бөгөөд энэ чиглэлийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх туршлагаараа мөн л номер нэг гэж тооцогддог.

Эдийн засаг, хүн амын өсөлтөөрөө бусад мужаас толгой цохидгийн хүчин зүйл нь уул уурхайн үйлдвэрлэлийн эрчимтэй хөгжил гэж үздэг. Өдгөө 4.4 сая гаруй хүн амтай, засаг захиргааны төв нь Екатеринбург хот, Орос нутгийн 194800 хавтгай дөрвөлжин километр газрыг эзлэн оршдог. Уралын холбооны тойрог болон Уралын эдийн засгийн бүсэд ордог. Уралын төмөрлөгийн үйлдвэрлэлээр ОХУ-даа дээгүүр байрт ордог хүнд үйлдвэрлэлийн төвлөрсөн суурин. Мужийн хэмжээнд зөвхөн уул уурхайн мэргэжилтэн бэлтгэх 20 орчим их, дээд сургуультай. Манай олон зуун сэхээтэн Уралын их, дээд сургуулийн “бүтээгдэхүүн” гэдгийг бид андахгүй. Ноён А.С.Мишариныг УИХ-ын дэд дарга Н.Энхболд хүлээн авч уулзах үед байлцсан УИХ-ын гишүүн З.Энхболд, Б.Чойжилсүрэн нар Уралын Политехникийн дээд сургуулийн  төгсөгч төдийгүй Д.Энхбат, Ц.Цэнгэл нарын гишүүд ч Свердловск мужид боловсрол эзэмшсэнийг уулзалтын үеэр ярилцаж байлаа.


Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.