Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Стратегийн айлчлалууд

Зургадугаар сар стратегийн мөчлөг байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ, АНУ-д цөөхөн хоногийн зайтай айлчилж, Ерөнхий сайд БНХАУ-д хэлэлцээрүүд үзэглэв. Гурвууланг нь Монголын удирдагчид “стратегийн түнш” хэмээн онцлов. “Сайн хөрш, гурав дахь хөрш” хэмээн гурван их гүрнийг Монголдоо ойртуулан дотносох эрмэлзлээ манай тал илэрхийлжээ. ОХУ, БНХАУ, АНУ-ын компаниудыг Тавантолгой ордын олон улсын тендерт шалгаруулан, нэгдсэн Консорциум үүсгэх магадлал ч өндөр байна.
    Энэхүү стратегийн айлчлалууд нь манай улсын гадаад бодлого, тухайлбал эдийн засаг дээр тулгуурласан гадаад хамтын ажиллагааны шинэ суурийг бүрдүүлэх юм. ОХУ, БНХАУ ба АНУ-ын талтай гаргасан хамтарсан Мэдэгдэл тус бүрт “Эдийн засгийн харилцаагаа эрчимжүүлэх“ гэсэн ижилхэн өгүүлбэр багтжээ. Харин Монголтой эдийн засгийн харилцааг хэрхэн хөгжүүлэх тухайд гурван улс гурван өөр тактиктай байна.

ОХУ

Засгийн газрын тэргүүн В.Путиний халаасны Захирлууд  Монголтой хамтарсан үйлдвэр аж ахуйг удирддаг. “Халаасны” гэдэг нь Владимир Владимировичийн  итгэлт хүмүүс гэсэн үг. Харин Дмитрий Медведев энэ нөхцөл байдлыг ерэн градус эргүүлчих магадлалтай болоод байна. ОХУ-ын Ерөнхийлөгч төрийн мэдлийн компаниудын хувьцаанаас татгалзах бодлогыг зарлаж эхэллээ. Түүний сонгуулийн сурталчилгаа үүгээр эхэлж байгаа юм. Төрийн оролцоо  давамгайлсан эдийн засгийг чөлөөлж, жинхэнэ капитализм мандуулах, улмаар гадаадын хөрөнгө оруулалтыг Оросын уудам талд татах шинэ бодлогоороо тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуулийн кампаниа эхлүүлжээ. Зэргэцээд орон нутгийн “хамжлагат ёсыг” халж, нутгийн өөрөө удирдах засаг захиргаанд мөнгөний эрх мэдэл өгөхөөр шамдаж байна. Нэг үгээр Медведев Оросыг төрийн дэглэмээс чөлөөлнө. Гэхдээ үлэмж биет Орос чөлөөлөгдөхөөрөө үр дагавар нь ямар байхыг хэлж мэдэхгүй. Ямар ч байсан Медведевийн шинэ бодлого сонгогчдын саналыг татах өндөр магадлалтай.
Монголтой хамтарсан хуучин ба шинэхэн байгуулагдсан аж ахуйнууд бүгд Оросын төрийн мэдлийн өмчлөлтэй. Оросын төмөр замын нэгдэл, РосАтом, Ростехнологий компанийг Путиний талын Захирлууд удирддаг. Тэд Монголтой хамтарсан “Улаанбаатар төмөр зам”, “Дэд бүтцийн хөгжил”, “Дорнод Óран” компани байгуулсан. Орос оронд өрнөж буй шинэчлэлийн салхин дор эдгээр компани нь төрд хамаагүй болж,  хувьд шилжих нь дамжиггүй. Монголчууд стратегийн сүйт хархүүгийнхээ цаадах наадахыг шинжихээс аргагүй ээ гэсэн үг. Ширүүн залуутай сууж магадгүй. Орос хархүү сүй тавихаасаа өмнө баахан гомдол мэдүүлснийг манай уншигчид Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалын дараа анзаарсан биз ээ.

Хятад

Оросуудын зөвшөөрөөгүйг Хятадаас Ерөнхий сайд гуйв. Нефть  олборлох, боловсруулах, нийлүүлэх  ажилд урт хугацаанд Хятадтай хамтран ажиллах саналыг С.Батболд тавив. Хятадууд мэдээж зөвшөөрч, дээр нь 500 сая ам. долларын хөнгөлөлттэй зээл, бас буцалтгүй тусламж өгөх болжээ. Яншаний нефть боловсруулах үйлдвэртэй Ерөнхий сайд танилцахын сацуу төмөр замын шинэ урсгал нээх, хилийн боомт ашиглалтыг сайжруулах тухайд төвөггүй тохиролцжээ. Хятадын хөрөнгө оруулалт 55 хувьд хүрч, нийт импортынхоо 30.1 хувийг монголчууд өмнөд хөршөөс авч, экспортынхоо 84.4 хувийг мөн тийш гаргасаар байна. Манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Хятадын хүчин зүйлийг анх удаа ил тод хүлээн зөвшөөрч, “Өмнөд хөршийн эдийн засаг Монгол улсад боломж нээж байна” хэмээн мэдэгджээ. Урьд нь Хятадын “тоос сорогчноос” болгоомжлох хандлага манай удирдагчдад түлхүү байсан бол одоо тус улстай “стратегийн түншлэлийн түвшинд харилцах болсноо” айлгүйгээр зарлав. Орос хархүүгийн ширүүн харцан дор ийнхүү хятад маягийн “зөөлөн идэх” занганд орж байна уу гэлтэй.
АНУ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-д айлчлал хийхдээ хамаагүй дарамт бага, сэтгэл тэнэгэр явсан буй за. Тэнд түүнийг “Азийн эрх чөлөөний бэлгэ тэмдгийн” адилаар тосон авч, газар сайгүй найрсаг хүндэтгэл үзүүлжээ. Энэ бол улс төрийн агуулгатай айлчлал болсон юм. Манай Ерөнхийлөгч “ Монгол орны нүүрс болон бусад эрдэс баялаг, дэд бүтэц, хөдөө аж ахуй,  эрчим хүч, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд АНУ-ын компаниудын гүйцэтгэх үүрэг чухал бөгөөд тэдгээрийн олон улсад тэргүүлэх менежмент, уул уурхайн салбар дахь техникийн аюулгүй байдал, байгаль орчинд ээлтэй дадлага туршлагыг өндөр үнэлдгээ” илэрхийлснээр айлчлалын эдийн засгийн агуулга ерөнхийдөө хязгаарлагдана.  Америкийн тал Боинг компанийнхаа эрх ашгийг хамгаалж байгаагаа ерөнхийд нь ойлгуулаад, МИАТ-тай сайхан түншлэхийг ерөөгөөд, өөр олон янзын дарамт шахалт гэх зүйлийг Монголын удирдагчид мэдээж үзүүлээгүй.

Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ийн ¹007 дугаараас уншина уу.